Саяхандаа, хоёр сарын өмнө Францын Дотоод хэргийн сайд Брюно ле Ру албан тушаалаасаа огцорч олон улсын анхааралд өртсөн. Охидоо Францын парламентад өндөр цалинтай ажилд оруулсан гэх шалтгаанаар тэрээр албан тушаалаасаа огцорсон хэрэг. Гэхдээ уг хэрэг шүүх цагдаагаар нотлогдоод Брюно ле Ру буруудчихсан юм биш. Охидоо ажилд оруулсан гэх дуулиан дэгдэх сургаар эрхэм сайд “Охид маань ажилд орсон талаарх мөрдөн байцаалтын ажиллагаа Засгийн газрын ажлыг унагах ёсгүй” хэмээн мэдэгдэл хийн сайн дураараа огцорч байв. Товчхондоо бол энэ нь улстөрч, удирдагч хүний ёс зүй, жудгийг харуулсан явдал байлаа.
Монгол Улсын батлан хамгаалах салбарт сүүлийн гурван өдөрт нөхөж баршгүй хохирол учраад байна. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан дадлага, сургуулилтынхаа үеэр дэлбэрэлтэд өртөж, хоёр албан хаагч цэл залуугаараа хорвоог орхин, олон залуус эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байна. Ер нь сүүлийн үед ЗХЖШ-ын харъяа анги салбаруудад осол, хэрэг зөрчил гарах нь нэмэгдэх боллоо. Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч 19 настай хугацаат цэргийн албан хаагч нүд, гарандаа хүнд гэмтэл авч байв. Түүнээс гадна 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарсан нь одоог хүртэл шийдвэрлэгдэж, асуудал нэг тийш болоогүй байна. Батлан хамгаалах салбарт, эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэхээр мордож байгаа олон залуусыг ээж, аавууд нь нулимстай, түгшүүртэй үддэг боллоо. Энхийн цагт эр цэргүүд нь мөр зэрэгцээд л амиа алддаг, арав арваараа гэмтэж бэртэх нь байх л ёстой асуудал гэж үү. Тиймээс олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байна. Хэл, хөлд орж амжаагүй алаг үрсээ өнчрүүлээд одсон эр цэргүүдийн амийг хэнээс нэхэх вэ, энэ хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг одоог хүртэл тодорхойгүй. Нэг л зүйл тодорхой байгаа нь зэвсэгт хүчний салбарт шилээ даран гарч байгаа эдгээр осол удирдлагын хариуцлагагүй, хяналтгүйн уршиг гэдгийг хэн бүхэн хэлж байна. Харин манай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Д.Даваа нар хаана явна вэ?
Угтаа Францынх шиг, Япон, Солонгосынх шиг соёлтой оронд энхийн цагт эрчүүд нь эндсэн асуудалд бол улс төрийн хувьд, салбарын нэр хүнд, ёс зүйн хувьд ч хариуцсан анги, штабын даргаас эхлээд салбарын сайд хүртэл хариуцлага хүлээхээ мэдэгдэж, бүр албан тушаалаа орхих шийдвэрийг ч гаргасан байх нь гарцаагүй. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Д.Даваа нарын хэн нь огцрох вэ.
Б.Бат-Эрдэнэ сайд саяхан нэгэн нэвтрүүлэгт улстөрч хүний ёс зүй, жудагийн талаар ярьсныг саная. Тэрээр “Ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, олны төлөө өөрийгөө зориулж зүтгэнэ гэж тангараг өргөсөн төрийн түшээ хүн бол аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ хэрэгжүүлж чаддаггүй эрх ашгийг зөв эрэмбэлж, тууштай, зарчмаа баримталж ажиллах шаардлагатай. Улс орны үндэсний эрх ашгийг нэгдүгээрт, намын, хэсэг бүлгийн эрх ашгийг дараа нь тавьдаг, хувийн эрх ашгийг бүр хойно тавьдаг, болдог бол хувийн эрх ашгаа бүр орхиж олны төлөө нэгэнт зүтгэнэ гэсэн ам тангарагтаа хүрэх ёстой. Төрийн хяналт хариуцлагын тогтолцоо алга болж, хариуцлага тооцохгүй ужигарсаар хэдэн зууны турш тэмцэж олж өгсөн тусгаар тогтнол эргээд хэврэгших байдал руугаа орох гээд байна” гэж ярьж байсан билээ.