
-Нийгмийг аюулаас бус цагдаа нараас хамгаалья-
Цагдаа нар хүн зодно, хүн ална, эхнэрээ тамлана, эрүүл мэнд, гоо сайханд нь нөхөж баршгүй хохирол учруулна. Энэ бүхний дараа цагдаа нарын зөв болж эсвэл тэд харьцангуй хөнгөн шийтгэл хүлээдэг. Ерөөсөө хулгайч нар хулгайч нарыгаа хамгаалдаг шиг цагдаа нар бие биенээ хамгаалж, хөөргөж нэгнийнхээ сэтгэхүйд ингэж болдог юм байх гэх үзлийг суулгадаг. Цагдаа нарын үйлдэл хэрээс хэтэрч, гудамжинд улайм цайм хүн дээрэмдээд зогсч байгааг нь хараад өнгөрсөн хүнийг “Юугаа харсан юм” гэж зандрах боллоо. Ард иргэдийн дунд цагдаа нарын нэр хүнд асар ихээр унаж “Цагдаа цагийн найз, сайн нь сарын найз”, “Эрийн муу цагдаа” гэх зэрэг хэлцүүд бий боллоо. Энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цагдаа нараа чадавхижуулж, хүнлэг ёсонд сургаж, хүн болсон боловсролтой хүмүүсээр нийгмээ хамгааллуулмаар байна. Өнөөдөр дунд сургуулиа дүүргэж чадаагүй, муу сурлагатай хулигаан байсан эсвэл доожоо муутай байсан хүүхдүүд цагдаа болж, нийгмийг аюулд автуулж байна. Энэ байдалд Хууль зүйн сайд С.Бямбацогт таныг ямар нэгэн арга хэмжээ авч, шинэчлэл хийж, Төрийн хувцас өмссөн гэмт этгээдүүдээс нийгмийг хамгаална гэдэгт найдаж байна.
Өнгөрөгч гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 32-ын тойрогт байрлах “Formula F1” авто угаалгын газар иргэн М-ийг таван цагдаа автомашиныг нь үнэгүй угааж өгсөнгүй хэмээн бүлэглэн зоджээ. Цагдаа нарын холбогдсон энэ хэрэг яст мэлхийний хурдаар явж байгаа бөгөөд хохирогч М өнөөдрийн байдлаар ГССҮТ-д хоёр ч том хагалгаанд орсон байдалтай байна. Мөн түүнийг зодуулах үедээ согтуу байсан, зодуулснаасаа бус зодуулсныхаа дараа автомашинд мөргүүлснээсээ болж хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллүүд явж байна. Үнэхээр М согтуу, дээрээс нь цагдаа нартай маргалдсан бол түүнийг тавын таван цагдаа эрүүлжүүлэхэд аваачаад хийчихэж болоогүй юм. Тэгсэн бол тэр хүн өнөөдөр зодуулж, автомашинд мөргүүлэхгүй л байсан болов уу. Гэхдээ тийм зүйл байгаагүй гэдэг нь бичлэг дээрээс тодорхой харагдаж байна. Мөн иргэн М-ийн ярьснаар түүнийг цагдаа нар автомашиныг нь үнэгүй угааж өгсөнгүй хэмээн зодож, танхайрчээ. Ер нь цагдаа нар хариуцаж буй газартаа бизнес эрхлэгчдийг айлган сүрдүүлэх, дарамтлах, хахууль авах, гэмт хэргийг нуун дарагдуулах, гэмт хэргийн хамсаатан болох зэрэг үйлдлүүд ихээр гардаг. Тэгвэл тэр өдөр 32-ын тойргийг хариуцдаг гэх төрийн хувцастай хоёр цагдаа болон энгийн хувцастай гурван цагдаа иргэн М-ийг автомашиныг нь үнэгүй угааж өгч дарамтлуулсангүй хэмээн зодсон бөгөөд энгийн хувцастай гурван цагдаа нь М-ийг эхэлж зодсон байна. Энэ үеэр М төрийн хувцастай хоёр цагдаад хандан “Та төрийн хувцастай цагдаа хүн байж яагаад энэ үйлдлийг таслан зогсоохгүй байгаа юм бэ” гэхэд нь төрийн хувцастай хоёр цагдаа мань хүнийг гадаа гаргаж байгаад нэмж зоджээ. Ямартай ч, энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Иргэн М-ийг зодсон цагдаагийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Нинж

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл