Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа.
Тайлан өдөрлөгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын дарга орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо.
“Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” тайлант өдөрлөгийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнгөрсөн 100 хоногт хийж хэрэгжүүлсэн болон цаашдын зорилт, төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Налайх дүүрэг нь нийслэлээс 36 км-ийн зайд оршдог, 2016 оны жилийн эцсээр 10.349 өрхийн 36.425 хүн ам амьдарч байгаа судалгаа гарсан.
Тус дүүргээ удирдан жолоодох эрхийг Ч.Раднаабазар 2016 оны 11 сарын 09-ны өдөр авч, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийг нь батламжилсан.
Ажлаа хүлээн аваад ирэх 4 жилд дүүргээ хөгжүүлэх бодлогын баримт бичгээ боловсруулж, ИТХ-аар батлуулсан байна.
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттайгаар баталж хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Налайх дүүргийн амь амьдралын гол хөшүүрэг болсон бичил уурхайг хөгжүүлэх, тэдгээрийг албажуулах ажлыг эхлүүлжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийг зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд ажиллуулах зорилгоор 9 нөхөрлөлтэй гэрээ байгуулж албажуулаад байгаа юм. Ийнхүү 20 гаруй жил хууль бусаар ажиллаж байсан бичил уурхайчид энэ жилээс хуулийн дагуу ажиллахаар болжээ.
Мөн Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 4 удаа дүүргийн 7 хорооны 90 гаруй иргэнтэй тусгайлан уулзаж, хүсэлтийг нь хүлээн авчээ. Мөн ахмадуудтай өргөтгөсөн уулзалт, алслагдсан 6 дугаар хорооны иргэдтэй хэсэгчилсэн уулзалтууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт хийсэн.
Засгийн газрын 11-11 төв, Налайх сонсож байна 70232727 тусгай дугаарын утсаар нийт 80 иргэн хандсанаас 47 иргэний хүсэлтэд зөвлөгөө мэдээлэл өгч, 33 иргэний гомдлыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавин ажиллаж байна.
Нэг цэгийн үйлчилгээний эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг 255 иргэнд, хөдөлмөр халамжийн үйлчилгээг 310 иргэнд, нийт 645 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн дүүргийн хэмжээнд ХДХВ бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр “Good Neighbors” ОУ-ын байгууллагатай хамтран 150 сая төгрөгийн төсөвтэй 1 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр эрсдэлт бүлгээ сонгожээ .
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөр дахин сунгагдаж дүүрэгт хэрэгжихээр болсон.
Дүүргийн нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг, галзуу өвчин гарахад Онцгой комиссыг удаа дараа яаралтай хуралдуулан шаардлагатай арга хэмжээ авч ажилласан байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар ажилладаг С.Амарсайхан төлөөлөгч Налайх дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулахуйц томоохон санхүүжилтийг шийдүүлж чадсан. Энэ онд Налайх дүүрэгт сүүлийн 20 жилд хийгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Орон нутгийн хөгжлийн санд гэхэд л нийслэлээс 316 сая төгрөг төсөвлөж өгсөн ч дүүргийн удирдлагуудын хичээл зүтгэлээр дээрх төсвийг 700 гаруй сая төгрөг болгон нэмэгдүүлж чаджээ. Ингэснээр Налайхын ирээдүйн хөгжилд бодит хөрөнгө оруулалтыг хийж, нийслэлээс алслагдсан дүүргээ бие даасан хот болгон хөгжүүлэх үйлсдээ алхам алхмаар ойртох нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Энэ онд тус дүүрэгт улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгөөр хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг шинэчлэх ажил эхлэхийн зэрэгцээ дүүрэг доторх 3 гудамжийг хамарсан 2,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэнэ. Мөн Налайхын “Барилгын материал үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн ажлын зураг төсвийг боловсруулан батлуулах, “Барилгын материалын бөөний худалдааны төв”-ийг барих бэлтгэл ажлыг хангах, авто зам дагуух ногоон байгууламж, гэрэлтүүлэг, худаг усны шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа ийнхүү эхлүүлээд байна.
Эдгээр ажлыг амжилттай хийж хэрэгжүүлэх “Батламж бичиг”-ийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгсөн юм.
Мөн тайлант өдөрлөгийн үеэр бүтээлч аяны туг залах ёслол болж, 5 дугаар хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс гараа нь эхлэхээр болов.
100 хоногийн өдөрлөгийн үеэр дүүргийн төрийн байгууллагууд Соёлын ордонд төвлөрч, нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан төрийн үйлчилгээг өдрийн турш иргэдэд хүргэсэн байна. Тухайлбал, Эрүүл мэндийн нэгдлээс үзлэг хийж шаардлагатай хүнд дархлаа сайжруулах эм өгөх, даралт үзэх, биеийн жин тодорхойлох бол Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас үйлчилгээний захиалга, шуурхай дуудлага хүлээн авах зэргээр иргэддээ үйлчилгээ үзүүллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.