Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй.
Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан хамгийн анхны том аж ахуйн нэгж. Одоо Оросуудтай зохицож биш, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөж ажиллана.
ШАХААНЫ БИЗНЕСИЙГ ЦЭГЛЭХ ТӨР-КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Өмнө нь нууц байсан Эрдэнэт үйлдвэр дэх шахааны бизнес, өрийн асуудлыг олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр тасралтгүй түгээж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд огтхон ч хэрэгцээгүй 10 тэрбумын “хог” агуулахад нь байгааг зарласан. Төрийн мөнгөөр туйлах гэдэг ойлголтын туйл болсон газрыг эмхэлж цэгцлэх үүрэг дан ганц хувийн хэвшлийнхэнд хамааралтай бус. Төр болон компанийн засаглалын нэгдмэл бодлогын хүрээнд элдэв хэрэгцээгүй бараа материалын шахаа болон нэмэлт үргүй зардлууд шууд танагдана. Энэ бол шинэ захирлын 01 тоот албан бланканд тусгах ёстой асуудал. Үүнийг цэгцэлж байж дараагийн асуудлуудаа ярих боломжтой.
ЗАСГИЙН ГАЗРАА “ДЭГЭЭДЭЖ” БОЛЗОШГҮЙ ЭРДЭНЭТИЙН ӨР
Оросын тал хамтран эзэмшиж байхад нууцын зэрэглэлд дарагдсан олон мэдээлэл ил болсон. Түүний нэг нь Эрдэнэттэй холбоотой өр. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 633,9 тэрбум төгрөгийн өртэй ажээ. Энэ нь төрийн өмчит компаниудаас эхний гуравт бичигдсэн “амжилт”. Шалгаж тогтоосон нь энэ болохоос, цаана нь нэмээд 200 тэрбумд багтах хэмжээний тоо, тодорхой хүрээнийхэн дунд яригддаг.
Бидний мэдэхээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх тухай асуудал олон улсын арбитрын шүүхэд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Арбитрын шүүх яаралтай төлүүлэхийн төлөө шийдвэрээ гаргана. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хоёр улсын эзэмшлийнх биш, дан ганц Монголынх болсноор хариуцагч талыг бүр их шахах таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн түүхий эдийн бирж дээр Монголын өрийг дурдаад шүүхийн эцсийн шийдвэрийн дараа Эрдэнэтийн арилжааг бүрэн хаах тухай мэдээлсэн байсан. Хэрэв ингэхэд хүрвэл Монголын Засгийн газарт оруулдаг мөнгөний урсгал бүрэн зогсож, эргээд засгаас өр төлбөрийг барагдуулах талаар яриа гарна. Өөрөөр хэлбэл төсвийн тал хувийг дангаараа бүрдүүдэг байсан “Эрдэнэт”, Засгийн газраа татаж унагах хэмжээнд очих ноцтой байдал үүсч болзошгүй.
ЖИЛ БҮР БАГАСАХ НӨӨЦ, ӨСӨХ ЗАРДАЛ…
Х.Бадамсүрэн захирлын анхаарах дараагийн нэг зүйл бол Эрдэнэтийн цаашдын үйл ажиллагаа. Нөөц нь дуусч байгаа үйлдвэрийг хэрхэн үр ашигтай удирдан явуулах нь хувийн хэвшлийнхэнтэйгээ сайтар зөвшилцсөн шилдэг менежментийн бодлогыг боловсруулахаас хамаарна. Нэг тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь 6600 доллар байсныг бууруулж 3900-д хүргэсэн гэсэн өмнөх захирлын мэдээлэл бий. Гэвч энэ нь хүдрийн агууламж нь 0,53 хувьтай байснаа байгалийн тогтоцоороо 0,4 хувь хүртэл буурах эрсдлийн өмнө огтхон ч хэмнэлт биш. Жил ирэх бүр уурхайн гүн нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлт, боловсруулах зардал нь өснө. Ажилтны тоог ч нэмэх шаардлагатай болно. Энэ мэт зардлын өсөлтийг тооцоолж, үр ашигтай ажиллах менежментийг хэрэгжүүлэх нь удирдагчийн гол үүрэг.
Энэ гурван асуудлыг шийдвэрлэж чадвал Х.Бадамсүрэн захирал та үүргээ чамбай гүйцэтгэж, эх орон, ирээдүйндээ өмнө жинхэнэ гавъяа байгуулах билээ. Ард түмний хүсэлтээр Аж үйлдвэрийн ХОШОЙ гавъяат ажилтан болгосон ч яах вэ.
Р.Эрдэмбаяр
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН