Бидний нүдэнд үзэгдэхгүй эрүүл ахуйн асуудал хэр их байдаг вэ. Энэ удаад бид далд байдаг цэвэр усны нөөцийн савны тухай өгүүлнэ.
Томоохон барилга байгууламж цэвэр усны нөөцийн савыг заавал байршуулсан байх ёстой байдаг юм байна. Төвөөс шугам сүлжээгээр ирж байгаа цэвэр усыг шугамнаас нь айл айлруу шууд оруулахгүй байх ёстой байдаг ба аюулгүйн талаасаа ч, эрүүл ахуйн талаасаа ч заавал усны нөөцийн саваар дамжих ёстой гэнэ. Гэтэл манай барилга барьж ашиглалтанд оруулж байгаа компаниуд хуванцар савыг сонгон байршуулах нь элбэг. Тэрхүү хуванцар саванд нь хөгц, мөөгөнцөр үүсдэг нь олон улсын шинжилгээгээр илэрсэн тухай мэдээлэл их байдаг. Харин манай орон сууцны иргэд тухайн байшиндаа хаана нь юу байдаг, өөрийнх нь эрүүл ахуйд яаж нөлөөлж байгааг тэр бүр анзаардаггүй, анхаардаггүй.
Гэтэл хямд төсрийг нь харан мэдлэггүй, мэдээлэлгүйдээ ийнхүү эрүүл мэндэд муугаар нөлөөлөх сонголтыг хийсэн байхад бид мэдэхгүй өнгөрөх тохиолдол их байна. Энэ мэт өдөр тутмын амьдралдаа биднээс шалтгаалахгүй эрүүл мэндээрээ хохирогч болж байгаа иргэд зөндөө.
Хүнсний зориулалттай зүйлсийг заавал нерж гэх төмөр саванд хадгалах ёстой /дэлхийд танигдсан хамгийн аюулгүй хүнсэнд хэрэглэх ёстой материал/ бөгөөд бидний хамгийн ойроос харж болох нерж бол халбага, сэрээ юм. Ямар ч химийн урвалд ордоггүй, бохирдол үүсдэггүй, бат бөх, стандартын шаардлага хангасан материалтай нержийг хэрэглэх ёстой гэнэ. Гэтэл манай сум хороодын сургууль цэцэрлэгийн гуанз хуванцар савтай түүндээ хүүхдийн хоол хийж өгсөөр байна. Нэг үгээр хүүхдүүдийг “чимээгүйгээр, аажимаар алж” байна гэсэн үг.
Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд шаардлага тавьсан ч хэн, хаана, хэрхэн биелүүлдэг бол? Үдийн цай хөтөлбөрийн хоол агуулах, зөөх сав нь олон улсын стандартыг хэр мөрддөг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бол нэг л жишээ. Энэ мэт ахмадын асрах, эмнэлэгүүд, хүүхдэд үйлчилж буй газрууд, ресторан гуанзууд, хорих анги, шинэ тутам баригдаж байгаа барилгууд гээд хаана ч зөв сав байх ёстой. Гэхдээ дээрх газруудад бүрэн байж чадаж байгаа юу гэвэл эргэлзээтэй.
Бидэнд мэдэгдэхгүйгээр хэн, хаана зориулалтын бус саванд ус агуулж байгааг мэдэхгүй. Гэр хорооллын зөөврийн худагууд ч ялгаагүй. Дотор нь ямар саванд ус хадгалж байгааг нь мэдэхгүй ч иргэд хэрэглэсээр л байгаа. Иргэд хуванцар савнаас хуванцар саваараа ус зөөж, гэртээ ч хуванцар савандаа ус хадгалж, урд нь гал түлж /алсуураа халааж, химийн бодис нь улам дэгдэнэ/ хэрэглэж байгаа нь жинхэнэ “үхэлтэй, өвчинтэй” амьдрах эхлэл нь. Үүнийг л бид зориулалтын болгох цаг нь ирээд байна.
Ус хадгалах сав яагаад ийм чухал байна гэж та гайхах байх. Ус оролцдоггүй нэг ч зүйл энэ дэлхий дээр байдаггүйн адилаар бид усгүйгээр /усны орцгүй/ нэг ч өдөр байж чадахгүй. Усыг зөв хадгалаж сурах нь эрүүл мэнддээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт.
Тиймээс зөв хадгалаж, зөв хэрэглэж, дэлхий хүлээн зөвшөөрсөн зөв технологийг /нерж/ хэрэглэх нь зүйтэй. Манайд харин ийм сонголтыг шат шатандаа хийж зөв амьдралыг хэвшүүлэх нь чухал. Хүнсний зориулалтын энэхүү материалаар хийсэн саванд ус болон хүнсээ хийж хадгалж байх нь чухал байна. Үүнийг ойлгоогүй дарга удирдлагуудын буруу шийдвэрээр иргэд хохирогч болсоор байх уу. Бид өөрийн мэдэлгүй хохирогч болсоор байна.
Б.Саран