Цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн иргэнийг олж, Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байна. Өнгөрөгч хоногт /2017.03.21-22-нд шилжих шөнө/ цагдаагийн байгууллагад “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулашгүй ажиллагаа явуулан ажиллаж, уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал болохыг олж тогтоосон байна.
Энэхүү худал мэдээллийг тараасан этгээдийг эрэн сурвалжилж Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй Ж гэгч тараасан болохыг тогтоон, шалгаж эхэлжээ. Харин иргэн Ж болсон үйл явдлын талаар “Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн. Тэр мэдээллийг эмийн сангийнхан 102-т хэлсэн юм байна. Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Энэ мэт худал мэдээллэл тарааж, цагдаад худал мэдээлэл өгч болдоггүй юм байна. Миний худал хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэж ярив. Түүний худал мэдээлэл өгч буй дүрс нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.