“Соёл Эрдэнэ- хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цолмонтой ярилцлаа.
-Юуны түрүүн танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Та хэдэн жил хамтлагтаа бөмбөрчнөөр ажиллав?
-Би 1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн цохиур хөгжмийн ангийг төгсөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимд хуваарилагдаж очсон. Тэндээ жил тоглоод 1979 онд дуу хөгжмийн “Соёл Эрдэнэ” хамтлагт бөмбөрчнөөр орсон. Түүнээс хойш энэ хамтлагтаа тасралтгүй ажиллаж байна даа.
-Сүүлийн үед “Соёл Эрдэнэ” хамтлаг тоглолт хийж байна уу?
-Бүрэлдэхүүний хувьд учир дутагдалтай учир дангаараа тоглоход хэцүү л дээ. Олон сайхан хөгжимчин, уран бүтээлч найз нар маань тэнгэрийн оронд очжээ. Манай одоогийн бүрэлдэхүүн гэвэл том Жагаа нэрээр олны танил болсон гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, Ч.Насантогтох, нэрт дуучин дуучин Б.Баяр агсны хүү Б.Хонгор нар байна. Манайхаас үе үеийн олон сайхан уран бүтээлчид төрсөн. Алдарт гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий, гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан байна. Тиймээс том хэмжээний тоглолтод оролцоход тэд маань хамтардаг. “Соёл Эрдэнэ” хамтлаг Монголын рок попын анхдагч гэдгээрээ өнгөрсөн жил “Алдрын од” хүртсэн. Ер нь манай хамтлаг гурваас дөрвөн үед хуваагддаг, мянга гаруй уран бүтээлтэй. “Хүүш Дамдин”, “Тэмээн жингийн цуваа” гээд л олны танил болсон олон бүтээл бий. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ятгын дөрвөл гэж байлаа. “Цэнхэр залаа” хэмээх аялгууг тоглосноор нь хүмүүс сайн мэддэг.
-“Цэнхэр залаа” гэж нөгөө цаг агаар гарахад явдаг ая мөн биз?
-Тийм. Монголын ард түмэн түүнийг цаг агаарын ая гэж нэрлэдэг. Манай нэрт хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин С.Баатарсүх зохиосон. “Соёл Эрдэнэ” хамтлаг маань Ардын дуу бүжгийн чуулгын дөрвөн ятгачнаас үндэслэн байгууулагдсан түүхтэй. Тэр үед буюу 1970-аад оны эхээр анх “Цэнхэр залаа” аялгууг тоглож Монголын радиогийн алтан фондод бичүүлсэн байдаг.
-Яагаад энэ аялгууг “Соёл-Эрдэнэ” хамтлагаар тоглуулсан юм бол?
-Хөгжмийн зохиолч С.Баатарсүх маань манай хамтлагийнхантай найз байсан. Тэгээд л энэ аялгууг ятгаар тоглоё гэж ярилцсан юм шиг байна лээ. Монголын радио, телевизэд тэр үед энэ аялгууг цаг агаар гарахад явуулъя гэж шийдсэн бололтой. Энэ аялгуугаар “Учралын уянга” кино концерт, одоогийнхоор клип хийсэн байдаг даа.
-Таныг тус хамтлагт хөгжимчнөөр очиход байгуулагдчихсан байсан уу?
-1970 онд анх Ардын дуу бүжгийн чуулга дээр байгуулагдаад 1971 онд Улсын филармони бий болоход харьяанд нь очсон. Одоо нөгөө бөөн юм болж нураадаг Ахмадын байранд байрлаж байлаа. Албан ёсоор бол 1971 оны намар “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан гэж үздэг. Тэр үеийн Соёлын яамны сайдын тушаал гарч байлаа. Би бол 1979 онд “Соёл-Эрдэнэ”-д орсон. Байгуулагдсанаас нь найман жилийн дараа гэсэн үг. Надаас өмнө Гавьяат жүжигчин Жаргалсайхан бөмбөрчин байсан. 3-4 жил тоглоод сургуульд явсны дараа Хүрэлчулуун гэдэг бөмбөрчинтэй болсон. Удалгүй тэр ч сургуульд явж би орж билээ.
-Хараад байхад бөмбөрчин гэдэг бол нэлээд хүнд ажил шиг санагддаг.
-Бөмбөрчин бол аргагүй хүнд ажил. Хүний дөрвөн мөч хөдөлдөг, дээр нь дуу, чимээ, гэрэл гээд бүгд орно. Дээр үед Мэргэжлээс шалтгаалах өвчний диспансер гэж байсан. Тэндээс ирж хэмжилт хийгээд эстрадын бөмбөрчин бол хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн акт тогтоож 20 жилээр тэтгэвэрт гардаг болж байлаа. Сүүлд 1996 онд Бага хурлын шийдвэрээр түүнийг нь болиулсан.
-Бөмбөр тоглоход хүч шаарддаг уу, эв илүү шаарддаг уу?
-Хүч, эв, мэдрэмж аль аль нь шаардана. Ер нь бөмбөрийг их хүчээр тоглохгүй шүү дээ, хамгийн гол нь гарны техник, маш их мэдрэмжтэй байх ёстой. Мөн хэмжээ сайтай байх хэрэгтэй.
-Гадаадын алдартай хамтлагийн нэртэй бөмбөрчид олон байдаг. Та тэднээс хэнийг биширдэг вэ?
-Ер нь бол тэд бүгдээрээ их мундаг. Бүр багаасаа сургалтаар нь явчихсан байдаг. Харамсалтай нь манайд эстрадын бөмбөрчний анги гэж байдаггүй. Хөгжмийн коллеж, СУИС-д цохиур хөгжмийн анги байдаг. Тэр нь оркестрын цохиур хөгжимчин бэлддэг.
Интернэтэд ороод харахад гадаадад бол гурав, дөрвөн настай хүүхэд бөмбөр тоглож сурч байдаг. Сургалт нь байж байдаг, түүнд нь сурсан болохоор хүн өөрийнхөө мэргэжилд эзэн болдог шигээ жинхэнэ мэргэжлийн бөмбөрчид болдог. Манай бөмбөрчид бол бор зүрхээрээ явж байгаа хүмүүс. Гадныхан мэргэжилдээ бүх амьдралаа зориулдаг. Би бол 1975 оноос DEEP PURPLE гээд хамтлагийг сонсдог байсан. Тэдний бөмбөрчинг үнэхээр шүтдэг.
-Та цохиур хөгжмийн анги төгссөн гэсэн. Тэгэхээр өөрөө сурч бөмбөрчин болсон гэсэн үг үү?
-Эстрадын бөмбөрчин гэдгийг өөрөө л сурсан, ёстой дуртай болохоороо. Тэр үед чинь бүх юм хаалттай байсан. “Beatls”, “Rolling Stones”, “Pink Ployd” хамтлагийн пянзыг сонсоод ямар мундаг юм бэ гээд л бодно. Бүр 1975 онд Хөгжим бүжгийн сургуульд сурч байхдаа том Жагаа, би, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр, Н.Болд бид хэд хамтлаг байгуулж нэрнүүдийнхээ эхний үсгээр “ЖБЭС” гэж нэрлэж байлаа. Байгууллага болгон нэг хамтлагтай байсан үе. Гадаад явдлын яам хөгжимтэй байсан бөгөөд АНУ-д Элчин сайд байсан Чойнхор гуай биднийг их дэмждэг, аваачиж хөгжим дээрээ сургууль хийлгэнэ. Хичээлээ тараад тэнд очоод л сургууль хийгээд суучихна. Тэр үед манай том Жагаа анхныхаа дуу “Хүлээлт”-ийг зохиосон. Яагаав нөгөө
“Үдшийн тэнгэрт одод түглээ
Үзэсгэлэн гоо чи минь ирээч” гэдэг. Анх энэ дууг дуулж байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу