Г.Энхтуяа: Энэ ханиадны онцлог нь их амархан хатгаа болж байна

Амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт улс орон даяар их байгаатай холбогдуулан дүүргүүдийн Эрүүл мэндийн төв ачаалал ихтэй байна. Тэгвэл хороодын өрхийн эмнэлгүүдэд байдал хэр байгааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах “Энх Сүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийг зорьж, тус төвийн дарга Г.Энхтуяатай ярилцлаа.

Ханиад томуу их, эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Танай өрхийн эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Ачаалал ихтэй ажиллаж байна. Өдөрт нэг эмч 25 хүүхдэд үзлэг хийдэг байсан. Харин энэ ачааллын үед гэрийн үзлэгтэйгээ нийлээд 40 гаруй хүүхэд үзэж, хажуугаар бусад өвчтөнүүдтэйгээ харилцаж байна.

-Танай хороонд 0-5 насны хэчнээн хүүхэд байдаг вэ?

– Манай хороонд нийт 0-5 насны 826 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 174 0-1 насны бүлэгт хамаарч байна.

-Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Тэгвэл энэ үеэр эмч нар айл өрхүүдээр орж үзлэг хийдэг үү, эсвэл эмнэлэг дээрээ ажиллаж байна уу?

-Бямба гаригт жижүүр эмч амболатороор үзлэг хийдэг, гэрийн үзлэг хийхгүй байгаа.

-Сүүлд ихээр халуурдаг ханиад дэлгэрээд байх шиг. Энэ ханиад томууны шинж тэмдэг яаж илэрч байна вэ?

-Ерөнхий дөө 1-5 насны хүүхдүүд зонхилж өвчилж байна. Энэ ханиад томууны онцлог нь их амархан хатгаа болж байгаа. Өндөр хэмтэй халуурч, хоёр хоноод ханиалгавал шууд хатгаа болж байгаа юм. Тиймээс цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг эцэг эхчүүддээ зөвлөмөөр байна.

-Хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх вэ?

-Манай аав ээжүүд хүүхдээ халуурлаа гээд бэгнэж, зузаан хувцасладаг. Ингэж болохгүй юм. Ер нь аль болох хувцсыг нь нимгэлээд шингэн юм сайн өгөөд, бүлээн усаар биеийг нь арчих хэрэгтэй. Спирт архиар нимгэн арьс болох чихний ар тал, хүзүү гарын алга, суга цавийг нь арчвал халуун аяндаа бууна. Бид нар хүүхэд 37 хэмээс дээш халуурвал эм өг гэж зөвлөдөг. Түүнээс доош халуунтай бол дээрх аргуудыг хэрэглэж болох юм.

 

-Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажилласнаас хойш ямар үр дзн харагдаж байна?

-Манай эмнэлэг орой 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа. 17:30- 20:00 цагийн хооронд нэг эмч, нэг сувилагч жижүүрлэж ажиллаж байна. Энэ үед ачаалал харьцангуй багасдаг. Гэхдээ л мэргэжлийн эмч, сувилагч жижүүрлэж ажиллаж байгаа нь оршин суугчдад яаралтай эмчилгээ зөвлөгөө авахад нь тус болж байна. Оройдоо 4-6 насны хүүхдүүдээ их үзүүлж байна.

-Мэргэжлийн хүний хувьд ханиад томуу ихтэй энэ үед эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхдийнхээ дархлааг сайжруулахын тулд хамгийн гол нь зун агаар салхинд гаргаж, наранд биеийг нь шарж, ус, агаараар эрүүлжүүлэх хэрэгтэй. Мөн томуугийн улирал эхлэхээс өмнө томуугийн вакцин хийлгэх шаардлагатай. Томуугийн вакцин хийлгэвэл харьцангуй хүндрэл бага гарч, халуурах явц ч хөнгөн явагддаг.

 

Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ ханиад хүрмэгц эм өгөхөөсөө илүүтэйгээр дулаан хувцаслах, даруулахгүй байх, шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Мөн халуун аарц, чацаргана зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэж, дархлаажуулах нь чухал. Мөн хүүхдүүддээ тавих халамж анхаарлаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөмөөр.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …