Афганистаны төрт ёс, улс төрийн ирээдүй 2014 оноос ямар байх бол гэдэг нь дэлхий дахины анхаарлыг татаж, түгшээж буй нэг гол сэдэв болоод байна. Учир нь АНУ, НАТО 2014 онд энэ улсад энхийг сахиулах үүргээ өндөрлөнө. Зөрөөд Кабулд талибанчууд ороод ирэх магадлал нэн өндөр. Тэр утгаар гарчгийн сэдвийг хөндсөн болно.
Афганистаны нутаг дэвсгэрт 1996-2001 онд Афганистаны Лалын Эмират гэх төрт улс Талибаны хяналтад оршин тогтносон, улс орноо VII зуун руу ухраахыг оролдсон, шариатын хуулиар нийгмээ захирсан, харгисласан үеийг энд эргэж сануулах гэж байгаа хэрэг.
Талибаны xap тамыг гэрчлэх монгол гэрчийн яриа. Соёл судлаач Ц.Санчир Афганистанд очсон сэтгэгдлээсээ ийн хуваалцжээ:
– “Кабул” олон улсын нисэх онгоцны буудал дээр минаны мэргэжилтэн ганц гадаадаа зогсоож байгаад хүн ам нягтран суурьшсан ихэнхи газар нутаг минатай учраас болгоомжтой явахыг сануулж, аюултай газрыг хэрхэн ялгах талаар товчхон сургалт хийлээ. Афганистанд 2006 он хүртэл ойролцоогоор 500 гаруй мянган хүн минанд өртөж нас барсан мэдээ байдаг. Энэ тоо жилд дунджаар 8000-аар нэмэгддэг байна.
– Машины жолооч гуйлгачид цонх балбавал нээхгүй байхыг сануулж хөшиг хаав. Нэг сая гаруй орон гэргүй хүмүүсийн төлөөлөл болох хөл, гар, нүд, амгүй гуйлга гуйх хүмүүсийн түгжрэлд орсон замаар бараг бүтэн км явж байж сая л нэг машины түгжрэл рүү шилжлээ.
– Олон жилийн турш их дайны хөлд нэрвэгдэж, доройтож ядарсан ард түмэн Афганд л байна. Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хувьд амьдарна гэдэг тийм ч хүсэл зүйл биш санагдсан. Тав зургаахан настай хүү нь энэ хорвоод эрх хүн болж төрснийхөө хариуцлагыг үүрч, ээж эгч дүү нараа тэжээхийн тулд илжиг хөтлөөд таксинд явж байгааг алс хязгаарын Балх хотын гунигт гудамжинд олонтаа харахад өр өвдмөөр байдаг байлаа гэжээ.
Талибан гэх энэ хөдөлгөөн 1979-1989 онд зөвлөлтийн түрэмгийллийн үед, Хельменд, Кандагар мужуудад гол төлөв медресийн (шашны сургууль) оюутан сурагчдаас бүрдэж лалын фундаменталист хөдөлгөөн болж төлөвшжээ. Угсаатны хувьд дийлэнхи нь пуштун, үзэл суртал нь лалын хэт тулгуур фундаментализм, өрнийн ба орчин үеийн бүх зүйлийг үл таална. Тэд Кабулыг 1996 онд эзлэн авч, 1997 онд Герат, Мазари-Шарифт хяналтаа тогтоож, 2000 он гэхэд Умардын альянс гэх мужахедуудын отрядыг Афганистаны төв мужуудаас үлдэн хөөж, зүүн хойд Бадахшан муж руу шахаж, нутаг дэвсгэрийнхээ 90 хувийг гартаа оруулжээ.
Шариатын хуулиар хүн амын ихэнхийн эрхийг хязгаарлан, эмэгтэйчүүдийн ажил хийхийг хориглон, охидыг сургууль, их сургуульд суралцахыг болиулсан ба зөрчсөнийг нь хатуу цээрлүүлэн, хулгайчийн өрөөсөн гар, өрөөсөн хөлийг тайрах зэргээр хүний эрхийг хөсөрдүүлж байв. Харин Чеченийн Ичкерийн Ерөнхийлөгч Зелимхан Яндарбиевын ярьснаар, талибанчууд гайхалтай хүмүүс, талибанчууд Афганистанд гайхамшигтай дэг журам тогтоосон болж таардаг. Тэрээр 1999, 2000 онд Кабулд айлчлаад 2001 онд сэтгэгдлээ хуваалцаж бичихдээ:
– Раббанийн үед юу болж байлаа? Мэдэж байгаа биз дээ? Масуд, Дустум бүгд л засгийн эрхийн төлөө тэмцэлдсэн, бүгд л зэвсэг агсаад хөлхөж явсан. Тэгвэл талибанчууд ирээд юу болгов? Жирийн иргэн айж эмээхээ больсон шүү дээ гэжээ.
Афганистаны Лалын Эмиратын Гадаад хэргийн сайд Вакиль Мутаваккиль 2006 онд ингэж дурссан байна.
– Талибанчуудыг ирэхэд улс орон тарж бутрахын босгон дээр тулаад байсан ба хээрийн ангийн захирагч бүр суугаа нутагтаа өөрийгөө хаан гээд бодчихсон байлаа. Хамгийн чухал нь бид тарж бутрах аюулыг зайлуулж, эх орноо эргүүлэн нэгтгэсэн юм. Биднийг төр барьж байх үед хар тамхины тариалалт хийхийг хатуу хориглосныг нийтээрээ мэднэ. Бид л шийдсэн бол их бага гэлтгүй ажлыг бүгд л хийж бүтээдэг байсан. Шийдвэрийг хэн ч цуцалж чадахгүй, хатуу биелүүлнэ. Бид бүгд нэг баг байсан. Талибаны үед өдөр шөнийн ямар ч цагт замаар тайван алхаж болно. Амгалан тайван байдал ноёрхож байлаа. Бид хянаж байсан нутаг дэвсгэрийнхээ хүн амын зэвсгийг хурааж, хэн ч зэвсэг хэрэглэх эрхгүй болгосон байсан юм гэжээ.
Талибанчууд бүгдээс нь алба гувчуур авдаг байсан, гэхдээ тэдний үед дэг журам гэж байлаа, айх аюулгүй байлаа. Хээл хахууль гэж байсангүй, хулгай хийнэ гэж байсангүй, шударга, алагчлалгүй шүүхийн системтэй, иргэдийн асуудлыг дор нь шийдэж өгдөг, юу хэрэгтэй байна талибанчууд тусладаг, өөрсдөө хэрэг хийдэггүй байсан хэмээн жирийн афганчууд ам булаалдан ярих ба энэ тухай Foreign Policy сэтгүүлийн 30/04/2010 дугаарт сурвалжлага хүртэл гарчээ. Афганистаны Лалын Эмиратыг Пакистан, Саудын Араб, АНЭУ хүлээн зөвшөөрсөн, 2001 оны намар АНУ-ын цэргийн ажиллагаа эхэлж, Талибаны дэглэм унахад энэ гурав Афганистанаас харилцаагаа тасалсан. Хууль ёсоор зөвшөөрсөн гурав нь энэ. Де-факто зөвшөөрсөн нь Туркменистан. Талибаны Засгийн газартай хэд хэдэн удаа уулзсан. 2000 оны нэгдүгээр сарын 16-нд Афганистаны Лалын Эмират, Чеченийн Ичкерийн БНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон. Тэр ч бүү хэл Кабулд Ичкерийн ЭСЯ, Кандагарт Консулын газар хүртэл нээж байжээ.
Талибанчууд хөөгдөөд 10 жил өнгөрч байх үест ийм нэгэн үйл явдал болжээ. Би хэргээр “Tалибан” гэдэг гарчгийн дотор оруулъя гэж шийдлээ. “2011.04.01”. Энэ өдөр дэлхий нийтийг донсолгосон мэдээ Афганистаны Мазари-Шариф хотоос тархлаа. Баасан гаригийн их мөргөл өнгөрөөгөөд олон мянган лалын мухар сүсэгтнүүд “АНУ-д үхэл! Израильд үхэл!” хэмээн орилолдон уйлалдсаар НҮБ-ын Төлөөлөгчийн газар руу уулгалан дайрч дор хаяж 20 хүн, түүний дотор НҮБ-ын ажилтан, өөрсдөд нь буян үйлдээд сууж байгаа гэм зэмгүй 7 ажилтныг алж, хоёрынх нь толгойг тасдаж, байшинг нь эвдэж шатаасан, үгээр эвлүүлэн бичихийн аргагүй балмад хэрэг өдөөжээ. Хаа хамаагүй АНУ-д христосын нэг сүмийн пастор Коран судар шатаалаа хэмээж уурссан мусульманчууд хилэгнэж байгаа нь тэр гэнэ.
Мусульман-христианчуудын хоорондын аймшигт дайны гэрч нь манай гариг өөрөө болох тухай уриалга хэрэгжиж байгаа нь энэ юм болов уу? Ийнхүү Афганистанд НҮБ-ын ажилтнуудыг гэсгээн цээрлүүлсэн энэ “2011.04.01” бол НҮБ-ын түүхнээ арилшгүй хар өдөр болж үлдлээ. Цаашид олон улс орон, ард түмэн, сүсэгтнүүдэд гашуун сургамж болж үлдээсэй! Ямар сургамж вэ?
– Эрх зүйт төр, хууль тогтоомж, нийгмийн харилцааны эрхэм нандин бүхэн лалынхаар солигдох;
– Лалын шашны хэл, бэлгэдэлийг илүүтэй хэрэглэх;
– Лалын шашны зан үйлийг хэт дээдлэх;
– Лалын боловсролыг түгээн дэлгэрүүлэх;
– Лалын шашны сургуулийг олноор байгуулах, төрийн мэдлийн сургуулиудыг лалжуулах;
– Эмэгтэйчүүд гивлүүр алчуур зүүх, эрчүүд сахлаа хусахгүй байхаас эхлээд лалын дэг жаягийг нийгэмд нэвтрүүлэх;
– Сөрөг хүчнийг лалынхнаар дүүргэж секуляр Засгийн газрын эсрэг босч тэмцэх;
– Лалын шашинт улс орнуудын олон улсын эв нэгдлийг уриалан дуудах нь эцсийн бүлэгтээ ийм л эмгэнэлд хүргэнэ.
Америк эрдэмтэн Жон Эспосито ийнхүү тэмдэглэсэн нь өнөөгийн Афганистан дээр харагдаж байгаа нь энэ. Лал сэргэн мандсаны үр дүн, бүтээл нь ердөө л энэ, Мазари-Шарифт болсон үйл явдал. “Tалибанчуудын харанхуй үе” огт арилаагүй, бүр амь бөхтэй байгаа юм байна.
Түүхэндээ өмнө нь Британи, СССР, эдүгээ АНУ, НАТО лалын мухар сүсэгтэй үхэх сэхэхээ үзэлцэн тулалдаад алин нь ч ялж чадаагүй, чадах ч үгүй юм байна гэдгийг Их Британийн БХЯ-ны нэгэн илтгэлд нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ (Эх сурвалжаас нь уншигч Та бүрэн эхээр нь үзчихэхэд гэмгүй-MoD admits campaign in Afghanistan is an unwinnable war, independent.co.uk, 14 марта 2013)
– Афганистан дахь манай цэргийн үүрэг зарчмын хувьд хэрэгжээгүй, хэрэгжинэ гэдэг нь ч эргэлзээтэй гэж дүгнэсэн байх юм.
– Босогчдын тулгуур газруудыг эзлэн авч, тэгээд энгийн хүн амыг хамгаална гээд ч НАТО-гийн хүч нь хүрэхгүй юм байна. Эвслийн цэрэг гарсны дараа Афганы Засгийн газар тэсч тогтоно гэх ямар ч баталгаа алга гэсэн гутранги дүгнэлт бас байна.
– Афганистан хаашдаа сүйрсэн, маш сул эдийн засгийн баазтайгаа үлдэж байгаа тул өрнийнхөн удтал энэ орныг дэмжиж тусалж байхаас аргагүй. Афганистаны дотоодын байдал тогтвортой боллоо ч удирдлага нь засгийн эрхэнд тогтож чадах уу, хөрш Пакистан нь Кабулын эрх баригчид сайн ажиллаасай гэж хүснэ гэж үү дээ гэсэн гутранги асуулт илтгэл зохиогчид тавьсан байх аж.
Гаднын үзэл суртал (коммунизм, марксизм-ленинизм, ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэт) тийшээ нэвчин орох ямар ч нөхцөлгүй болтол нь ислам хэдэн арван үеэр нь тархийг нь идээд шингэчихэж гэж оношлохоос өөр арга алга!
Судлаач проф. Олхонуд Баярхүү