Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын ажиллагаа 03 сарын 16-нд Уурхайчдын талбайд боллоо.
Налайх цэргийн хотхоны анги салбаруудын цэргийн дуут жагсаал, Байлдааны туг залах ёслолоор өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.
Үүний дараагаар Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, хурандаа С.Содов илтгэл өгч, уухайн түрлэг давалгааллаа.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа та бүхнийхээ арын алба болох гэр бүл, үр хүүхдүүдэд тань та бүхнээр дамжуулан халуун талархалаа илэрхийлье” гэсэн юм.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдад дүүргийн Хүндэт тэмдэг, Засаг даргын нэрэмжит шагналыг дүүргийн болон цэргийн анги, салбарын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Дөл” тэмцээн, цэргийн хотхоны анги салбар, шүүх, цагдаагийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээн уралдаанд тэргүүлсэн баг, тамирчдын шагналыг гардуулан өгөв.
Энэ үеэр Зэвсэгт хүчний сүр хүч, цог жавхааг илтгэн Зэвсэгт хүчний 014, 350 дугаар ангийн офицер, ахлагч, албан хаагчид цэргийн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг хурсан олонд сонирхуулсан юм.
Мөн Зэвсэгт хүчний 014, 353, 350, 337, 314 дүгээр анги, Уул уурхайн аврах анги, Онцгой байдлын хэлтсийн хамт олны цэргийн ёслолын жагсаал, “Монгол Улсын төлөө зүтгэе” урлагийн нэгдсэн тоглолт боллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.