Төв банкинд тушаах алтны хэмжээг 36 тоннд хүргэхээр ажиллаж эхэлжээ
Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийг Уул уурхайн болон ЭЗХ-ийн сайд, Сангийн дэд сайд, Монголбанкны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ.
Манай улсад алт олборлолт, түүний хэмжээ буурч байгаагаас эдийн засагт томоохон хүндрэл учраад байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдэх хүрээнд төр, засгийн байгууллагууд шар металлын эрэлчидтэй хэлэлцээрийн ширээний ард суусан нь энэ юм. Уулзалтаар Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооноос гурван санал тавьсан байна. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, өмнө нь лицензтэй байсан газруудыг үргэлжлүүлэх олборлолт хийх нөхцөл бололцоогоор хангахыг тэд юун түрүүнд хүсчээ. Ингэхдээ хариуцлагаа ухамсарлан, улс орны эдийн засгийг түшилцэж буй, нөхөн сэргээлт хийдэг, техник технологи сайтай компаниудыг дэмжихийг тэд уриалсан байна.
Хоёрдугаарт, роялти буюу нөөц ашигласны болон нэмэн өсөх нийлсэн 10 хувийн татварын хувь хэмжээг боломжит доод төвшинд хүртэл багасгахыг бас хүсчээ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль гарах хүртэл манай улсын нийт олборлож Монголбанкинд тушаадаг байсан алтны хэмжээ 28 тоннд хүрдэг байсныг мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Энэ бол тухайн үедээ хойд хөршийн шар металлын олборлолтоос хамаагүй өндөр үзүүлэлт байжээ. Өнөөдөр энэ хэмжээ ердөө л гурван тоннд тогтож байна. Харин энэ удаа татварыг боломжит доод төвшинд хүргэвэл алтаа шударгаар тушаадаг цөөн хэдэн компаниудаас 10 хувийн татвар авах бус, хууль бусаар худалдаалагдаж буй алтнаас ч Монголбанк татвараа авч, ашиг олж болохын зэрэгцээ цаашлаад валютын нөөц нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн тус холбоо үзэж байна.
Гуравдугаарт, алт үйлдвэрлэгчид санхүүгийн хувьд тааламжтай нөхцөл бүрдүүлэн төгрөгийн урьдчилан санхүүжилт олгохыг хүссэн юм байна.
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ харьцангуй тогтвортой байна. Өчигдөр Улаанбаатарын 13.54 цагийн байдлаар “Bloomberg”-ийн мэдээлснээр 1397 “ногоон”-той тэнцэж байна. Манай улсын хувьд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болоод Урт нэртэй хууль “мэндэлсэн”-ээс хойш шар металлын олборлолт огцом буурч, Төвбанкинд тушаах хэмжээ нь арав дахин багассан юм. Улс орнуудын Төвбанкууд алт нөөцөлж, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалдаг. Манай Төвбанк одоогийн байдлаар 0.9 тонн алт нөөцлөөд байгаа бол АНУ 8133.5, Германд 3391, ОУВС 2814, Хятад 1054.4, Орос 1001, Европын Төвбанк 501 тонн хүртэлх хэмжээний шар металлыг тус бүр үүцлээд байна.
Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны тайлбарлаж буйгаар дээрх саналыг ажил хэрэг болговол 2016 он гэхэд Оюутолгой, “Бороо гоулд”-ын уурхайг оруулахгүйгээр зөвхөн үндэсний алт олборлогчид Монголбанкинд тушаах алтны хэмжээ 36 тонн хүртлээ өсч, олборлолт болоод худалдаа ил болж, хар зах зээл бүрэн хаах боломжтой гэж үзэж байна.
Иймд Засгийн газар шар металл үйлдвэрлэгчдийн саналыг хүлээн авч буйгаа илэрхийлсэн байна. Тэд ирэх намрын чуулганаар урт нэртэй хуулийн асуудоыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ. Түүнчлэн нөөц ашигласны 10 хувийн татварыг 2.5 болтол нь бууруулахын зэрэгцээ уул уурхайн салбарт олгох урьдчилсан төгрөгийн санхүүжилтийг Монголбанк хариуцан шийдвэрлэхээр болсон байна.
эх сурвалж: ньюс.мн Т.Бат