Их Британийн Үндэсний Музейн “100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах” нэртэй үзэсгэлэн 3-р сарын 2-нд нээгджээ. Тус музейн захирал Фишерийн танилцуулснаар, үзэсгэлэнд дэлгэсэн эртний түүхэн эд өлгийн зүйлд Юань гүрний үеийн хөх хуартай шаазан, Еврей астролябия, нэрт зураач Альбрехт Дюрерийн “Хирс” нэртэй бүтээл зэрэг 2 сая он жилийг дамнасан бүтээлүүдээр хүмүүст хүн төрөлтний соёлын хөгжлийг харуулахыг зорьсон юм байна.
Анх 2010 онд Их Британийн үндэсний музей ВВС-тэй хамтран “Их Британийн Үндэсний Музейн 100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах нэртэй үзэсгэлэн” гаргаж, 100 ширхэг эд өлгөөр дэлхийн түүхийг тусгах төсөл ажиллуулсан ба түүний дараа тус музей “Их Британийн Үндэсний Музейн дэлхийн товч түүх” нэртэй ном хэвлүүлсэн байна. Энэ үндсэн дээрээ дахин номтойгоо ижил нэртэй дэлхийг тойрон аялах үзэсгэлэн ажиллуулснаар, энэ жилийн 3-5-р сард Хятад Улсын Үндэсний Музейд ажиллах болно.
Их Британийн Үндэсний Музейн захирал Фишер “100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах үзэсгэлэн нь манай музейн 8 сая гаруй эд өлгөөс сонгон шалгаруулсан 5 тивийн эртний чулуун зэвсгээс орчин үеийн хүний хүчээр бүтээсэн эд зүйлс хүртэлх 2 сая гаруй жилийг дамнасан 100 ширэх эд зүйлс байгаа юм. Хүмүүсийн сайн мэддэг дэлхийн түүхийг танилцуулах арга хэлбэрүүд шиг өөр өөр цаг үеийн хоорондын ялгаа, эсвэл аль нэг соёлын өвөрмөц талыг харуулахыг энэ үзэсгэлэн зориогүй. Харин тэдний нэгдмэл тал, соёл хоорондын уялдаа холбоог, харилцан нөлөөлөл зэргийг бодит зүйлсээр харуулахыг зорьсон юм” гэв.
Тэрээр:”Энэхүү үзэсгэлэн нь түүхийг бодит эд өлгөөр харуулахыг зорьсон. Үзэсгэлэнд тавигдсан зүйлс нийгмийн өөр өөр үе шатнаас эх үүсвэртэй бөгөөд зарим нь үсэг бичгийн тэмдэглэлтэй, харин зарим нь тийм тодорхойлолтгүй юм. Тиймээс урт удаан түүхэн явц дахь өөр өөр соёл иргэншлийн дунд тэгш харилцаа тогтоохыг бид зорьж байгаа. Музей бол тэр чигээрээ түүхэн эд өлгөтэй холбоотой газар гэдгийг бүгд мэднэ. Гэвч бид энэ үзэл баримтлалаас давж, түүх соёлын дурсгалт зүйлийн тухай шинэ үзэл баримтлал, тухайлбал олон нийтэд 2 сая гаруй жилийн түүхэн хэрэг явдлыг танилцуулахыг хичээж байгаа. Энэхүү үзэсгэлэнтэй одоогоор нийт 1 сая хүн танилцаад байгаа бол Австрали, Арабын нэгдсэн эмирт улсыг оролцуулсан олон орноор тойрон үзэсгэлэн ажиллуулах болно” гэжээ.
Их Британийн талын үзэсгэлэнгийн төлөвлөгч, доктор Крерар “Энэ үзэсгэлэн бол нээлт хөгжлийн тухай үзэсгэлэн бөгөөд хүмүүс эндээс хүн төрөлтний түүх, одоо болон ирээдүйг төсөөлж болох юм” гэжээ. Тэрээр:
“Наад 100 ширхэг эд өлгөөс хамгийн эртнийх нь чулуугаар хийсэн эдлэл хэрэгсэл бол хамгийн сүүлийн үеийнх нь нарны зайн чийдэн байх ба бүгд л хүн төрөлхтний амьдралаас хуримтлуулсан туршлагын дагуу бүтээгдсэн байдаг. Гол нь хүн төрөлхтөн хэрхэн өөрийн оюун ухаандаа түшиглэн техникийн хүндрэлийг давж байсан, эсвэл ямар нэгэн багаж хэрэгслээр харилцан хэлхээ холбоо тогтоож байсныг харуулж байна” гэлээ.
Их Британийн Үндэсний Музейн “100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах” үзэсгэлэн нь “Хамгийн анхны хот суурин”, “эрх мэдэл ба философи”, “худалдаа ба түрэмгийлэл”, “бидний бүтээсэн дэлхий ертөнц” зэрэг 9 хэсгээс бүрддэг бол эртний Египетийн сурвалжит эмэгтэйн модон авс, Инкагийн алтаар хийсэн лам гөрөөс, нийтийн тооллоос 700 жилийн өмнөх шавар бар, Германы нэрт зураач Альбрехт Дюрерийн “Хирс” нэртэй бүтээл зэрэг байгаагаас гадна, зарим урлагийн бүтээл багтсан байна. Үзэсгэлэнтэй танилцсан нэгэн үзэгч:
“Үзэсгэлэнд хөл бөмбөгийн багийн дуураймал хувцсыг дэлгэж байгаатай анх тааралдаж байна. Энэ хувцсыг 2010 онд Индонезод хийжээ. Дэлхийн түүхийг харуулсан үзэсгэлэнд гэнэт нэг орчин үеийн хөл бөмбөгийн багийн хувцас гарч байгаа нь их сонирхолтой, тэгээд бас дуураймал шүү дээ. Тэгэхээр наад дуурайж зохиосон хувцаснаас хөл бөмбөгийн спорт дэлхийн хэмжээнд хэрхэн хөгжиж дэлгэрсэн тухай ургуулан бодохгүй байхын аргагүй юм байна. Энэ үзэсгэлэн бидний ойлгож мэддэг музейн үзэсгэлэнгээс арай өөр, хүмүүст илүү хүмүүжил боловсрол олгодог гэж хэлж болно. Энэ нь музейн өвөрмөц үзэл баримтлалтай холбоотой байх. Хамгийн чухал нь нийгэм, олон нийтэд боловсрол мэдлэг хүртээх гэсэн зорилтдоо хүрч байна” гэжээ.
Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд бас Хятад улсаас гаралтай 10 ширхэг эд өлгө оролцсон бол түүнд Хятадын Хэнань мужаас олдсон Тан улсын үеийн гурван өнгийн хүүхэлдэй, Юань улсын хөх хуартай шаазан, Шэньжэнь хотод бүтээсэн нарны зайн чийдэн зэрэг байгаа юм. Эдгээр нь үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа. Үзэгч:
“Хятад улсаас гаралтай хэд хэдэн дурсгалт зүйлс дэлхийн хэмжээний энэхүү үзэсгэлэнд оролцоно гэдэг бол бид бүхний хувьд бахархууштай юм. Жишээ нь тэр Шан улсын үеийн хүрэл зэвсэг Хятад улсын тухайн үед хүрэл зэмсэг, эдлэл хэрэгсэл бүтээх талаар дэлхийд тэргүүлэх түвшинд байсныг харуулж байна. Тэгээд хүрэл зэвсэг гэдэг чинь тэр чигээрээ Хятад улсын эртний ёс заншлыг харуулж байдаг болохоор надад гүн сэтгэгдэл төрсөн” гэжээ.
Хятадын үндэсний музейд гарсан үзэсгэлэнд Их Британийн үндэсний музейн төлөвлөж бэлтгэсэн 100 ширхэг түүхэн эд өлгөөс гадна, мөн 101-р зүйлсээр “2001 онд Хятад Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсныг зарлах үеийн модон алх, гарын үсэг зурахад хэрэглэсэн үзгийг” үзмэр болгож тавьсан байна. Үзэсгэлэнгийн Хятадын талын төлөвлөгч Янь Жи:
“Энэ хоёрыг яагаад нэмсэн бэ гэвэл бид голдуу ДХБ бол эдийн засгийн интегралчлалыг биелүүлэх зорилготой төдийгүй, мөн худалдааны саадыг арилгах үүрэг рольтой гэдгийг харуулахыг бодсон. Учир нь Хятад улс хожим нь ДХБ болсон Олон улсын гаалийн татвар, худалдааны ерөнхий нийгэмлэгийн үүсгэн байгуулагч орны нэг бөгөөд 15 жилийн шаргуу зүтгэлээр 2001 онд дахин ДХБ-д элссэн байдаг. Энэ нь Хятад улсын өөрчлөлт нээлт, эдийн засгийн хөгжлийн хувьд маш чухал үйл хэрэг төдийгүй, мөн дэлхийн худалдааны хөгжил, дэлхийн эдийн засгийн интегралчлалыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм” гэжээ.
Эх сурвалжийн дагуу, энэ удаад тус үзэсгэлэн Бээжинд болж өндөрлсний дараа 6-р сарын 29-нөөс Шанхайн музейд зохиогдох юм байна.
Д.Хүчитбаатар
ХОУР