
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд өчигдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар гардуулан өгсөн. Ингэснээр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, энэ сарын 22-оос Хэнтий аймагт анхныхаа уулзалтыг хийх юм.
Нэр дэвшигчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм журмыг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг сахих, намын эв нэгдлийг хангах, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаагаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулахгүй байх, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрч, эв нэгдэлтэй хамтран ажиллах, АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээж, хамтын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.
Мөн нэр дэвшигчдийг эвтэй байж, багцалсан таван сум шиг бат нягт, шударгаар өрсөлдөхийг ерөөж АН-ын дарга З.Энхболд, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар багцалсан таван сум гардуулан өгсөн.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл