А.Бакей: УИХ хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна

 УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй цаг үеийн байдлаар ярилцлаа.

 –УИХ-ын чуулган завсарлаж гишүүд ерөнхийдөө амралтын байдалтай байсан таны хувьд энэ хугацааг хэрхэн өнгөрүүлэв. Тойрогтоо очиж ажилласан уу?

-Өнгөрсөн хаврын чуулган зургаа дахь удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнө хэсэг завсарласан. Энэ үеэр тойрогтоо ажилласан. Ингэх­дээ үүргийн дагуу УИХ-аас баталсан хууль тогтоомжыг танилцуулан, тэдний санаа бодлыг сонсч зарим нэг зүйл­сийг хийж амжуулсан. Харин чуулган завсарласнаас хойш тойрогтоо хараахан очиж ам­жаагүй байна. Гэхдээ саяхан Баян-Өлгий аймгийн удирд­лагуудтай хамт хил залгаа оршдог БНХАУ-ын Шинжаан уйгарын өөртөө засах орны Алтай аймагт очиж хамтран ажиллах талаар ярилцаад ирсэн.

-Ямар салбаруудад хамтран ажиллах гэж байна?

-Хөрш зэргэлдээ болохоор тээвэр, боомт орчмын замыг сайжруулах мөн хил орчмын худалдааг өргөжүүлэх зэрэг ажлуудыг хэлэлцсэн. Түүнчлэн Алтай аймгийн нэгдсэн ардын уламжлалт эмнэлэгийн дэр­гэдэх сургалтын төвд Баян-Өлгий аймгийн төвийн эм­нэлэгийн тодорхой тооны эмч, сувилагчдыг богино хуга­цааны мэргэшүүлэх сур­галтад суулгах асуудлыг ч  ярилцаж тохирсон.

-Манай улсын аль шатны дарга нар гадаадад ажиллаад ирэхээрээ бүтээн байгуулалтыг нь бишрээд ирдэг. Тэндээс нэвтрүүлээд авчих туршлага юу байна? 

-Ярилцаж шийдсэн асуу­дал бий. Алтай аймгийн­хантай хамтран тэдний туршлагаар Баян-Өлгий ай­магт мод үржүүлгийн тал­бай байгуулахаар болсон. Гэхдээ бид үүнийгээ байнгын арчилгаатай байлгаж цаашид бүтэн ой байгуулах тухай ярилцаж байна. Мэдээж маш ойр байрладаг хоёр аймаг болохоор байгаль цаг уурын хувьд их ойролцоо. Тиймээс мал аж ахуйн салбарт ч хамтрах талаар хэлэлцсэн.

-Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлж хөгжүүлнэ гэж ойлгож болох уу?

-Манай аймгийн хувьд мал үржүүлгийн асуудал бараг 90-ээд оноос хойш зогсонги байдалд орсон гэж хэлэхэд болно. Айл бүр өөрийн сүргээс хуц тавих, эсвэл нутгийн нэг айлаас хуц тавих зэргээр аргалдаг байсан.

Энэ нь ганц Баян-Өлгий аймагт ч биш нийт улс даяар гээд хэлчихэж болно. Тиймээс бид Алтай аймгийн ууцан сүүлт гэх үүлдрийн хонийг нутагшуулахаар болсон. Бид­ний нутагшуулах гэж буй хонины өгөх ашиг шим нь одоо байгаа хониноос даруй 60-70 хувь илүү байгаа. Мах, сүү, биеийн хэмжээ гээд харахад л хавь илүү. Тиймээс аймагтаа нутаг­­­­шуулж үүлдрийг нь сайж­руу­лахаар ажиллаж байна. Энэ дагуу холбогдох хууль тогтоомжийн асуудлыг үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд тавиад байгаа. Энэ нь ерөнхийдөө цаашид орон нутгийн мал аж ахуйг сайжруулах үүднээс хийгдэж буй ажил юм.

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Зорилтоо биелүүлж чадах болов уу?

-Эдийн засаг маш олон зүйлээс шалтгаалдаг амьд механизм гэж хэлж болно. Үүний маань ямар нэг зүйл нь доголдвол эдийн засаг хямарч эхэлдэг. Өнөөдөр манай нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй байна, ялангуяа санхүүгийн байдал. Ту­хайлбал дэлхийн зах зээлд манай экспортын гол түүхий эд болох алт, нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын үнэ буурч байгаа учраас энэ нь эргээд дотоод эдийн засагт нөлөө үзүүлж байна.

Импорт болон экспорт өсөхгүй байгаа нь нөлөөлж байгаа. Энэ мэтчилэн шалт­гаанууд дотооддоо худал­даа эрхэлдэг жижиг бизнес эрх­лэгчдийн ч эдийн засагт нөлөөлж байгаа юм.

-Та сая дотоод хүчин зүйлс бас нөлөөлсөн гэлээ. Тэгвэл бид өөрсдөө ийм бай­далд орох зүйл хийсэн гэсэн үг үү?

-Дотоод хүчин зүйл гэвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэгдэх ёстой томоохон төсөл, хөтөлбөрүүд мөн Чингис бондоор санхүү­жүүлэгдэх төслүүдийн үйл ажил­лагаа тааруухан байна. Магадгүй анх төсөл боловс­руулахдаа алдаа гаргасан ч байж болох.

Тиймээс үүсээд байгаа нөх­цөл байдалд маш зөв шийд гаргаж тодорхой дүгнэлтэд хүрч,  ээлжит бус чуулганаар хэлэлцэн, УИХ-аас тогтоол гаргах ёстой.

-Судлаач болон эдийн засаг­чид Чингис бондын мөн­гийг дэмий зүйлд үрж байна. Санхүүжүүлж байгаа төслүүд нь эргэн төлөгдөх нөхцөл муу, тааруухан төлөв­лөгөө гэх юм? 

-УИХ-аас хэлэлцэж, тодор­хой тогтоол гаргаж, зөвлөл байгуулан ажиллаж байгаа. Төмөр болон автозам тавих, эрчим хүчний асуудал шийдэх болон аж үйлдвэрийн парк байгуулах нь зөв. Гэхдээ тэр мөнгөний нэгээхэн хэсгээр нь богино болон дунд хугацаанд эргэж ашгаа өгөх боломжтой жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэг­дүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийсэн бол илүү өгөөжтэй. Хамгийн чухал нь анхнаасаа энэ асуудлыг маш зөв зүйтэй шийдэх байсан юм болов уу гэж харж байна.

-УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүний албыг хашиж байна. Үүнээс болоод УИХ-ын хяналт тавих үүрэг алдагдаад байх шиг? 

-Одоогийн Засгийн газрын бүтэц өөрөө их өвөрмөц. Хоёроос бусад бүх сайд нь УИХ-ын гишүүд томилогдсон. Ингэхээр хууль тогтоох, чиг­лэл өгөх, хянах зэрэг үйл ажиллагаа олон талаар давхцаж байгаа. Үүнээсээ болоод хянах үүргээ эрх зүйн орчинд хангаж чадахгүй байна. Гэхдээ дан ганц гишүүд давхар алба хашиж байгаагаас болоогүй. Үүнд холбогдох байнгын хороод болон УИХ-ын гишүүд цаашид чиглэл чиглэлээрээ ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

images (1)

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …