НИТХ дахь АН-ын бүлэг хар тугалга, хорт утаа хоёртой тэмцэнэ

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласнаас хойш олон жил өнгөрч байна. Гэвч үүнд санаа зовнихоос цаашгүй л байгаа. Тэгвэл эрдэмтэн судлаачдын гаргаж буй дүгнэлт, хэрхэн үүнээс ангижрах асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл” хэлэлцүүлэг Хөрсний бохирдлын асуудлыг хөндлөө.

Энэ удаагийн “Хөрсний бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт тэргүүтэй НИТХ-ын Төлөөлөгчид, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газарзүй геоэкологийн хүрээлэн, ХӨСҮТ, ХААИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Хороодын засаг дарга нарын төлөөлөл, JICA ОУБ зэрэг мэргэжлийн болон шийдвэр гаргах түвшний, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хөрсний бохирдлын талаар 2010 оноос хойш судалгаа шинжилгээг эрдэмтэд хийсэн бөгөөд өнөөдөр уг асуудал гамшгийн зэрэгт хүрснийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачид дуулгалаа. Он гарсны дараахан Баянхошуу орчимд амьдрах 10 гаруйхан хүүхдээс цусны дээж аван шинжлэхэд хүний амь насанд хор хөнөөл учруулах хэмжээний хар тугалга илэрсэн талаарх мэдээлэл бий. Энэ нь, монголчуудын ирээдүйг хөнөөх аюулын харанга дэлдэж буйг илэрхийлнэ. Ерөнхийдөө нийслэлчүүд чимээгүй дайны тахалд өртчихсөн байгаа юм. Хар тугалга, хорт утаа хоёр хамсарч удам угсааг хөнөөж, дотор эрхтэнг хордуулсаар байна.

Судлаачдын гаргасан 2015-2016 оны дүн мэдээллээс харвал 2015 онд хотын есөн дүүргийн суурьшлын эдэлбэр газрын хөрсөн дэх дээжээр 54,5 хувь нь дунд бохирдолтой гарсан байна. Харин 2016 онд дээрхээс бага буюу 48,1 хувьтай гарч буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь, өмнөх жилд нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлт хийсэнтэй холбоотой аж. Тодруулбал, агаар хөрсний бохирдол үүсгэж байгаа гол цэг нь гэр хороолол. Тухайн бүсэд нүхэн жорлонгоос гарах хүнцэл, үнс, нүүрсний тортогоос үүсэх хар тугалга гээд тоочвол цөөнгүй бохирдол үүсгэгч бий. Иймд өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан барилгажуулах ажлыг үргэлжлүүлэн хийх нь зайлшгүй болчихоод байна. Нийслэлчүүд бид өөрсдийн ирээдүйгээ хорлох зэвсэг бэлдсээр байгаа болохоор түүнийгээ засч залруулах тийш явах нь зүйтэй болсныг хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.

Ийнхүү чимээгүй тахал, дайнтай тууштай тэмцэх алхмыг НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан хэрэгжүүлэхээр гараанаас гарлаа. Харин хоёр дахь алхам нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Хөрс  хамгаалах өдөр болгон тэмдэглэх юм байна.

Хэлэлцүүлэгт усны бохирдлын журам, аюултай хог хаягдлын менежментийн асуудал, хөрсний бохирдлын судалгаа, тоо баримтыг нэгтгэсэн мэдээлэлтэй болох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх, өдрөөс өдөрт нэмэгдэж буй хур хогийг арилгах, Улаанбаатар хотын төвлөрсөн захуудын асуудлыг шийдвэрлэх зэрэг санал, санаачлагыг тусган хэлэлцүүлгээс гарах ЗӨВЛӨМЖ боловсруулан УИХ, ЗГ, НИТХ зэрэг холбогдох шат, шатны төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: НИТХ дахь АН бүлэг

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …