Шинэ нисэх онгоцны буудал ба эдийн засгийн чөлөөт бүс

Шинэ Чингис Хаан ОУНБ нь одоогийн Чингис Хаан ОУНБ-аас ойролцоогоор 36 км зайтай сүндэрлэж буй бөгөөд  2 сар орчмын дараа (2017.01.01) төслийн гүйцэтгэл  дуусна гэж төлөвлөөд байгаа.

Үндсэн гүйцэтгэлээс гадна, гэрээлэгчдийн гүйцэтгэл, зам, гадаад, дотоод тохижилт, цэцэрлэгжүүлэлт, техникийн туршилтын хугацаа, хүлээн авах, нүүх процессыг  хамруулаад 2017 оны сүүл 2018 он гэхэд бүрэн ашиглаж эхлэх боломжтой, Гэхдээ гадаад болон дотоод орчны нөлөө, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, авиа компаниудын хүсэл сонирхол, боломж, хотоос алслагдсан байдал гэх мэт дотоод гадаад хүчин зүйлээс хамаарч бидэнд яарах шалтгаан алга.

Одоогоор ашигтай ажиллах нь тодорхойгүй байгаа Шинэ нисэх буудлыг hub болгох, хот барих мөрөөдөл хүн болгонд байдаг хэдий ч яаж гэдэг нь хариулт тодорхойгүй байсаар байна. Шинэ нисэх буудлыг эдийн засийн чөлөөт бүсэд хамруулах эсвэл Литвын Kaunas-шиг ЭЗЧБ -г нисэх буудалтай хиллүүлж (зэрэгцүүлж барих) ашигтай ажиллуулах гарц бидэнд байна.

Балтын 3 орны нэг болох Литва улс нь Монголын хүн амтай ойролцоо буюу 3.2 орчим сая хүн амтай бөгөөд Монголоос 25 дахин бага газар нутагтай Европын холбооны улс юм. 3-н улстай шууд хиллэж,  4-н эдийн засгийн чөлөөт бүстэй зэрэг нь Европ дахь Монгол гэлтэй. Гэхдээ Балтын тэнгис дэх гарц нь тэдэнд логистикын асар их  давуу талыг олгодог юм.

Монголд:

Монгол Улс Дорноговь аймагт “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, Говьсүмбэрт “Чойрын” эдийн засгийн чөлөөт бүс, Сэлэнгэд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, Баян-Өлгийд “Цагаан нуур” -ын худалдааны чөлөөт бүс гэсэн дөрвөн бүстэй. Дан хэтийдсэн том мөрөөдөл, тооцоо судалгаа байхгүй, эрх зүйн орчин бүрдээгүй, намуудын улс төрийн хийрхэлийн золиос болж, хий хоосон мөрийн хөтөлбөрийн хар гайгаар одоогийн байдлаар ямар ч  хөрөнгө оруулалтгүй хоосон хашаанууд л байна.

Монгол улсын Чөлөөт бүсийн үзэл баримтлал, хуулиар казино ажиллуулж болхоос гадна үйл ажиллагаа явуулахад гаалийн болон онцгой албан татвар, НӨАТ -н хөнгөлөлт, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, визний хөнгөлөлт, татварын хөнгөлөлттэй гэх мэт боломжуудыг санал болгодог ч улс төр, эрх зүйн тогтвортой бус байдал нь хөрөнгө оруулагчдыг татах нь  бүү хэл улам л холдуулсаар байна.

Логистикын харвал “Цагаан нуур” худалдааны чөлөөт бүс төмөр замгүй, олон улсын стандарт бүхий авто замгүй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах буруу байрлалтай байна. “Чойр” -т яагаад ЭЗЧБ- байгуулах гээд байгааг ч ойлгодоггүй, Сайншандын аж үйлдвэрийн парк гэж хэрэв байсан бол Замын -Үүд, Чойрыг болиод тэнд л байх байлаа. Замын Үүд, Алтанбулгыг дэмжвэл хөгжих боломж бидэнд бий.

Литва:

Литвын 4-н ЭЗЧБ-үүдээс 2 нь бүр сүүлд 2011-2013 онд байгуулагдсан бол Klaipėda болон Kaunas хоёр 1996 онд байгуулагдаж байсан бөгөөд аль  хэдийнээ эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлсэн газрууд юм. Kaunas нь 5.34 km2 газар нутагтай хөрөнгө оруулагчид багадаа 1 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж чөлөөт бүсд нэвтэрж үйл ажиллагаа явуулах эрх авдаг. Гол хурдны замуудын зангилаа, төмөр зам, нисэх буудалтай зэрэгцэн оршдог уг бүс Төв аймагт сүндэрлэн буй нисэх буудалтай жишиж болно. Шинэ нисэх буудал төв аймгийг төмөр замтай холбож, Улаанбаатрын логистикын төвүүдийг энд төвлөрүүлж, олон улсын хурдны замыг шинэ нисэх буудал, Төв аймаг, Улаанбаатартай чадвал жинхэнэ ЭЗЧБ байгуулагдах болом байна.Литвын Kaunas нь үйлдэрлэл логистик, бизнесс болон Айрпарк гэсэн 3 үндсэн хэсэгтэй.

MRO (Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв) & Нисэх буудал & ЭЗЧБ

Kaunas хотын Нисэх буудал нь ЭЗЧБ-н ба байрлалын давуу талд  тулгуурлан хөгжүүлэх төсөл бол 2015 оноос эхэлсэн  AEROHUB KUN төсөл юм. Өсөн нэмэгдэж буй Европын агаарын тээврийн хөгжлийг хангах, агаарын хөлөг түүний эд ангийн засварын үйлчилгээний газрын шаардлага нэн тэргүүнд бөгөөд энийг олж харснаар хөрөнгө оруулалтыг оновчтой газар оруулж байна. 8500м2 бүхий ангарын төсөл нь агаарын хөлгийн засвар үйлчилгээг эдийн засаг татварын таатай орчинд хийснээр Балтын 3 аас гадна, Европын Airbus A320, Boeing 737 -н MRO зах зээлд санаархаж байна.

Яаг ийм гарц бидэнд бий, Дэлхийн аюулгүй ажиллагаа, чанар, аюулгүй байдлын стандартыг хангаж чадаж байгаа авиацын салбарыг төрөөс бодлогоор дэмжиж МИАТ, Аэро Монголиа, Хүннү, А-Жет-н гэх мэт  компаниудын 145-р дүрмээр гэрчилгээжсэн MRO-д хөрөнгө оруулалт, бодлого, сургалтаар хангаж, ЭЗЧБ  байгуулж гадны хөрөнгө оруулалт оруулах, Joint Venture- г дэмжих нь чухал юм. Дан ганц агаарын хөлгийн засвар үйлчилгээнээс гадна хөдөлгүүр, үндсэн эд ангийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, инженеринг,  сэлбэг хангамжын түгээлтийн бааз, сургалтын төв, Карго, Катеринг, Зочид буудал гэх мэт жинхэнэ hub байгуулах боломж байна.

Улс төр болон гадаад орчны нөлөөг арилгаж эдийн засаг, шинжлэх ухаан, институцын хэмжээний судалгаанд тулгууралсан менежмент хийснээр Дундад ази, Хойд Хятад, ОХУ-н Сибирын зах зээлд үгүйлэгдэж буй уудам орон зайн зах зээлд гарах гарц бидэн бий.

Нүүрс, Жонш, Зэсийн Хятадруу гардаг ганц гарцаас тив, дэлхий дамнадаг олон гарцтай болох, Уул уурхайгаас хамаарсан барьцгүй эдийн засгийг солонгоруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, оюуны салбарын дэмжих нь чухал байна. Дэмжих салбарын нэг, харах өөр нэг өнцөг нь магадгүй ЭЗЧБ & Шинэ Нисэх буудал гэсэн хувилбар байж болох юм.

Д.Соронзонболд

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …