Б.Лхагвасүрэн: Сая таван зуун “хүн-хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн Мэргэжлийн засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны тайланд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн ийм нэгэн захидлыг хүргүүлжээ.
Энэ үгийг би өөртөө ч хэлэв, хүнд ч хэлэв.
Нэгэн зүйл. Монголын ард түмэн Монгол төрийн ажнай хүлэгт та бүхнийг сүндэлж, дөрөөнд чинь итгэлийн сүү дусааж өгөөд, бага биш, их биш хугацааг өнгөрөөлөө… Ард түмэн та нарыг илүү сайн гээгүй юмаа гэхэд ингэж нэг сонгоё гэж сэтгэл, итгэлийн мухраа төнхсөн… Цөхрөх, ядахын цагтаа ард түмэн төрөө ингэж нэг тэмтэрдэг юм гэнэ лээ…
“Чанга дуутай тахианы өндөг жижигхэн байдаг” гэдэг шиг миний бие, “жижигхэн” л юм та нартаа бичиж сууна даа! “Зөнөсөн нохойн улилт” хэмээн болгоох ажаамуу…
100 хоног гэж та нар нэг хэмжээ ярих болж… Энэ сунгаж хэлвэл жилийн дөрөвний нэг л дээ! Жил гэдэг 365.25 хоног гэдэг нь хэвээрээ л байгаа даа?
“Өлөн” эдийн засагтай болчихсон байдалд байтлаа өргөс авчих шиг болох юм шиг горьдсон түмний яарсан гэнэн сиймхий, хурд ихтэй, сайтар бодож боловсруулсан нухацтай судалгаагуй, он цагаа бага мэдэрсэн, бүтэх төсөөллийн, найдвар бага суурь боломжоо тооцоогүй, мөрийн хөтөлбөрөөсөө шаптгаалж зуу хоногийн ажлын үр дүн чинь тааруухан гарч, хүсэлт, хүлээлт, итгэлийг нимгэлэв.
Ард түмэн хэдийнэ залхсан томилгоо халалт, хомроглолоос ой нь гутаж, та нар албан тушаалын донтнуудад өгөх “зэд”-ийн ажилдаа түүртэв бололтой… Ард түмний дургүй болсон, үзэн ядах болсон үйлдлүүдийг “сайхан” давтлаа… Хуучин, орхих ёстой буруу бүхэн, хазгай мурий нь эргэж давтагдах юутай эгдүүцэлтэй гэж санана!!!
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрөлжсөн хүртээмж хамаарал их хөтөлбөр байсныг үгүйсгэх аргагүй…
Энэ нь их ч үнэмшлийг дагуулсан. Гэхдээ дотор нь байгаагаас нь нэгэн шальдир жишээ татахад: элэгний С, В вирусыг бүрэн устгана гэсэн заалт буй. Дөрвөн жилд, тэгээд дэлхийн анагаах ухаан бүрэн устгаж чадахгүй, төдөж байгаа зүйлийг шийднэ гэдэг арай дэврүүдэж хэтийдсэн байгаа биз дээ! Энэ ч яахав. Үнэмших нь үнэмшээд, мушийх нь мушийгаад өнгөрч… Сонгогчдын хойшдын сонголтонд болгоомж нэмэх гэж л дурдсан хэрэг… Бас хөх инээдтэй зүйл…
Нэгэн зүйл. Энэ зуу хоногт тэтгэмж, тэтгэлгийн заримыг зогсоох гэсэн хэрэг мандав. Эдийн засаг хүнд байгаа үед танах хасах зүйл гарна л даа! Тэр тухайгаа мэдээлэл үндэстэй зөв зүйтэй учирлал тайлбарыг ард түмэнд өгөх ёстой байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь нэгийгээ үхэхийг хүлээх, үхсэн хүний яс өндөлзөх тухай яриад сууж байх юм. Аминдаа тэд бид хасаж байгаа биш, ард түмэн өөрсдөө хасах санал тавьсан болгох гэж мунгинаж байгаа нь тэр… Ёр билэгтэй ард түмний сэжиг хүрч үхмээр юм ярих юм…
Монгол хүн өнгөрснийхөө тэтгэврийг үлдсэн нь авахдаа
– Төр минь үгүйг нөхөж, үлдсэнийг нь ивээлээ.. гэж залбирч хүртэх ард түмэн… Муу хэлэгдээд байдаг социализмын үед тэтгэлгийн ийм хэлбэр байсан шүү!
Нэгийгээ үхээсэй! Тэтгэвэр авна… гэж үхэл отож суух тийм сэтгэл монгол хүнд даанч байхгүй! Элэг бүтэн байх мөнгөнөөс үнэтэй гэдгийг дэндүү мэддэг ард түмэн. Ер нь монголчуудын оюун сэтгэлгээний хурд, ухаан тунгалаг өгөгдөл нь бүх хүн төрөлхтөнөөс бүтэн улирлаар түрүүнд нь юм шүү!!! Өөдлөхөөрөө өгнөө! гэсэн өр өглөг хүнд ч, улс оронд ч байдаг юм шүү!… Харин та нарын өнөөдрийн үг, үйлдлийг “хараад” эртний их төрт ёсны “яс” нь өндөлзөж байна…
Нэгэн зүйл. Энэ зуу хоногт Эрдэнэтийн 49 хувь гэсэн хэрэг мандав. Энэ тухай хэлэлцэж байгаа мэдээллээс харахад, сонсоход: “шударга үнэн”ямар их “шоовдор” болсийм бэ? Ц.Нямдорж шиг “өргөс” алгаа! Нэг намын нөхөр нь – энэ нөхөр ингэж яриад УИХ-д улиран сууж, албан тушаал авдаг… хүн гээд хэлээд сууж байх юм. Ц.Нямдорж ийм үгэнд зохих хүн биш!
Ц.Нямдоржийн хүнийг нь бүтэн, бодож санаж явдгийн нь хагасыг мэднээ, би… Та нарын адил ард түмнийхээ хүндэтгэлийг хүртэх цаг тохиож, УИХ-д дөрвөн жил би Нямдоржтой нэг ширээнд тохой нийлж суусан даа!
Өнгөрсөн 24 жилийн туршид, Нямдоржийг төр, түмэн хоёрт хувирч байхыг нь үзсэнгүй. Миний өнцөг энэ! Аливааг өөр өөрийн өнцгөөс харах гэдэг нь оюуны үнэлгээний болон сэтгэлгээний “эрх чөлөө” байх л даа!
Эрдэнэтийн асуудалд Ц.Нямдоржийг би зөв байр суурин дээр зогсож байна гэж нотод бодож байна… Ц.Нямдоржийг хүндэтгэж хайрладаг, мөн чанар, хүн чанарыг нь мэддэг, өнгөрсөн он цагуудад ямар байсны нь гэрч, гурван саяа байг гэхэд сая таван зуун “хүн-хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!
Эрдэнэтийн 49 хувийг авсан хуйвалдаан “далд гишүүнчлэл” нилээдтэй байх! Эцсийн эцэст энэ үйлийн эзэд нь тухайн орныхоо, төр ёс хууль журмыг огоорсон, үл хүндэтгэсэн, хоёр орны хоёр аж ахуйн нэгжийн эртнээс үгсэн луйвардсан том хулгай л юм байна гэж мунхаглан бодлоо… УИХ-ын зөвшилцөл, шийдвэр аваагүй атлаа Монгол Улсын Засгийн газар толгой мэдэн биечлэн оролцдог нь юун болох? Энэ чинь төрт ёсны эрэмбэ мөн үү?
Эрдэнэт – Монгол Улс, Монгол түмэн баян байг! гэж өгсөн мөнх тэнгэрийн хишиг шүү!
Нэгэн зүйл. Монголын төрт ёсны журам жудаг, соёл гэж хэдэн зуун жилээр та нар байтугай нь зөрчиж байгаагүй өндөр ёс амьд байгаа… Апиваа юмыг ярьж хэлэлцэж байхдаа ойрын жилүүдийн УИХ-ын гишүүдэд овлиго, хүндэтгэл, харьцааны соёл тааруухан харагдах боллоо. УИХ-ын гишүүн болуут хамарт нь “лууны баас” түрхсэн юм шиг ярвайна. Эсвэл хэт энгийн байх гэж далжиганана. Энэ хоёрын аль нь ч төрийн хүний гоёл биш ээ.
Шүдээ үйрүүлж, нүдээ унагачих гээд байгаа юм шиг байх юм… Буруу хэлсэн үг, эвгүй зангаа дохио хүртэл уул хүнийг хичнээн их бүдэг болгодтойг анзааралтай…
Үнэн зөвийг хэлж байвал хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрөх тэнхээтэй байх ёстой. Олонхи дандаа зөвийг, цөөнх дандаа бурууг, олонхи дандаа бурууг, цөөнх дандаа зөвийг гээд түлхэлцээд байвал эвт сэтгэл, зөв зүйг хэзээ ч олохгүй! Энэ чинь Монголын төлөө үл нэгдсэн урвалт, гэмт хэрэг… Хүний бодол шиг чинадын юм гэж орчлонд үгүй!…
Үнэн худал, цуурхал золбин яриа, өөрийн үүссэн орон зайтай байдаг… Тэр тийм болох гээд, тэх гээд, тэрнийг авах гээд гэсэн үйлдлийг бие биендээ тулгах, таамаглалаа яриа хэлэндээ цухалзуулах дуртай юм… Энэ чинь хүмүүсийн ам дамжсан чимэг нэмэгдээд, тэнгэрт хадаж, тэнэж золбинширох нь язгуур үнэнийг үгүйсгэхэд хүрдэг.
Яригдаж байгаа сэдэв агуулгыг, бодлогын чинадыг ойлгоогүй байж өөр хөндлөн юм яриад байх гишүүн байх юм… Мунхагийн дуугай нь үзэмжтэй гэдэгдээ!
Зарим тохиолд та бүхэн бодоогүй хэлсэн үг, бусдын бодлыг таамагласнаа хэлснээсээ болоод зөрчилдөөд байх шиг байх юм… Ард түмний бодол санаа, амьдрал байдлыг хүртэл үзэж мэдрээгүй байж тааж, худлаа үнэн ярина. Хараагүй мэдрээгүй байж хардаг мэдэрдэг ийм л шидтэй болчихсон юм бол “Зөн билгийн тулаан”-д орцгоовол УИХ-д байснаасаа илүү амжилт олох юм биш биз дээ!…
Нэгэн зүйл. Энэ зуун хоногт УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг авсан тухай яриа дуулиан мандав. Мэдээллийн хэрэгслээр харахад гишүүдийн өгсөн мэдүүлэгт үнэмших хариулт даанч цөөхөн. Уг нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өмнөх мэдээлэл бололтой юм… Тавьсан өрөө хэд дахин төлж чадах хадгаламжтай атлаа өрөө төлчихөөгүй гишүүн байх юм. Өрөө төлчихөөд үлдсэн мөнгөө л хадгалж болдоггүй юм бол уу? Даанч дээ!
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ олон гишүүн байргүй гэж мэдүүлжээ… “Хөөрхий” минь. Хотын нэгэн өндөр настан эмэгтэй гуйлга түүлгэ хийж, сэтгэлээ шатааж явж, гэр оронгүй ядууст, гэр барьж өгч яваа нэгэн сайхан буянтан буй… Та нар байргүй юм чинь тэндээс гэр очиж ав л даа! Ядахдаа одоо өвөл боллоо шүү дээ! Авлигатай тэмцэх газраа тохуурхаад байгаа юм уу? Ард түмнээ тохуурхаад байгаа юмуу?
Өгсөн авсан мэдүүлэгт үнэмшлийн үртэс ч алгаа! Саяхны дээд албан томилгоонд хамгийн мэргэжлийн томилгоо гэж ард түмэн үздэг ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилын байхгүй өрийг байлгаж, байргүй гэж мэдээллэчихээд, сүүлд нь байрны “1” гэсэн тоог нь харалгүй байргүй гэж зарласнаа уучлаарай! Техникийн алдаа болжээ… гэж байх юм.
Үгийн шарх, мэсний шарх хоёр адилхан шүү дээ! Бидний монголчууд өнгөтэй өөдтэй яваа хүмүүстээ сүүдэр тусгахаас эмээдэг заншилтай Тэгэхээр бидэнд “хатуу үнэн” хаана хаанаа хэрэгтэй байна…Бас Авлигатай тэмцэх газар аливаад үнэн мөнөөр хандах нь тааруу юм байна даа! гэсэн урам хугарсан сэтгэгдэл төрүүлж байна. Мэдүүлэгт энэ худлаа даа! гэж бодохоор юм олон байна. Худлаа нь авсан, өгсөн алиндаа юм бол оо?
Нэгэнзүйл. Монгол Улсын Их хурлын нээлтэнд эрхэм гишүүн Жавхлан ташууртай орж ирлээ… Монгол хүн айлд ташууртайгаа ордоггүй, Төрийн ордондоо битгий хэл!
Зөвхөн ганц хувцас, эд өлгийн уламжлалаар төр барилцдагтүй юм… Их ухаан, чин шударга сэтгэлээр төр түшилцдэг… Заншил, ёс жудаг хааяа хуулиас “том” болох тохиол байдаг… Өнөө нэг жирийн хүнийг бол жинсэн хувцастай бол оруулдаггүй Төрийн ордны харуулын алба хаачив? Уруудахын цагт ингэж үүд, хоймор ялгаагүй болдог доо! Хэлбэрдэх гэдэг ухаан сэтгэлгээний угаадас шүү. Монголчуудын сул аман хэлцэд “…Гэрт чинь ташууртайгаа Гэдсэнд чинь хутгатайгаа” гэсэн сэжиг хүрмээр занал зүхлийн үг байдаг… Энэ үг санагдсан байх! Ард түмэн чамд их зэвүүцсэн…
Нэгэн зүйл. Социализмын үед намуудаас сонгодог сонгууль гэж байгаагүй. Ардын их хурлыг сонгодог байсан. Нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшигч гэж бичдэг байлаа. Парламентаа сонгож байна гэсэн үг. Богд хаант Монгол Улсын үед дээд, доод танхимтай, дээд хуралтай байсан гэдэг. Энэ чинь парламент биз дээ! Түүхээс тэмтэрвэл хүн төрөлхтөний түүхийн анхны парламентыг монголчууд буй болгож байсан.
Аль эртний Хүннү улс, Чингисийн үеийн “Их хуралдай” гээд бод доо! Ромын эзэнт улсын сенат, Монголын “Их хуралдай” хоёрын аль нь анхдагч болохыг түүх гэрчилнэ. Ямар ч байсан монголчууд дэлхийд төрт ёсны хичээлийг анх заасан агуу ард түмэн! Ингээд бодохоор та нар минь ямар баймаар байна даа! гэсэн асуултаар энэ захидлаа өндөрлөв. Би захидалдаа Өндөг бүргэд болдог”-ийг санаж, хамгийн жижиг зүйлүүдийг бичиж, та нарын өмнө алдас хийсэн байх буй!
Өнгөрсөн он жилүүдэд удаа дараагийн гишүүд маань мөнгө тоолоод, тоо сурчихлаа… Одоо та нар минь ухааны цагаан толгойг үсэглэж, ном уншиж сур!
Төрийн сүлд өршөө!
Иргэн Бавуугийн Лхагвасүрэн

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …