ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах шаардлагын дагуу Улсын төсвийн тодотголыг хийхээр сангийн сайд УИХ-д өргөн барьсантай холбогдуулан зарим нэг тодруулгыг МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас авлаа.
-ОУВС–ын хөтөлбөрт хамрагдах талаар МҮЭ–ийн холбоо ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай улс ОУВС-ын хөтөлбөрт 4 удаа хамрагдаж байсан юм билээ. Ер нь төлбөрийн тэнцэлийн алдагдал, төсвийн алдагдал, өр зээлийн том дарамт нүүрлэсэн өнөө үед арга ядсан л арга. Тодорхой хугацаанд хүндрэлээс гарахын тулд өөр арга алга болтой. Хамгийн гол нь тавигдаж байгаа шаардлагууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээ нь ард иргэдэд хүндээр тусахаар байна. Нөгөө талаас төсвийн сахилга бат хариуцлагыг сайжруулах талтай.
-ОУВС–ын шаардлагын дагуу ямар шаардлагууд байна. Та бүхэн ямар байр суурьтай байна.
-7-8 төрлийн татвар нэмэх шаардлага байгааг Сангийн сайд мэдээлсэн. Энэ талаар МҮЭ-ийн холбооны төлөөлөллүүд өнгөрсөн 7 хоногт Сангийн сайд ХНХЯ-ны төлөөлөлтэй уулзаж мэдээлэл авч байр сууриа ч тодорхой илэрхийлсэн. Нэгдүгээрт. Улсын 3 талт хэлэлцээрт заасны дагуу аливаа төрлийн татвар нэмэхэд заавал түншлэгч талуудтай зөвшилцөж санал авч хэлэлцэж шийдэх ёстой тэрийг зөрчсөн.
-Яг ямар татвар ачаалал нэмэгдэхээр байна?
-Одоо ард түмэн орлого буурсан байгаа энэ үед нэмэлт ачаалал үүрэх тэнхэл алга байна. Хүн амын орлогын албан татвар орлогын шатлалтай нэмэх, НДШ, Хадгаламжийн орлогын татвар, Автомашин, архи, тамхины татвар нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн тэтгэврийн насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлж эрэгтэй эмэгтэй 65 нас болгох, төрийн албан хаагчид Боловсрол эрүүл мэнд онцгой байдлын албан хаагчид 2 хүн тэтгэвэрт гарсан орон тооны оронд 1 орон тоон дээр хүн авч 1 ийг нь цомхотгохоор төлөвлөж байна.
Гэтэл өнөөдөр боловсрол эрүүл мэнд зарим төрийн үйлчилгээний албан хаагчид хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ. Энэ талаар манай Боловсрол, Эрүүл мэндийн ҮЭХолбооныхон тодорхой байр сууриа илэрхийлж газар дээр нь шийдвэр гаргагчдыг ирж ажиллахыг шаардаж байгаа. Тэрний оронд хэрэгтэй хэрэггүй өөр орон тоог цомхотгох нь арай илүү зөв шийдвэр болох болов уу. Жижиг хадгаламж эзэмшигчдээс хүү авах уу үгүй юу бодох л асуудал.
-Хэрэв танай саналыг авахгүй бол ямар арга хэмжээ авах уу.
-Мэдээж хуулийн дагуу хэлэлцээрийн заалтууд зөрчигдөж байгаа тул хамтын маргаан тэмцэлээ л хийхээс өөр сонголтгүй болно. Хамгийн гол нь шудрага ил тод байдлыг л бид шаардаж байна. МҮЭ-ийн холбооны хувьд хүнд нөхцөл байдалд хийж байгаа сонголтын бүх зүйлийг нь үгүйсгээд байгаа юм биш. ОУВС-аас орлого зарлагаа тэнцвэржүүл гэдэг ерөнхий шаардлага тавьсан харин тэрийг ямар замаар шийдэх вэ гэдэг нь манай асуудал. Тиймээс зарим асуудалд илүү болгоомжтой хандах ёстой. Энэ хүнд үед заавал зээлээр том дэд бүтцийн ажлууд хийх хэрэг байна уу үгүй юу?
-Зарим төрлийн татварууд нэмэхийг 100 хувь үгүйсгээгүй.
-Татварын нэг алтан зарчим байдаг ш дээ. Нийгмээс илүү ихийг хүртэх илүү ихийг хэрэглэх тусам илүү татвар төлдөг. Энэ бол Олон улсын жишиг.
Тухайлбал 10-20 сая төгрөгийн цалинтай, тэрбумын хаустай эдлэнтэй, 100 гаруй сая төгрөгийн машин унадаг хүмүүс илүү хувиар татвар төлөх л ёстой. Архи тамхины онцгой татвар нэмнэ гэхээс гадна зарим импортлогч яагаад 1 амдолларыг 1450 төгрөгөөр бодож татвараа төлдөг юм бэ. Энгийн иргэд 2500 төгрөгөөр доллар худалдаж авч байна.
-Тэтгэврийн насны хувьд яг ямар өөрчлөлт орох вэ
-Одоогийн төслөөр жишээ нь эрэгтэй хүнийг 10 жилийн дотор тэтгэврийн насыг 5 жилээр нэмнэ гэдэг хэт түргэдсэн хэрэг болно. Манай гишүүн байгууллагууд ялангуяа байгаль цаг агаар, ажлын хүнд нөхцөлд байдаг салбар, орон нутгийн ажилчдын эсэргүүцэл их байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт 69 байгаа судалгаа байна. Тэрнээсээ илүү элдэв халамж, амлалтын шинж чанартай тэтгэврийн хөнгөлөлтдөө анхаарах хэрэгтэй. Мөн сангийн орлого зарлагад анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ үнэнчээр татвараа төлдөг хэсэг нь л хохироод улам ачаа үүрч ирлээ.
-Та бүхний санал болгож байгаа гарц юу байна.
-Ер нь иргэд хөдөлмөрчдийнхөө татвар төлөх гээд байгаа хүмүүсээ илүү сонсох хэрэгтэй. Явж явж эцсийн ачаа үүрэгч татвар төлөгч нар бол хэрэглэгч иргэд шүү дээ. Үнэхээр цаашдаа иргэний оролцоонд тулгуурласан нийгмийн түншлэлээр явъя гэж байгаа бол адилхан зовлон жаргалаа үүрээд явах ёстой. Нэг хэсэг хариуцлагагүй хүмүүсийн алдаатай бодлогын төлбөрийг нийтээрээ төлөх гэж байна.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн тодорхой заалтууд зөрчигдөхөд хүрч байгаа учир хэлэлцээрээр эдгээр асуудлуудыг ярих саналыг ЗГ-т албан ёсоор хүргүүлсэн. Удахгүй хэлэлцээр эхлэх ёстой.
-Хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ.
Ер нь жаахан сэтгэлгүй, хариуцлагагүй амин хувиа хичээсэн байдлаас л энэ бүхэн үүсч байна даа. Нэн түрүүнд бондын мөнгөнөөс зээл авсан этгээдүүдийг зээлийг нь цаг хугацаанд төлүүлэх хэрэгтэй. Хамаагүй дараа төлбөр буюу концессийн гэрээгээр элдэв өр тавьдагийг хязгаарлах хэрэгтэй.
-Оффшор дансанд их хэмжээний хууль бус мөнгө байгаа зээл авах хэрэг байна уу
Үнэхээр гадаад дотоодод олон тэрбум долларын мөнгө нуугаад байгаа бол тодорхой хугацаа өгөөд мөнгөө оруулж ирж Монголдоо хөрөнгө оруулалт хийх боломжийг нь олговол өнөөдрийн дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа эдийн засагт эерэгээр нөлөөлөх болов уу. Хойд хөрш ОХУ – аас эхлээд тийм арга хэмжээг авч байна.
-Цаашид эдийн засаг, төсөв, ард иргэдийн амьдрал ямар төлөвтэй байна.
Биднээс л шууд хамаарна. Гэхдээ хямрал хүндрэл цаг зуурын л асуудал удахгүй эдийн засаг улс орон маань сайн болно гэдэгт итгэж байна. Бүх зүйл хүнд байгаа биш амжилттай сайн явж байгаа ААН, салбар зөндөө л байна. Цөөн хүн амтай, жижиг эдийн засаг унаж босохдоо цаг хугацаа бага байдаг. Хамгийн гол нь тогтвортой байдал итгэл найдвар чухал, хамгийн сүүлд итгэл бөхдөг гэдэг байхаа.
Нараа