Н.Цагаанхүү: Жилд 400 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж байна

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор эхэллээ.

УИХ-аас 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлаж, улс орондоо тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед баялаг бүтээгч хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлэх, эрсдлийг хуваалцах, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн бүтээмж болон үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах нь чухал юм.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй арга хэмжээ бөгөөд өнөө жил ХНХЯ-наас зарласан “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” сэдэвт сарын аянтай давхцаж байгаа онцлогтой.

Тус бага хурлыг нээж МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хэлсэн үгэндээ, “Аль ч салбарт монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг чанд мөрдөж ажиллах ёстой. Та бүхэнд хэдэн тоо баримт хэлье. Дэлхий дахинд жилд 313 сая, Монголд 400 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж байна. Өдөртөө дэлхийд 860 мянга, Монголд 1-2 хүн ажлын байрандаа гэмтэж байгаа гэсэн өөр нэг тоо бий. Мөн манай улсад ажлын гурван хоногт нэг хүн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох тохиолдол гарч байна. Энэ бүх баримтыг бид анхаарахгүй өнгөрч болохгүй. Бүхий л салбарт, бүхий л ажлын байранд хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал мөрдөх хэрэгтэй.

Та бүхэн өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт гарч буй бүх асуудлыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэж, ажил хэрэгч санал санаачлага гаргаж, төрийн бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хуралд төрийн байгууллага, ажил олгогчид, ҮЭ, орон нутгийн төлөөлөл 350 гаруй хүн оролцож байна.

 


Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …