Ирэх олимпийн “нийслэл”, Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын хоёр ч шилдэг жүдоч дэлхийн аваргын татамид хүч сорьсон ч медалийн тавцанд гарч чадсангүй. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавяьат тамирчин С.Ням-Очир нар, харин 57 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Сумъяа нар хүч сорилоо.
Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очирын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, тавдугаар байрт шалгарсан бол Х.Цагаанбаатар ДАШТ-ий дэвжээнд анх удаа 73 кг-ын жинд зодоглож, хэсгийн шатны гурав дахь барилдаандаа ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 79 жүдоч зодоглосон. С.Ням-Очир гавьяатын хувьд А хэсэгт барилдаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Ганын бөх Эммануэл Нартейг цэвэр, дараа нь БНАСАУ-ын Хун Кук Хьоныг торгуулийн оноогоор, Доминиканы тамирчин Лвилли Сантанаг цэвэр ялж, улмаар Японы шилдэг тамирчдын нэг Рики Накаяаг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон юм. Хагас шигшээ барилдаанд Лондонгийн олимпиор хүрэл медалийн тавцанд хамт зогсч байсан, Францын Уго Леграндтай вазари үнэлгээгээр дийлдсэн юм. Ингээд хүрэл медалийн төлөө барилдахаар болж, дэлхийн аваргын мөнгөн медальт, Голландын Декс Эльмонттой медалийн төлөө өрсөлдөн ялагджээ.
Х.Цагаанбаатарын хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Финляндын Иету Лааманенийг цэвэр ялсан ч дараагийн барилдаанд Францын Уго Леграндад торгуулийн оноогоор ялагдсан юм.
ОУХМ Д.Сумъяагийн хувьд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд С хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Льен Чен-Линийг ялсан ч дараагийн барилдаандаа Словенийн Влора Бедетид ялагджээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын тамирчдаас ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдана.
эх сурвалж: ньюс.мн С.Цэлмэг