Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн болон бусад таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч 20-ны өдөр болох байсан ч хойшлогдсон билээ. Тэгвэл шүүх хурал энэ сарын 28-нд буюу маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэнэ.
Г.Дэнзэнгийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанид тендерийн 17 тэрбум төгрөг авч өгсөн асуудлаар шалгагдаж байгаа юм. Тэгвэл энэ хэрэгт холбогдох хүмүүсийг Г.Дэнзэнгийн хэрэгт хамтатган шалгасны эцэст Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Уг шүүх хурал удаа дараа хойшлогдсоны эцэст маргааш дахин хуралдах гэж байна.