-Монгол Улсын Засгийн газрыг 109 сая ам.доллар бус 51 сая ам.долларыг төл гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Харин манай талаас тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан билээ-
Одоогоос дөрвөн жилийн өмнө “Жаст” группын захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэг дэгдэж байсан билээ. Улмаар “Жаст” группын захирал асан Ш.Батхүүд зохих шийтгэлийг нь хүлээлгэснээр дээрх дуулиан намжсан гэхэд болно. Тэгвэл өнөөгийн Засгийн газар энэхүү өрийн асуудлаар яаралтай шийдвэр гаргаж, Ш.Батхүүгээр төлүүлэх ёстой гэсэн шийдэлд хүрчээ. Тэр ч битгий хэл, Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Энэ яригдаад байгаа өрийг Ш.Батхүү төлөх ёстой” хэмээн ам алджээ. Ямартай ч түүний хэлсэн энэхүү үг олныг гайхшруулж дахин энэ хэрэг шалгагдах нь хэмээн ярих болсон юм.
Тэгэхээр Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банканд 109 ам.доллар төлөх үү. Аль эсвэл талыг нь төлөх үү гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь, 2014 онд тус банкнаас Монгол Улсын Засгийн газарт өр төлбөртөй холбоотой албан бичиг явуулахдаа “109 ам.долларыг танай Засгийн газар бүрэн төлж барагдуулах ёстой” гэсэн байсан. Гэтэл өнөөдөр “109 сая ам.доллар бус 51 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газрыг төл” гэсэн Анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Харин манай талаас тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан билээ. Хэдийгээр манай албаны хүмүүс Ш.Батхүүгээр энэхүү өрийг төлүүлнэ гэж ярьж байгаа ч энэ нь хэдий хэрийн хугацаанд хэрэгжих вэ гэдэг нь сонирхолтой.
Түүнчлэн “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа ч тус шүүх ямар шийдвэр гаргах нь бүрхэг. Учир нь, Ш.Батхүү дээрх 100 гаруй сая ам.долларыг залилж авахдаа Монгол Улсын төрийн өмчид бүртгэлтэй үйлдвэрийг барьцаалсан. Тиймээс Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь хангасан шийдвэр гаргах магадлалтайг нэр бүхий хуульчид хэлж байна. Учир нь, “Стандарт” банканд Ш.Батхүүгийн өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хоёр баталгаа гаргаж өгсөн учраас Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь хангаж манай Засгийн газар дээрх их хэмжээний мөнгийг төлөх магадлалтай. Ямартай ч Монгол Улсын Засгийн газар энэхүү өрийг төлөхөөр бол Ш.Батхүүгээс мөнгөө нэхэмжлэх нь гарцаагүй. Тиймээс одоогийн Засгийн газар болон хууль хяналтынхан 2009 онд Ш.Батхүүтэй хуйвалдаж ямар, хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж дээрх зээлийг авав гэдгийг дахин шалгах аваас сонирхолтой дүр зураг бууна. Учир нь, уг зээлийг авахад тухайн үед байсан эрх мэдэл бүхий албан тушаалтнууд одоо МАН-д нөлөө бүхий эрхмүүд болсон. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Ш.Батхүүгийн уг асуудалд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарыг холбон ярьдаг байсан ч Ш.Батхүү дээрх нэр бүхий хоёр эрхмийн гарын үсгийг хуурамчаар ашигласан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Дараа нь шинжээч нар түүний хэлснийг шалгаж үнэн худлыг нь тогтооно хэмээн хэвлэлийхэнд мэдэгдэж байсан ч сураггүй болсон. Монголын хуулийн байгууллага Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх мэтээр тайлбарлаж байсан ч “Стандарт” банкны зүгээс түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, Монголын төрийн өмчийн компаниуд батлан даалт гаргасан гэдэг дүгнэлт гаргаж, манай Засгийн газар 104 сая ам.доллар төлөх шийдвэрийг өнгөрсөн 2016 онд гаргасан юм. Тиймээс Ш.Батхүүд тухайн үед боломж олгосон МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийг энэ өртэй холбон дахин нэг шалгавал түүнтэй хуйвалдсан эрхмүүд ил болох нь дамжиггүй.
Хэдийгээр Ш.Батхүүгийн энэ асуудал хууль хяналтын байгууллагаар орж шийдэгдсэн ч гэлээ учир дутмаг зүйл асар их байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг төрийн өмчит үйлдвэрийг дотоодын банканд бус гадны банканд асар их мөнгөний барьцаанд тавьсан байхад хуулийнхан түүний толгойг илсэн ял ногдуулж байсан. Эцэст нь хэлэхэд, эдийн засаг хүндэрсэн, татвар шимтгэлээ нэмж ард түмнийхээ бүсийг чангалж байгаа өнөө цагт Ш.Батхүүгийн энэ өр Засгийн газарт чөдөр тушаа болох нь. Нөгөөтэйгүүр Ш.Батхүү өөрийн бий болгосон их хэмжээний өрөө төлж чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Р.Саруул
Эх сурвалж: Өглөөний сонин