Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараар ахлуулсан Баянгол, Чингэлтэй дүүргийн удирдлагууд 2017 оны 03 сарын 20-24-ны өдрүүдэд Японы улсын Шизуока мужид албан айлчлал хийлээ.
Налайх дүүргийн бүрэлдэхүүнд Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай нар багтсан бөгөөд Япон улсын Шизуока мужийн дарга Ноён Кавакацү Хейтагийн урилгаар айлчилсан юм.
Албан томилолтын эхэнд Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар айлчлалын багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ жил 2 улс найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд хоёр улсын найрамдалт харилцааны түүхэн замнал, Японы улсын хотуудын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Айлчлалын үеэр Канда гава нэртэй ус сувгийн газрын үйл ажиллагаатай танилцаж байгалийн нөөцыг хэрхэн зөв зохистой ашиглаж байгаа, усыг хэрхэн олон давхар шүүлтүүрээр цэвэршүүлж ард иргэдэд түгээж байгаатай танилцлаа. Мөн дэлхийн соёлын өв болсон их бууны Нираяма зуухыг үзэж өв соёлынхоо өчүүхэн хэсгийг ч хэрхэн авч үлдэн гадаадад суртчиллаж байгаа нүдээр үзлээ. Хэдийгээр уг зуух нь 100-аад жилийн тэртээ нээгдэж 7 жил ажилласан боловч өнөөдөр соёлын өвдөө бүртгэж, бэлэг дурсгал, аялал жуулчлалын үзвэр, орон нутгаа сурталчилах бүтээгдэхүүн болгон ашиглаж байгаа нь авууштай санаа байлаа. Үүний дараагаар гүзээлзгэний хүлэмжтэй танилцаж газар тариалан, өрхийн ногоо тарих аж ахуйг яаж үр ашигтай хөгжүүлдэг талаар шинэ туршлага судаллаа. Үргэлжлүүлэн Сүзүки машины үйлдвэртэй танилцсанаар үйлдвэрлэлийг хэрхэн явуулдаг ямар нөхцлийг бүрдүүлж ажилладагтай биеэр танилцав.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараар ахлуулсан Баянгол, Чингэлтэй дүүргийн удирдлагууд, айлчлалын баг Шизуока мужийн дарга Кавакацү Хэйта болон тус мужийн 10 хотын удирдлагууд, Сүгимура Эрдэнэхатан тэргүүтэй албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтыг нээж Монгол талыг төлөөлөн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үг хэллээ.
Мөн Монголын талыг төлөөлөн Шизуока мужийн өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд ярилцлагандаа 2 улсын найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлон дурдаад ач холбогдолтой, ихээхэн үр дүнтэй уулзалт зохион байгуулагдсанд талархсанаа илэрхийлэв. Мөн дүүргийнхээ онцлог, цаашид хөгжих чиг хандлагын талаар онцгойлон дурдаж дүүргээ Японд сурталчилсан. Уулзалтын үр дүнд тус мужийн хэд хэдэн хотууд Налайх дүүрэгтэй харилцаа холбоо тогтоож цаашид урлаг соёл, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын тодорхой ажлуудад хамтран ажиллахаар болсон.
Япон улс нь техник технологийн хөгжил, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, соёл урлагийн салбараараа дэлхийд тэргүүлэгч. Шизуока муж нь Япончуудын шүтээн Фүжи хайрханы өвөрт оршдогоороо алдартай, бидний сайн мэдэх Ямаха, Сүзүки зэрэг дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэгцэн хөгжсөн муж юм. Энэ утгаараа манай Налайх дүүргийн аж үйлдвэрийн парк бүхий аялал жуулчлал хөгжсөн эко хот болох зорилтод туршлага болохуйц ижил төстэй муж юм. Шизуока мужийн дэд бүтэц, аж үйлдвэр, соёлын боловсролын салбарын хөгжлийн туршлагаас Налайх дүүрэгтээ нэвтрүүлж хамтран ажиллахаар төлөвлөөд байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.