Хүүхдийн эрхийн байгууллагууд нэгдэж шүүхийн шийдвэрээ биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсноо дуулгалаа.
Тодруулбал, Хүүхдийн эрхийн үндэсний төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд нэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсон байна.
Хаврын морин уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг үл тоон “Дүнжингарав-2017” уралдаан зохион байгуулж, хүүхдийн аминд хүрсэнд олон нийт ихээхэн бухимдаж байгаа юм. Мөн Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноос унаж, 10 гаруй нь хөнгөн, зургаа нь хүнд бэртэж, нэг хүүхэд амиа алдсан.
Өнгөрсөн жил Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы тушаалаар Хүүхдийн эрх, хүүхдийн хамгааллын тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг шинэчлэн баталж жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэвч “Дүнжингарав-2017” уралдаан болохоос хоёр хоногийн өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тушаалыг өөрчилж он, сарыг нь авч орхигдуулан өвлийн гэсэн үгийг үлдээсэн тухай хүүхдийн эрхийн байгууллагууд хэвлэлийн бага хурлын үеэр дурдаж байсан юм.
Мөн “Н.Номтойбаяр сайд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтыг шинэчлэснийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн тухайгаа дурдсан юм.