Монголын ард түмнээс завшсан олон тэрбумын топ-7 хэрэг

Эдийн засаг хямарч улс орон хүндрэн, ард түмний амьдрал доройтлоо гэж хэн хүнгүй ярьж байна. УИХ, Засгийн газар ирэх оны төсвийг ихээхэн танаж бүсээ чангалахыг анхааруулж байгаа. Өнөөдөр төрийн, улсын төсвийн олон байгууллага цалингаасаа илүү гарах зардалгүй шахам ажиллаж байна. Сургууль цэцэрлэг гээд нийгмийн чиглэлийн олон барилга царцаж ирэх онд барьж чадахгүйд хүрч байна.
Харин та бидний буюу улсын төсвөөс зарим эрхтэн дархтан хэдэн тэрбумаар нь идэж ашиглан зувчуулж байдгийг хууль хяналтын байгууллагууд дэлгэээд байгаа.
Энэ хэргүүдээс тэрбумаас дээш төгрөгтэй холбоотой хэргүүдийг доор түүвэрлэн бичив. Энэ хэргүүдийн заримыг нь нягталж тогтоогоод шүүхээс ял шийтгэл оногдуулсан бол зарим нь шалгаж байгаа, гэхдээ хууль хяналтын байгууллагууд мөнгөн дүнг нь зарласан билээ.
Олон түмэн, зарим нэгэн нь хоногийн хоолоо яах билээ хэмээн 6000 төгрөгийн үнэтэй кг мах яаж авах билээ гэж байхад энэ дарга нар улсаас хэдэн тэрбумаар нь завшиж, гадаад оронд харш худалдаж аваад сууж байдаг юм байна.

Татварын Ч.Гансүх нарын 17 тэрбумын хэрэг

Татварын Ерөнхий Газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Гансүх нарын хүмүүсийг хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ч.Гансүх нь хууль бусаар хөрөнгөжиж, 17 тэрбум төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгийг угааж, нууц амраг О.Бямбасүрэн, хүү Ч.Ганзулынхаа данс руу шилжүүлсэн байсныг хуулийн байгууллагынхан илрүүлэн шалгасан юм.
Улмаар шүүхээс Ч.Гансүхэд 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулжээ. Түүнчлэн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Татварын  хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Энхбатыг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэн  50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулжээ. Мөн хууль бусаар олсон 592 сая 835.500 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, 50 сая 41.300 төгрөгийг гаргуулж Татварын Ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Жаргалыг мөн шинжээч хийх эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 36 сая 504 000 төгрөгөөр торгон хууль бусаар олсон 86 сая 500 000 төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Шүүхээс иргэний хариуцагч “Кью Жи Экс Монгол” ХХК-аас 13 тэрбум 445 сая 598.900 төгрөг, “Пибоди Поло Ресорсез” ХХК-аас 1 тэрбум 219 сая 368.700 төгрөгийг тус тус гаргуулж Татварын Ерөнхий Газарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дайны эрсдэлийн даатгал буюу МИАТ-ын 9,3 тэрбумын хэрэг

МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр нар Дайны эрсдэлийн даатгал нэрээр Япон Хонгконг дахь нисэхийн даатгал үзүүлэдг гэх хоёр ч компанийн нэр дээр зохиомол данс нээж тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болох нь илэрсэн. Энэ мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болох нь тогтоогдсон.
Энэ хэрэгт 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг бас холбогдсон байдаг.

“Дайны эрсдлийн даатгалын төлбөр”  нэрээр  их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх олон холбогдогчтой энэхүү хэргийг Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноолоо.

Долоон холбогдогчтой энэ удаагийн шүүх хурлаас МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, зургаад нь ийн Шүүхийн шийдвэрийн дагуу ял оноосон юм.

Татварынхан буюу 1,4 тэрбумаар шагнуулдаг дарга нар

Татварын төлөвлөгөө давуулсан нэрээр Татварын байгууллагд бие биенээ их хэмжээний мөнгөөр шагнадаг байсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн. Нийслэлийн Татварын газар л гэхэд 771 сая төгрөг, харин Баянгол дүүргийн татварын хэлтэс 1.1 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 1.4 тэрбум, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 1.3 тэрбум, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2.6 тэрбум төгрөгийн өөрсдөдөө урамшуулал болгож авсан байгаа юм.

Баянзүрх  дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян гэхэд л 1 тэрбум 115 сая төгрөг, Сүхбаатар дүүргийн Занданбат хоёр жилд 1 тэрбум 418 сая, Амартайван 800 сая, Баянгол дүүргийн Б.Оюунтуяа 874,5 сая төгрөгийн шагнал авсан байх жишээтэй. Энэ дүн нийтдээ 6,6 тэрбум төгрөг болж байгаа юм.
Энэ нь тухай дүүрэг, нэгжид их хэмжээний татвар төлөх нөөц боломж байсаар байхад бага тогтоогоод түүнээс давуулсныг нь  амжилт хэмээн бие биенээ шагнадаг бүлэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Юутай ч татварынхны бие биенээ шагнасан 6,6 тэрбум төгрөгийг улсад эргүүлэн тушаалгах тухай ид ярьж байна.

Ах дүү нараа сургахад 38,2 сая ам.доллар зардаг ИНЕГ-ынхан

ИНЕГ-ынхан сургалтын  зардал нэрийн дор 38.2 сая ам.долларыг цөөн хэдэн ажилтныхаа ар гэрийнхэнд зарцуулсан байна. Тухайлбал, Т.Лхагвасүрэн, түүний гэр бүлийн дөрвөн хүнд зориулан 13000 ам доллар, Н.Болдбаатарт 20480 ам.доллар, Австрали улсад магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Ц.Батад гэр бүлээрээ зорчих замын зардалд 4800 ам долларыг тэтгэлэг нэрээр зүгээр л бэлэглэжээ.
38,2 сая ам.долларыг өнөөгийн ханшаар тооцоход 72 тэрбум, 198 сая төгрөг болж байна.

Халамжийн мөнгөнөөс 4,5 тэрбумыг завшсан Д.Баярсайхан дарга


Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг нар ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр 20 гаруй компани байгуулжээ. Улмаар тэд хамтран хуь хүртэх замаар нийгмийн халамж үйлчилгээний сангаас 4,5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Шалгалтаар ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс дээр дурдсан компаниудын нэгийн  данс руу 35 сая төгрөг шилжсэн баримт гарч иржээ.

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар Токио, Чэжүд  тансаг харштай

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МАН-ын зүтгэлтэн Д.Сугар Японы нийслэл Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа “МИАТ”-ийн Сан¬хүү эрхэлсэн захирал Ч.Хоро묬¬сү¬рэнгийн хамаатан иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Энэ хоёр шилжүүлгийн дүн нь өнөөгийн ханшаар 598 сая 935 мянган төгрөг болж байна.
Ээ эрхэм бас  2011 онд Со¬лонгосын Чэжүд 600 сая воноор байрхудалдаж авсан ч  2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус¬гаагүй байдаг.
Толгой эргэм энэ их мөнгө эрхэм Д.Сугарыг Төрийн өмчийн хорон даргар ажиллаж байх үеэс МИАТ-ын удирдлагуудтай хамсан “Дайны эрсдэлийн даатгал” гэдэг нэрээр завшиж олсон хөрөнгө хэмээн үзэж АТГ удаа дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьж байгаа ч МАН-ын гишүүд олонхти болсон ҮХЦ татгалзсаар, Д.Сугар ял завшсаар суугаа юм.

Ё.Отгонбаяр гишүүн эхнэртэйгээ хамт 452 тэрбум төгрөг эргэлдүүлдэг

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, өдгөө УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаярын  эхнэр О.Эрдэнэсолонго нөхрийнхөө  “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн байна. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршуулсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Их хэмжээний мөнгө зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас Ё.Отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарт Эрүүгийн хуулийн 166, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн 270-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эхнэр Эрдэнэсолонгыг нь саатуулан шалгаж байсан ч барьцаагаар сулласан.

ЖИЧ:

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хуульзүйн сайд байхад өлссөн хүүхдүүдээ хооллохын тулд 10 мянган төгрөг хулгайлсан П.Ариунцэцэг гэгч бүсгүйд 10 жилийн хорих ял оноож байсан билээ. 10 мянган төгрөгөнд 10 жилийн ял өгч байгаа юм чинь дээрх эрхмүүд хэдэн жилийн ял авах ёстой бол.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …