Д.Пүрэвсүрэн: Адал явдалт кинонд тулаанч эмэгтэйн дүр бүтээхийг мөрөөддөг

“Монгол контент”, “Хамба фильм”студийн хамтын бүтээл “Хоёр aмь” киноны гол дүрд тоглосон загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Гол дүрд нь тоглосон “Хоёр амь” кино нээлтээ хийсэн. Хамтарч ажилласан кино группийнхээ талаар яриач. Өмнө нь ер нь хамтарч ажиллаж байв уу?

-“Хамба фильм” студийн Б.Ганболд буюу Тука найруулагчтай анх удаа л хамтарч ажиллалаа. Жүжигчин С.Болд-Эрдэнэ, гэрэлтүүлэгч, зохиолч, продюсер гээд бүх л хүмүүс миний өмнө нь хамтарч ажиллаж үзээгүй шинэ групп байсан.Шинэ багтай хамтарч ажиллахад шинэ танил, шинэ бүтээлийн хаалга нээгдэж байдаг. Тийм учраас сурах зүйл ч маш их байлаа.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ ахын хувьд хамтран тоглогчоо чиглүүлж өгдөг чадварлаг жүжигчин. Тука найруулагч ч аливааг бусдаас өөр өнцгөөс харж, түүнийгээ өвөрмөцөөр илэрхийлдэг.

-“Хоёр амь” кинонд ямар дүр бүтээв. Өмнө нь үзэсгэлэнтэй, гал цогтой эмэгтэйчүүдийн дүрд тоглож байсан шүү дээ. Харин энэ удаад?

-Зохиолч эмэгтэйн дурд тоглосон. Өмнө нь ихэвчлэн гоё сайхан эмэгтэйн дүрд тоглодог байсан бол энэ удаа тэс өөр эмэгтэйн дүр дээр ажиллалаа. Эгэл жирийн, үнэний төлөө гэсэн эрмэлзэлтэй тийм л энгийн эмэгтэйн дүрд тоглосон. Найруулагч анх санал тавихдаа л “Чи энэ кинонд хөөрхөн, гоё харагдахгүй. Тиймээс гадаад төрхөндөө анхаарах шаардлагагүй” гэж билээ. Тэр ч утгааркинонд тоглохдоо нүүрээ ч будаагүй.

Надаас тэс өөр араншинтай хүний дүр байлаа. Би чинь байнга л инээж явдаг хүн. Гэтэл найруулагч “Битгий инээ. Наад нүднийхээ харцыг буулга. Ийм гал цогтой байж болохгүй” гээд л зааварладаг байсан. Найруулагчийн хэлсэн зааврын дагуу л дүр дээрээ ажилласан. Мэдээж тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаралгүй яах вэ.

-Дүрийнхээ талаар цухасхан дурдвал?

Миний тоглосон дүр уг нь нэг амь аврахын төлөө яваа бүсгүйн дүр. Гэтэл хөндлөнгөөс харахад, эсрэг дүр ч юм шиг. Хүмүүс үзээд л өөр өөрсдийнхөөрөө ойлгох байх.

-“Хоёр амь” киноноос үзэгчид юуг мэдрээсэй гэж хүсч байна вэ?

-Үзэгчид өөр өөрсдийнхөөрөө л дүгнэх байх. Үүнийг л ойлгоод аваарай гэж хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ амь гэдэг үнэтэй. Хүний амь, амьтны амь, баян ядуу хөрөнгө чинээ хамаагүй ээ, зүгээр л амь гэдэг юу юунаас илүү үнэтэй зүйл шүү гэдгийг харуулж чадсан кино болсон.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна вэ?

-Төлөвлөгөө мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ мэргэжлээсээ хөндийрөхгүй. Үргэлж мэргэжлийнхээ ажлыг хийх болно. Яг одоогоор кинонд тоглоогүй байгаа. Гэхдээ яригдаж буй уран бүтээл бий. Энэ ондоо багтаад шинэ уран бүтээлийнхээ ажилд орно.

-Таны хувьд буян гэж юу вэ?

-Миний бодлоор буян гэж хариу нэхдэггүй чин сэтгэлийн тусыг хэлдэг юм болов уу.

-Уран бүтээлд хэр цензур тавьдаг вэ. Төдийлөн олон кинонд тоглоод байдаггүй. Сонгож буй бүтээлдээ цензур тавьдаг юм шиг санагддаг?

Жилд хэдэн кинонд тоглохдоо биш, чанартай бүтээлд л дүр бүтээх юмсан гэж боддог. Ямар тоо бөглөх гэж байгаа биш дээ. Нэг, хоёр жил хүлээсэн ч хамаагүй чансаатай уран бүтээлд тоглоно гэж боддог.

-Ер нь таны мөрөөдлийн дүр чинь юу вэ?

Адал явдалт кинонд тулаанч эмэгтэйн дүр бүтээж үзэхийг мөрөөддөг болсон. Хэзээ нэгэн цагт миний мөрөөдөл биелэх байх /инээв/.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …