Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 16. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан морь өдөр.
Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.
Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.