Н.Лүндэндорж: Бусад эрх мэдэл шүүхийг халамжилвал иргэдийн итгэл суларна

1478482799_001

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2016.11.04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонссоноос гадна орон нутгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. 27 мянган хүн амтай Мандал сумын “Мөнгөн хараа” чуулгын байранд 500 иргэдтэй хийсэн уулзалтдаа профессор Н.Лүндэндорж МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, түүний хэрэгжилт, ололт амжилт, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй ярьж, шүүхийн талаархи иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өгөв. Уулзалтын дараа тус сумын “Мандал” телевиз болон МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагт өгсөн түүний ярилцлагаас товчлон хүргэж байна.

1478482828_002

Та хөдөө орон нутгийн шүүхүүдэд ажиллаж, иргэдтэй уулзалт хийж Монгол орноо бараг тойрчээ. Энэ удаагийн томилолтын онцлог юу байв? Иргэд таньд ямар санал шүүмж уламжилж байна вэ?

– Өнөөдөр би Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай уулзахаас гадна иргэдтэй уулзалт хийлээ. Мандал сум зарим аймгийн төвөөс олон хүн амтай, том сум байдаг юм байна. Сум дундын шүүх нь 13 багийн 41 мянган иргэдийг хамаарч, шүүн таслах ажиллагааг явуулдаг учраас би зорьж ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг үзэж, шүүхийн шинэтгэл яагаад нийгмийн үнэт зүйл, амин чухал үйл явц болохыг иргэдэд тайлбарлан таниуллаа. 500 иргэн энэ танхимд цуглаж нэгдүгээрт, шүүхийн шинэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч байна, улам цааш нь үргэлжлүүлээрэй, гүнзгийрүүлээрэй гэж санал бодлоо илэрхийлж байна. Хоёрдугаарт, шүүхийн шинэтгэлийг цаашид цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг хуулийн бусад байгууллагуудыг цогцоор хамруулж, хуулийн шинэчлэлтэй нь хамт хийхгүй байгаагаас шүүхийн шинэтгэл саарах, доголдох байдал руу орж байна шүү гэдгийг иргэд ил тод хэлж байгаа нь зөв зүйтэй асуудал юм. Үүнээс гадна иргэд шүүхийн шинэтгэлийг хийхдээ олон талаас нь эргэж хараарай. Зарим засмаар зүйлүүд байна шүү гэдгийг хэлж байгаа нь бидний ажилд олзуурхан хүлээж авууштай санал болж байна. Жишээлбэл, шүүгч хэн болох вэ гэдэгт шүүгчийн туслахуудыгаа шүүгч болох эрхийг нь хуулиар хаасан байна. Зөвхөн өмгөөлөгч, прокурор хоёр шүүгчийн сонгон шалгаруулалтанд орох эрхтэй байгаа нь явцуу болжээ гэж бодууштай санал хэллээ.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчид, ажилтнуудын тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлт юу байв?

– Шүүгч, ажилтнууд “Шүүхийн шинэтгэлийг цаашид хийхэд нэг том дарамт бол эдийн засгийн хямрал, түүнтэй холбоотой төсвийн хомсдол болж байгаа юм биш үү. Цалин хангамж, бензин шатахууны зардал багасаж байгаатай холбогдуулаад шүүх эрх мэдлийн хүний нөөцийн чадавх сулрах хандлага бий болох нь” гэсэн болгоомжлолуудыг хэлж байна. Нэгэнт Монгол улсын эдийн засаг хүнд хэцүү байгаа нөхцөлд шүүх гэсэн энэ “айл” бүхэл бүтэн эрх мэдэл гэдгээрээ далайлгаж, тансаг орчинтой байх ёстой, илүү төсөв авах хэрэгтэй гэж хандмааргүй байна. Хүнд хэцүү цаг үеийг бид ойлгож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг багасгаж байгаа тухайд та юу хэлэхсэн бол?

– Хууль тогтоогч нар бусад яам, тамгын газрын зардлыг хасахгүйгээр манай ажлын албаны төсвийг хоёр дахин багасгаж байгааг би нэг их буруушаахгүй байгаа. Ер нь шүүхийг бусад хоёр эрх мэдэл халамжлаад л, илүү төсөв өгөөд л, харж хандаад байх юм бол шүүхэд итгэх иргэдийн итгэл суларна. Хань хамсаатнаа л хүн дандаа харж үзэж байдаг болохоос харилцан хяналт тавьдаг хянагчийгаа тэр бүр дэмжээд байдаггүй. Тэгэхээр энэ УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг би шүүх иргэд, олон нийтэд зөв харагдаж байгаа юм байна, шүүх бие даасан юм байна, хараат бус болсон юм байна гэдэг талаас нь хараасай гэж хүсч байна. Шүүхийн төсвийг хасчихлаа, хяначихлаа, бид хэцүүдлээ гэж битгий бод, та нар хараат бус ажиллаж чадаж байгаагийн чинь илрэл гэж эерэг талаас нь эдийн засгийн хүнд нөхцөлд цайруулж бодоорой гэж шүүгч, ажилтнууддаа би захисан.

Шүүхийн шинэтгэлээр иргэдийн итгэл эрс дээшилсэн гэдгийг уулзалтаар хэлж байна. Монголын бүх шүүхээр тойроод, иргэдтэй уулзаж байгаагийн хувьд бусад газруудад хандлага ямар байна вэ?

– Монгол улсын бүх аймгуудаар яваад иргэдтэй уулзахад энэ нь давтагдаж байна. Намайг анх 2013 онд зүүн аймгуудаар явахад ер нь шүүгч болдоггүй, тэгээд болдоггүй гэсэн дуу хоолой гарч байсан бол сүүлийн жилүүдэд шүүх өөрчлөгдсөн байна, мэдэрч байна, орон нутагт хууль зөрчиж ажил төрлөөс хоморголон халдаг шахдаг явдлыг шүүх шударгаар шийдвэрлэдэг болсон байна гэж хэлж байгаа. Шүүх шинэчлэгдэж байгаа тухайд иргэд эргэлзэхээ больсон байна. Шүүхийн шинэтгэл иргэдэд хүрчээ. Өнөөдөр Мандал сумын иргэдийн хэлдэг шиг цагдаагийн байгууллагаа, шийдвэр гүйцэтгэлээ, прокурорын байгууллагаа, хуулиа шинэчлээч гэдэг санал бараг бүх аймгуудад давтагдаж байгаа. Тийм учраас энэ бол нийтлэг асуудал болжээ. Үүнийг Монголын төр засаг цаашдаа анхаарах ёстой асуудал байна. Энэ нь олон нийтийн дуу хоолой болж, давтагдаж эхэлж байна.

 

 

Шүүхийн хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …