-Хамтарч үйлдсэн гэмт хэргийг хам хэрэг биш болгох гээд байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?-
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Б.Мөнхжаргал гэх залуу 17 жил нөхөрлөсөн найздаа хоёр нүдээ ухуулж, бүрэн хараагүй болжээ. Эл хэрэг бидний нэрлэж заншснаар 100-н айлд байрлах есдүгээр дэлгүүрийн ойролцоо болсон бөгөөд хэргийг үйлдсэн Гэрэлт-Од нь долоон жилийн өмнө болсон үйл явдлаас болж, өш хонзонгийн сэдлээр ийнхүү найзынхаа хорвоог харах хоёр нүдийг нь сохолжээ. Болсон явдлыг тодруулбал, нүдээ сохлуулсан Б.Мөнхжаргал одоогоос долоон жилийн өмнө хулгайн гэмт хэрэгт дээрх залуугийн хамт холбогдсон ч хэргээ ганцаараа үүрч, шүүхээс зургаан сарын баривчлах ял авчээ.
Харин түүнийг шоронд ялаа эдэлж байх хооронд Гэрэлт-Од нь дахин хулгайн гэмт хэрэгт холбогдож хуучнаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсож Мааньтад ял эдлэх болсон байна. Тэрбээр ялаа эдэлж байхдаа шоронгоос оргож дөрвөн жилийнхээ ял дээр дахин гурван жилийн ял нэмүүлж долоон жилийг нарсанд өнгөрүүлэх болжээ. Улмаар Гэрэлт-Од долоон жилийн ялаа эдэлж дуусаад шоронгоос гарч ирэхдээ найз Б.Мөнхжаргалыгаа эрж сурсаар түүнийг олж гэрт нь хэсэг хугацаанд хамтдаа амьдарч байсан аж. Хамгийн гол нь, хохирогч Б.Мөнхжаргал гэмт этгээд Гэрэлт-Одыг долоон жилийн хугацаанд өөрт нь өш хонзон санаж амьдрал, эрүүл мэндийг нь орвонгоор нь эргүүлнэ гэдгийг зүүдлээ ч үгүй явсан байна. Гайтай тэр өдөр Б.Мөнхжаргалын гэрт найз Батцэнгэл нь ирснээр тэд шил архи мулталжээ. Уусан архиндаа хөлчүүрхсэн гэмт этгээд Гэрэлт-Од гэрээсээ гарч архи уухыг нөгөө хоёртоо санал болгож, улмаар 100-н айлын есдүгээр дэлгүүрийн хажууд дахин нэг шил архи уусан аж.
Гэтэл гэнэт Гэрэлт-Од, Б.Мөнхжаргал руу дайрч “Чи намайг шоронд явуулсан. Би чамаас болж амьдралынхаа долоон жилийг нарсанд өнгөрүүлсэн. Одоо чиний хоёр нүдийг ухаж хорвоо ертөнцийн сайн сайхан бүхнийг харуулахгүй” хэмээн дайрч, эхлээд баруун нүдийг нь дараа нь зүүн нүдийг нь ухаж авчээ. Хамгийн гол нь, хэрэг гарах үед Гэрэлт-Од, Б.Мөнхжаргал хоёрын хажууд найз Батцэнгэл нь байсан ч тэр хоёрын зодооныг салгаагүй байна. Харин хохирогч Б.Мөнхжаргал уг хэргийг дээрх хоёр нөхрийг хамтарч үйлдсэн гэж үзэж байгаагаа хэлж байв. Уг нь, баруун нүдээ ухуулж байхдаа Б.Мөнхжаргал “Батцэнгэл ээ Гэрэлт-Одыг надаас салгаж ав л даа” хэмээн гуйсан ч Батцэнгэл ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй аж. Удалгүй хохирогч Б.Мөнжаргал ухаан алдаж, түүнийг гудамжинд хэвтэж байхад нь эргүүлийн цагдаа нар олсноор эмнэлгийн анхны тусламжийг үзүүлжээ. Цагдаа нар гэмт хэрэгтэн Гэрэлт-Од, Батцэнгэл нарыг эрэн сурвалжилж өнгөрсөн сарын 12-ны өдөр баривчилжээ. Гэтэл хэрэг болох үед хажууд нь байсан Батцэнгэл гэгч этгээд уг хэргийн гэрчээр орж байцаалт өгөх болсон нь хохирогч Б.Мөнхжаргалын гайхширлыг төрүүлэх болжээ. Хэрэв Батцэнгэл энэхүү танхай, балмад үйлдлийг зогсоож чадсан бол өнөөдөр Б.Мөнхжаргал хорвоог харах хоёр нүдтэй байгаад зогсохгүй найз Гэрэлт-Од нь ч гэмт хэрэгтэн болохгүй байсан гэх үгийг хохирогч харуусангүй ярьж байна. Түүнчлэн эл хэргийг шалгаж буй Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Ахлах дэслэгч, мөрдөн байцаагч Жанрис хэргийн газарт юу болсон, Батцэнгэл үнэхээр гэрч мөн үү гэх асуудлыг нягтлан шалгалгүйгээр шууд л Батцэнгэлийг хэргийн гадна үлдээж гэрчээр байцаах болсонд сэтгэл дундуур байгаагаа хохирогч Б.Мөнхжаргал бидэнд ийн ярьсан юм. Ингээд болсон үйл явдлын талаар хохирогчтой уулзлаа.
Б.Мөнхжаргал: Би хагас солиролын байдалтай байна
-Та хэрэг болсон үйл явдлын талаар товчхон яриач. Гэмт этгээд Гэрэлт-Од танд өс хонзон санаж явсны улмаас таны нүдийг сохолсон гэж сонслоо. Хэрэг гардаг өдөр таны найз Батцэнгэл гэгч хүн та хоёрын хажууд байсан гэсэн?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр 17 жил найзалсан Гэрэлт-Од миний хорвоог харах хоёр нүдийг минь сохолж намайг хагас солиролын байдалд оруулаад байна. Би танд нэг түүх ярья. 2007 оны долоодугаар сарын 30-ны өдөр Гэрэлт-Од бид хоёр хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. Ингээд хэрэгт холбогдсныхоо дараа би хэргээ ганцаараа үүрч шүүхээс зургаан сарын баривчлах ял авсан.
Өөрөөр хэлбэл, тухайн үед би хэргийг ганцаараа үүрч Гэрэлт-Одыг энэ хэргээс салгаж байсан юм. Намайг зургаан сарын ял эдэлж байх хооронд Баянзүрх дүүргийн Эрүүгийн төлөөлөгчид Гэрэлт-Одыг бас нэгэн хулгайн хэрэгт холбогдуулж өөрийг нь хэрэг хийсэн гэх мэдээллийг намайг өгсөн гэж хэлсэн байна билээ. Ингээд шүүхээс Гэрэлт-Одод дөрвөн жилийн хорих ял ногдуулж тэрбээр Мааньтад ял эдлэх болсон юм. Гэтэл Гэрэлт-Од шоронд очсоныхоо дараа хорих ангиас оргож гурван жилийг нэмүүлж нийтдээ долоон жилийг шоронд өнгөрөөх болсон юм. Ингээд долоон жилийн ялаа эдлээд шоронгоос гарч ирсэн Гэрэлт-Од нэг жилийн дараа намайг найз нөхдөөс минь асууж сураглаж байгаад манайд ирж хэд хоноод зогсохгүй хамтдаа амьдрах болсон. Угтаа бол тэрбээр манайд бүр мөсөн амьдрах болсон өдөр нь яг хэрэг гардаг 24-ны өдөр байсан.
Тухайн өдөр манай гэрт Батцэнгэл түүний эхнэр Энхээ болон Гэрэлт-Од бид дөрөв хамтдаа ганц шил юм мулталж зовлон жаргалаа ярьж хөөрөхөөр болсон юм. Эхнийхээ нэг шил архийг ууж дууссаны дараа Гэрэлт-Од 100-н айлын есдүгээр дэлгүүр дээр хүнтэй уулзахаар болчихлоо. Хамтдаа явья гээд Батцэнгэл бид гурав цуг гэрээсээ гарсан. Гэтэл гэнэт Гэрэлт-Од над руу дайрч “Чамаас болж долоон жил зовсон. Одоо чиний нүдийг сохолно” гэж хэлсэн.
Тэгэхэд Батцэнгэл хажууд зогсож байсан. Би түүнд Гэрэлт-Одыг салгаад өгөөчээ гэж хэлэхэд “Надаа хамаагүй ээ, өөрсдөө учраа ол” гэж хэлээд хажууд зогсож байсан. Хэрэв Батцэнгэл надад тусалсан бол би Гэрэлт-Одын доороос босож хоёр нүдтэйгээ байх боломж бүрэн байсан. Гэтэл нэг найз нь найзынх нүдийг сохлохоор дайрч байхад яагаад Батцэнгэл энэ аймшигт зодооныг салгаагүй юм бол гэж би одоо хүртэл гайхдаг. Үнэндээ би баруун нүдээ ухуулж байхдаа ухаан балартсны улмаас ухаан алдаж унасан. Түүнээс цааш юу болсныг санахгүй байгаа.
-Таны хоёр нүдийг яг юугаар ухсан юм бэ. Гэрэлт-Од бие бялдрын хувьд ямархуу хүн бэ?
-Хоёр хуруугаараа. Намайг бодоход тэр биеийн хөгжил сайн, өндөр намаараа надтай адилхан, махлаг залуу.
-Таныг хэргийн газар дээрээс ямар хүмүүс олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэв?
-Хэргийн газраас цагдаа нар олж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна лээ. Үүнийг сүүлд мэдсэн. Би баруун нүдээ ухуулж байхдаа ухаантай байсан. Үүнээс хойш юу ч санахгүй байгаа Ухаан ороод сэрэхэд хоёр нүдгүй болсон байсан. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хэрэг гарсан газар бол 100 айлын есдүгээр дэлгүүр биш. Гэр хорооллын далангийн хажууд болсон хэрэг.
-Гэрэлт-Од, Батцэнгэл хоёрыг цагдаа нар яаж барьж авсан юм бэ?
-Би ухаан орсныхоо дараа хорооны цагдаа дээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед намайг олж авсан цагдаа согтолтын хэмжээ бага. Асуусан асуултад 100 хувь хариулсан гэдгийг эхнэрт маань хэлсэн байна лээ. Миний мэдээллийн мөрөөр тэр хоёр хүнийг олж авсан.
-Одоо таны хэрийг хаана шалгаж байна. Хэргийг тань шалгаж байгаа мөрдөн байцаагч хэргийн газарт үзлэг хийсэн үү?
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Ахлах дэслэгч, мөрдөн байцаагч Жанрис гэдэг хүн дээр байгаа. Хэргийн газарт ямар ч үзлэг шинжилгээгээ хийгээгүй байна лээ.
-Хэргийн газар байсан Гэрэлт-Од, Батцэнгэл хоёрыг сэжигтнээр татсан уу?
-Ганцхан Гэрэлт-Одыг сэжигтнээр татсан. Харин Батцэнгэлийг гэрчээр дуудаж байцаалт авсан. Уг нь, Батцэнгэл гэрч биш сэжигтнээр татагдах ёстой гэдгийг мөрдөн байцаагч маань маш сайн мэдэж байгаа. Учир нь, Гэрэлт-Одыг миний хоёр нүдийг ухаж авч байхад хажууд Батцэнгэл байсан. Тэгээд ч түүнийг би Гэрэлт-Одтой цуг зүүн нүдийг минь ухсан гэж ойлгож байгаа. Тиймээс би Батцэнгэлд 100 хувь гомдолтой байна.
-Батцэнгэлийг яагаад гэрчээр байцааж байгаа талаар та байцаагчаасаа асууж тодруулсан уу. Байцаагч тань танд ямар хариулт өгсөн бэ?
-Мэдээж би энэ талаар асуулгүй яах вэ. Учир нь, Гэрэлт-Од миний дээр гараад зүүн нүдийг минь ухаж байхад Батцэнгэл яг толгойн дээд хэсэгт хараад зогсож байсан. Хэрвээ Батцэнгэл Гэрэлт-Одыг болилусан бол би өнөөдөр хоёр нүдэндээ шаариг суулгаж хорвоог харах нүднээсээ салахгүй байх боломж 100 хувь байсан. Тиймээс л Бацэнгэлийг гэрчээр биш Гэрэлт-Одын хамсаатнаар татагдах ёстой гэж байцаагчдаа олон удаа учирлан хэлсэн ч хохирогч миний үгийг тоож аваагүй. Мөрдөн байцаагч Жанрисийн тайлбарлаж буйгаар бол “Чиний хэлснээр болдоггүй юм. Чи одоо юу гээд байгаа юм бэ” гэсэн утгатайгаар загнасан.
Миний нүдний хоёр алиман хэсэг тэр чигээрээ цувчихсан. Эд эрхтэнүүд нь байхгүй
-Ганцхан удаа юу?
-Ганцхан удаа л авсан. 2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр би өөрөө мөрдөн байцаагч Жанрис руу утсаар залгаж “Миний хэрэг юу болж байна вэ. Та надаас хэзээ байцаалт авах вэ” гэж асуусан. Гэтэл тэрбээр “Удахгүй очиж байцаалт авна. Гэмт хэрэгтэн Гэрэлт-Од нэгдүгээр сарын 12-ны өдөр баригдсан. Тэрбээр согтуудаа гэмт хэрэг хийсэн гэдгээ 100 хувь хүлээсэн. Одоо Цагдан хорих 461 дүгээр ангид байгаа. Харин Батцэнгэлийн хувьд гэвэл тэрбээр мэдүүлэг өгөхдөө “Би энэ хэрэг гарах үед архинд явчихсан байсан” гэж хэлсэн учраас би энэ хүнээс гэрчийн мэдүүлэг авсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би яахаараа энэ хүнээс гэрчийн мэдүүлэг авч байгаа юм бэ. Наад хүн чинь хэрвээ намайг Гэрэлт-Одоос салгасан бол би өнөөдөр хоёр нүдтэйгээ байх байсан. Тэгээд ч баруун нүдийг минь Гэрэлт-Од ухаж байх үед Батцэнгэл миний толгой хэсэгт зогсож байсан шүү дээ. Тиймээс би Батцэнгэлд гомдолтой байна. Одоо яаралтай байцаалтаа өгмөөр байна гэж хэлсэн чинь удахгүй авна аа гэж хэлээд л утсаа тасалсан.
-Тэгээд яг хэзээ нь байцаалт авсан юм бэ?
-Манай гэр Яармагт байдаг. Аргаа бараад би өөрөө нэгдүгээр сарын 23-ны өдөр очиж байцаалтаа өгсөн. Байцаалтаа өгөх үедээ дээр хэлсэнчлэн Батцэнгэлийг гэрчээр биш сэжигтнээр татах ёстой. Наад хоёр хүн чинь үгсэн тохиролцож намайг өнөөдөр ийм байдалд хүргэлээ гэдгийг хэлсэн. Гэтэл өдийг хүртэл Батцэнгэл гэдэг хүн гадуур эрх чөлөөтэй явж байгаад нь үнэхээр гомдож байна.
-Хэрэг гарах үед ойр хавиар чинь хүн байгаагүй юм уу?
-Хэрэг 17:30 цагийн үед болсон. Учир нь харуй бүрий болж байсан учраас би цагаа ингэж баримжаалж байгаа юм. Мөн би 19:30 цагийн үед хорооны цагдаагийн газарт ухаан орсон. Тэгэхээр ойр хавьд маань хүн байгаагүй. Хэрвээ байсан бол хажуугаар явж байсан хүн салгах байсан шүү дээ.
-Таныг эмч нар хараа орох боломжтой гэж хэлсэн үү?
-Миний хөдөлмөрийн чадвар 100 хувь алдагдсан. Гэмтлийн зэрэг маш хүнд. Хоёр нүдний алим хэсгийг авсан. Ер нь анх хэргийн газраас цагдаа нар намайг олоход миний нүдний хоёр алиман хэсэг тэр чигээрээ цувчихсан. Эд эрхтэнүүд нь байхгүй. Хоёр нүдийг минь ухаад няцлаад хаячихсан байсан гэсэн. Тэгэхээр би насан туршдаа харах боломж байхгүй болсон. Үнэндээ маш харгис үйлдэл байгаа биз дээ. Яг үнэндээ Батцэнгэл гэдэг хүн энэ хэрэгт оролцсоныг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр би баруун нүдээ сохлуулаад ухаан алдсан. Тэрнээс хойш миний зүүн нүдийг сохолсон, хавирга хугархай, хүзүү боогдсон, энд тэнд хазсан оромтой энэ бүгд шүүх эмнэлгийн магадлагаанд бичигдсэн байгаа. Би одоо хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй байгаа.
Анхнытуяа эмч надаас тойруугаар мөнгө нэхсэн
-Тэгэхээр танд одоо нүд шилжүүлэн суулгах ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?
-Өнгөрсөн сарын 25-ны өглөө 08:00 цагт Нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орсон. Тухайн үед би эмч нараас “Миний нүдэнд нүд шилжүүлэн суулгах мэс засал хийвэл би харах боломжтой юу. Надад ямарваа нэгэн аргаар харах боломж байгаа юу” гэхэд “Уучлаарай миний дүү чамд ямар ч боломж байхгүй. Чиний нүдний эргэн тойрны булчин, судас шөрмөсүүд бүгд хагархай тасарсан. Ганцхан шөрмөсөн дээр тогтож байгаа. Судаснууд гэхэд нэг ч бүтэн судас байхгүй. Таны нүдний дээд, доод зовхи урагдалттай учраас нүдийг тань ширгээж оронд нь шаариг суулгана гэж хэлээд шаариг суулгасан. Одоо 100 хувь нийгмийн халамжид хамрагдчихаад явж байна.
-Таныг халамжид орох гээд явж байхад харьяа дүүргийн чинь эмнэлгийн эмч авлига нэхсэн гэх асуудал яригдаад байгаа. Энэ үнэн юм уу. Ямар эмч таниас мөнгө нэхсэн юм бэ?
-Энэ бол үнэн. Хан-Уул дүүргийн нэгдсэн салбар 13 дугаар төвийн нүдний их эмч Анхнытуяа гэдэг эмэгтэй надаас яг хахууль авч чадаагүй. Би хахууль өгье гэсэн ч надаа өгөх мөнгө нь байхгүй. Энэ эмчийг яагаад би ингэж хэлж байгаа юм бэ гэхээр надаас тойруу утгаар нэхээд намайг ямар ч үндэслэлгүйгээр таван удаа буцаасан. Тухайлбал, тэрбээр хамгийн сүүлийн удаа буцаахдаа гараар хийсэн карт ашиглахгүй наадах чинь муухай байна янзалж ирээрэй гээд буцаахад нь би хэл ам хийж байгаад эмнэлэг эрхэлж байгаа даргатай нь уулзаж учир байдлаа хэлсний маргааш нь намайг группт оруулсан. Ер нь бол Анхнытуяа эмч хүмүүсээс мөнгө авдаг нь үнэн шүү дээ.
-Та Анхнытуяа эмчийг хүмүүсээс мөнгө авдаг гэдгийг нь яаж нотлох юм бэ?
-Түүнд мөнгө өгсөн хүмүүс нь байдаг. Би эдгээр хүмүүсийн нэрийг хэлэх боломжгүй байна. Тэрбээр тахир дутуу хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс групптээ орох гээд ирэхээр нь “Миний цалин бага та надаа 200-300 мянган төгрөг өгчих. Би таныг зургаан сар хүлээлгэхгүйгээр хугацаанаас чинь өмнө группт оруулаад өгье гэж хэлдэг. Хэрвээ би тухайн үед Анхнытуяа эмчид өгөх ёстой мөнгөө өгсөн бол таван удаа буцахгүй байсан шүү. Та бүхэн группт орох гэж байгаа орсон хүмүүсээс асуугаад үзээрэй яг миний ярьсныг л хэлнэ.
-Та 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө хаана ямар ажил хийж байсан бэ?
-Хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө “Бодончорийн говь” гээд барилгын компанитай дотоод заслын чиглэлээр хоёр жилийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
-Одоо цаашдаа яаж амьдрая гэж бодож байна. Таныг түрээсийн байранд амьдардаг гэж сонссон. Хэдүүлээ амьдардаг юм бэ?
-Эхнэр бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Ажил хөдөлмөр эрхэлж байхдаа байр савныхаа түрээсийн мөнгийг болгодог байсан. Мөн эхнэр маань давхар ажил хийдэг байсан. Одоо би ганцаараа хаашаа ч явах боломжгүй учраас эхнэр маань ажил хийж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Тиймээс цаашдаа яах вэ гэсэн бодол намайг өдөр шөнөгүй зовоож хагас солиорлын байдалд оруулаад байна.
-Та Гэрэлт-Одоос эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилсэн үү?
-Үгүй, ямар ч мөнгө нэхэмжлээгүй байгаа. Мөнгө нэхэмжилье гэхээр мөрдөн байцаагчтайгаа уулзах ямар ч боломж олдохгүй байна. Хоёрдугаарт нь мөрдөн байцаагч Жанристэй уулзая гэхээр хэргийг чинь хянах гээд прокурор авсан байгаа гэдэг л хариултыг өгөөд байна.
-Тэгвэл хэргийн чинь мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусч прокурорт шилжсэн юм биш үү?
-Үгүй. Хэрэг гарснаас хойш надаас ганцхан удаа арай гэж байцаалт авсан шүү дээ. Хэргийн газарт очиж бэхжүүлэх ёстой бүхий л баримтаа бэхжүүлж чадаагүй юм чинь яаж энэ хэрэг ийм хурдан хугацаанд прокурор руу шилжих юм бэ.Зүгээр л хэргийг хяналтын прокурор Мөнх-Од гэж хүн авч хянаж байгаа гэсэн.
Батцэнгэлийг гэрчээр бус сэжигтнээр татаж Гэрэлт-Одтой хамсаатан болж байж энэ хэргийн зүйл анги нь өөрчлөгдөнө
-Гэрэлт-Одыг ямар зүйл ангиар шалгаж байгаа юм бэ?
Түүнийг Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэдэг зүйл ангиар шалгаж байгаа. Уг зүйл ангийн 96.1.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай байдаг юм байна.
Яг үнэндээ энэ зүйл ангид зааснаар бол Гэрэлт-Од эрүүл хүний сохолчихоод найман жилийн ял авах юм шиг байгаа юм. Тухайлбал, хараагүй болсон иргэдийн ярьж буйгаар нэг нүдийг сохлоход дөрвөн жил, хоёр нүд сохолвол найман жилийн ял өгдөг гэсэн. Тиймээс энэ зүйл анги надад үнэхээр харамсалтай байна. Цоо эрүүл байсан хүний нүдийг сохолж амьдралыг нь орвонгоор нь эргүүлчихээд найман жилийн ял авна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Хамгийн гол нь энэ хүн урьдаар бэлдэж хүний нүдийг санаатайгаар сохолсон байгаа биз дээ. Тиймээс би энэ хэрэгт Батцэнгэлийг гэрчээр бус сэжигтнээр татаж Гэрэлт-Одтой хамсаатан болж байж энэ хэргийн зүйл анги нь өөрчлөгдөж тэр хоёр нь эдлэх ёстой ялаа эдэлнэ гэдгийг хэлээд байгаа юм. Тухайлбал, би нэг болсон явдлыг ярьяа. 2007 онд Хэнтий аймгийн харьяат нэг эмэгтэй 10 мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял авч байсан. Мөн 33.10 маркийн Noika гар утас хулгайлсан Хэрлэнбаатар гэдэг залуу 10 жилийн авч байсан. Гэтэл миний хоёр нүдийг сохолсон хүн найман жилийн ял авч байгаа нь зүйд нийцэхүү. Угтаа бол миний нүд 33.10-аас хямдхан болчихож байгаа юм. Үнэхээр ийм хуулийн зүйл анги байгаад харамсаж байна. Яг үнэндээ миний зүүн нүдийг Батцэнгэл гэдэг сохолчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр хэрэг гарах үед архинд явах биш яг миний толгойны чанх дээд хэсэгт зогсож байсан шүү дээ. Хэрэг гарснаас хойш хэдэн хоногийн дараа Гэрэлт-Од баривчлагдав. Энэ хугацаанд тэр хоёр хүн үгсэн тохиролцож нэгнийгээ хэргийн гадна үлдээж байгаа биз дээ. Гэрэлт-Од долоон жил шоронд суугаад гарсан хүн хэрхэн яаж хэргээ ганцаараа үүрч байж хэргийн зүйл анги өөрчлөгдөнө гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Тиймээс л энэ хэргийг ганцаар үүрч найман жилийн ял авах гээд хэргээ хүлээсэн хэрэг. Хэрвээ мөрдөн байцаагч Жанрис энэ хэрэг дээр чин сэтгэлээсээ мөрдөн байцаагчийнхаа ур чадварыг гаргаад ажиллах юм бол хэргийн зүйл анги өөрчлөгдөх бүрэн боломж байгаа. Яагаад Батцэнгэлийн үгээр үг хийж түүнийг гэрчээр байцаах болов оо гэдэг нь сонин байна. Хэрвээ энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж Батцэнгэлийг сэжигтнээр татахгүй бол би эцсээ хүртэл явах болго шүү гэдгээ хэлмээр байна. Би өнөөдөр дөнгөж 30-хан настай залуу хүн. Миний амьдрал орвонгоороо эргэж амьдрал маань там болчихоод байхад яагаад энэ хэрэгт анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Тиймээс би мөрдөн байцаагч Жанрист хүртэл гомдолтой байна гэдгээ танай сониноор дамжуулан хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, хамтарч үйлдсэн гэмт хэргийг хамтрач үйлдээгүй хэмээн Жанрис мөрдөн байцаагч Батцэнгэлээс гэрчийн мэдүүлэг аваад байна гэж хэлж байгаа юм.
-Та өмгөөлөгч авсан уу?
-Хараагүйчүүдийн нийгэмлэгээс Иргэдийн шударга шүүх ТББ-ын өмгөөлөгч Х.Бат-Ялалт гэдэг өмгөөлөгчийг олж өгсөн. Энэ хүн цагаан сарын дараа хоёулаа мөрдөн байцаагчтай чинь очиж уулзнаа. Энэ хэргийг нэг тал руу шийднээ, би хөөцөлднөө гэсэн хариуг өгсөн байгаа. Ямар ч байсан өмгөөлөгчид би болсон бүх үйлдлийг тайлбарлан ярьсан учраас таны эрх талыг би хамгаална, магадгүй хуулийн зарим нэг заалт зөрчигдсөн байна гэж хэлсэн. Ямар ч байсан би энэ хүнд маш их итгэж байгаа.
-Гэрэлт-Од танд өс хонзон санаж байгаа тухайг та гадарлаагүй юу?
-Үгүй. Би юу гэж тэгж санах юм бэ. Түүний шоронд явах болсон шалтгаан нь надаас үүдэлтэй биш шүү дээ. Харин ч би хэргээ ганцаараа үүрээд хүн чанар гаргаж байхад намайг ийм байдалд хүргэсэн нь үнэхээр харамсалтай байна. Угтаа бол энэ бүхэнд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч нар намайг мэдээлэл өгсөн мэтээр Гэрэлт-Одод ойлгуулж хоёр хүний хооронд яс хаяснаас бол ийм байдалд хүргэсэн гэж бодож байна.
-Гэрэлт-Од хэрэг үйлдэх үедээ тийм их согтуу байсан юм уу?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Би дээр танд хэлсэн байгаа. Тэрбээр миний нүдийг хэлж байгаад сохолж байгаа нь урьдаар төлөвлөсөн байсан гэдгийг баталж байгаа биз дээ.
Хэргийг яаж шийдэгдэх хүртэл хууль хяналтын байгууллагаар явж гомдлоо гаргасаар байх болно
-Хэрвээ яг одоо явагдаж байгаа мөрдөн байцаалтын дагуу хэрэг шийдэгдвэл та яах вэ?
-Би өөрт байгаа бүхий л боломжоо ашиглана. Хэрвээ мөрдөн байцаагч хэргийг үнэн зөвөөр шийдвэл Гэрэлт-Од, Батцэнгэл гэж хоёр хүн хам хэрэгтэн болно. Хам хэрэгтэн болж байж энэ хоёр хүний авах зүйл анги нь ч өөрчлөгдөнө гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, ганцаараа гэмт хэрэг үйлдсэн хүний зүйл анги нь арай хөнгөн.
Харин хоёр ба түүнээс дээш болох юм бол бүлэг болдог. Миний хар ухаанаар бол бүлэг хэрэгтнүүд наймаас дээш жилийн ял авна гэж би ойлгоод байгаа юм. Тэгэхээр мөрдөн байцаагч хэргийг яг одоо явуулж байгаа шигээ прокурор руу шилжүүлвэл Гэрэлт-Од найман жилийн хорих ял авч Батцэнгэл ямар ч хариуцлага хүлээхгүйгээр сул чөлөөтэй болно гэсэн үг. Тиймээс би хэргийг яаж шийдэгдэх хүртэл хууль хяналтын байгууллагаар явж гомдлоо гаргасаар байх болно. Та бодолдоо би хорвоо ертөнц, үр хүүхэд хань ижлээ насан туршдаа харахгүйгээр харанхуй амьдралаар амьдрах болоод байна. Тиймээс л хагас солиролын байдалд орж яах учраа олохгүй үнэхээр хүнд байна.
-Та энэ хоёр хүнээс цаашдаа ямар ч мөнгө нэхэмжлэхгүй гэсэн үг үү?
-Энэ хоёр хүнээс би эмчилгээний зардал болон насан туршийнхаа мөнгийг нэхнэ.
-Одоогоор танд хэдэн төгрөгийн зардал гарсан бэ?
-Гурван сая төгрөгийн эмчилгээний зардал гараад байна.
-Таны эхнэрээс тань өөр хүн гадуур дотуур дагуулаад явах боломж байгаа юу?
-Байхгүй. Хөгшин настай ээж аав хоёр маань Багануурт байдаг. Намайг харах гэж эхнэр маань ажлаасаа гарсан даа. Одоо ямар ч орлого байхгүй хоёр хүүхдээ яаж тэжээх вэ гэсэн бодол л намайг ээрч байна.
Ямартай ч дөнгөж 30 насыг шүүрч яваа Б.Мөнхжаргал өөрийн сайн найз болох Гэрэлт-Одод хорвоог харах хоёр нүдээ сохлуулж хагас солиорлын байдалтай байгаагаа сэтгэл эмзэглүүлэн ярьж байна. Түүнчлэн хэргийг үнэн зөвөөр шалгах ёстой мөрдөгчид хэргийн газар болсон үйл явдлыг нарийвчлан судлахгүйгээр гэмт хэрэгтний үгээр үг хийж гэрчээр байцаасан нь харамсалтай. Яг үнэндээ хууль хяналтын байгууллагынхан муу муудаа дээрэлхүү гэгчээр ядарсан иргэдээ нүдэнд орсон хог мэтээр харьцдаг нь нууц биш. Тэдний энэхүү үйлдлийг Б.Мөнхжаргал өөрийн биеэр амсаад явж байгаагаа нуулгүй ярьж байна. Тиймээс энэ хэрэгт яагаад Батцэнгэлийг гэрчээр байцаах болов. Хохирогчийг баруун нүдээ ухуулж байхад нь чанх толгойных нь дээр зогсоод хээв нэг “Надаа хамаагүй ээ, өөрсдөө учраа ол” гэж хэлээд зогсож байсан Батцэнгэлд яагаад хуулийн харуицлага тооцохгүйгээр түүнийг гэрчээр байцаах болов гэдэг нь бас хачирхалтай. Хэрвээ уншигчид санаж буй бол Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батзолбоо нэгэн эмэгтэйн гаргасан гомдлыг үнэн зөвөөр шийдэхийн оронд гэмт хэрэгтэнтэй үгсэн хуйвалдаж түүнээс нэг сая төгрөгийн хахууль авсан нь энэ сарын 17-ны өдөр шүүхээр тогтоогдож байсан удаатай. Магадгүй дээрх хэрэгт ийм нөхцөл байдал үүссэнийг ч үгүйсгэхгүй. Ямартай ч манай сонин энэхүү хэргийг анхааралдаа авч бусад хэвлэл мэдээлэлийнхнийгээ уриалж үнэний талд шийдвэр гартал нь Б.Мөнхжаргалтай хамтдаа тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна.
Эх сурвалж: