Монголд Хазара хүн сурч үл болно гэж манай төрийн байгууллагаас анхааруулжээ
Монголд хазара залуус суралцахыг Монголын төр хориглов. Ингэж ойлгоход хүрч байгаа мэдээ чих дэлслээ. Магистрт үргэлжлүүлэн суралцаж байгаа хазара залуусыг ГИХГ 25-наас өмнө гарч явахыг хууль бусаар шаардан, эсбөгөөс албадан гаргана гэжээ. Албадан гаргана гэдэг нь 10 жил эргэж ирж болохгүй ээ гэсэн үг. Сурч байсан сургуулийнх нь хуульчид “дахин танайх хазара оюутан авч сургаж болохгүй” гэж анхааруулжээ.
Яагаад гэдгийг хөөгдөгчдөд тайлбарлаагүй аж. Иргэн харьяатын хуулинд “ҮАБ-д аюултай бол” гээд нэг тодорхойгүй заалт байдаг юм. Түүнийг гадны иргэнийг өөрсдийн үзэмжээр айлгаж дарамтлахад их хэрэглэж ирсэн түүхтэй. Тийм явдалтай олон ч тохиолдож ирлээ. Яаж ҮАБ-д заналхийлэв гэхээр ҮАБ-ын асуудал юм чинь нууц гэдэг. Их төлөв монгол үндэстэн юм уу, монгол цусны хольцоотой хүмүүс энэ дарамт, хөөлтөд өртөж ирсэн.
Тэр хазара залуусыг одоо гаргачихсан ч байж болно. Магад тэд энэ тухай мэдээллийг нийгэмд гаргахыг хүсээгүй байх. Учир нь “та нар мэдээлэл задруулав” гээд хорих, зодож нүдэх, муу нөхцлөөр зовоох, яаралтай гаргах эрсдэл байдаг учраас. Тиймээс ч тэд энэ мэдээллийг надад өгөөгүй, би нэгэн манай иргэн үндэсний үзэлт ардаас авлаа. Хазара залуусыг энэ мэдээллээс болоод дарамтлуулаасай, хохироосой гэсэндээ бус, харин ч олон нийтийн, олон улсын өмгөөлөл хамгаалалд орж, дарамтлуулахгүй хохирохгүй байгаасай гэсэндээ үүнийг бичиж байна. Дуугарахаар албадан гаргаад, дуугарахгүй бол албадан гаргахгүй гэсэн зүйл байхгүй болохоор. Тэртэй тэргүй л бүгдийг нь шахан зайлуулж, цаашид огт ирэхгүй болгох бодлого явагдаж байгаа хойно, дуугарч болиулах гэж үзвэл арай байдал дээрдэх биз ээ.
Өмнөд монголчуудыг ялгаварлан гадуурхахын эсрэг би нөхдийн хамт зүтгэж ирсэн. Тэд монгол хүн учраас ялгаварлан гадуурхагдаж байсан. Тэгвэл хазара нарыг ялгаварлан гадуурхах асуудал хэдэн жилийн өмнөөс дуулдсаар, одоо дуугүй байхын аргагүй бодтой болж байна. Тэд монгол цустай учраас ялгаварлан гадуурхагдаж байна. Монголын иргэдээ геноцидэлж, өмнөд монголчуудыг ялгаварлан гадуурхаж, хойд монголчуудыг хавчиж хяхаж, хазара нарыг хөөж тууж, монгол гэсэн бүхнийг үзэн яддаг фашист нацист дэглэм Монголд оршиж байна.
Манай төрийн, төрийн бус байгууллагын хэсэг этгээд нийлж, Ши Жинпингийн аюулгүй байдлыг хангаж байгаа нь энэ гэж, ямар ч гэмгүй гурван өмнөд монгол залууг албадан гаргаад, тэднийг гаргахын эсрэг чармайж байсан намайг “гаргуулсан” гэж гүтгэх операци зохион байгуулж байсан бараг гурван жилийн өмнөх явдлын үеэр, хазара залуусыг мөн албадан гаргана гэж дарамталж байсан байдаг. Тэр үед Монгол улсын иргэн бүсгүйн хань нөхөр өмнөд монгол залууг хагацуулж салган, хятадуудад худал гүтгэн тушаасан. Тэр бүсгүй гэр бүлээ бодоод арга буюу гадаадад гарсан байгаа. МУ-ын иргэнээ ч ийм байдалд оруулж байна шүү дээ. Одоо тэгвэл бас л яг тийм явдал давтагдаж байгаа, гэр бүлийг хагацаан сүйрүүлж байгаа.
Бодвол хазара нар терроризмийн аюултай энэ тэр гэж мунхгуудад зориулсан хариултыг бэлдэн мунхаглаж суугаа биз. Тийм шалтгаанаар хазара нарт виз олгодоггүй, маш их шалгаж байцаадаг, ирсэн хойно нь ажил үйлсийг нь нураагаад дампууруулаад явуулдаг юм билээ. Гэтэл хазарагаас бусад үндэстэн ислам шашинтнууд буу зэвсэгтэйгээ орж ирж, арын гөрөөсийг маань аргал хоргол болтол хядаж, шонхрыг маань дуусгаж, Парламентын ордон барина гэсэн газрыг маань худалдаж авч, дуртай сургууль сургаалиа дэлгэрүүлж, энэ орны маань эзэд мэт явдаг нь үнэн л билээ. Тэд бол терроризмийн ч аюулгүй, ҮАБ-д ч халгүй номхон тагтаанууд бололтой. Ер нь хазарагаас бусад бүх үндэстний хүмүүс гэгээн хувилгаад, Монголд зөвхөн буян өглөгийн ажил хийдэг болчихсон юм шиг.
Өөр үндэстэн хүнийг Монголд сурч болохгүй гэж төрийн байгууллага маань хэлж байсныг дуулаагүй юм байна. Ерөнхийлөгч нь хазара нарыг таниулах сурталчлах ажлыг ивээгээд л, ерөнхийлөгчийн хүмүүс нь хазара нартай уулзаад л бүх юм сайхан болно гээд л амлаад байдаг, ГИХГ нь хазара хүн Монголд сурч болохгүй ээ гэж дарамтлаад л явж байдаг.
Хазара бол монголчуудын ах дүү, анд нөхөд болох учиртай, монголчуудтай яс цус, үүх түүх, соёлын холбоотой ард түмэн. Монголчуудад холбоотон хэрэгтэй, гарц хэрэгтэй. Үүнийг л үгүй хийх гэж байгаа юм болов уу. Улам мухардмал, хараат байдалд оруулах гээд байгаа юм болов уу.
Хазаруудаа өмгөөлж, дуу хоолойгоо нэгтгэцгээе, монголчууд аа! Хазара залуусыг хөөж тууж байгаа явдлыг таслан зогсооцгооё! Яагаад бусад нь Монголд сурч болоод байдаг, хазарууд болдоггүй юм бэ? Шударга бус бүхэн энэ нийгмээс маань арилан замхрах болтугай! Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Ч.Мөнхбаяр