Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.