А.Баатархуяг: Би Г.Уянгаад тус болохоосоо гай болох нь их хүн л дээ

УДШ-ийн шүүгч Цагаанцоож гэгч Н.Энхбаярын үед л дүүргийн шүүгч байхдаа улстөрчдийн гар хөл байсан, яахаараа ингэж дэвшээд УДШ-ийн шүүгч болчихдог байна аа? Арай шударгууд нь Элбэгдоржийн шүүхийн шинэтгэл гэгчийн уршгаар ажилгүй болсон. Гэтэл Элбэгдоржийн ганц ясны дайсных нь гар хөл өнөөдөр өөрийнх нь гар хөл болоод явж байна.
Элбэгдорж хувьсгалаа хаяад Америкт зугтаад ирэхгүй бүгж байхад бид энэ улсад шударга ёсны төлөө тэмцэж байсан юм шүү. Уянга тракторчидтай хамт баригдаж, шүүхээр яллуулж, сониноо шатаалгаж, бүр хаалгаж, зориуд хууль гаргаж манай сонины нэрийг хүчингүй болгож, нэр өгөхгүй гэхдээ улсын бүртгэлд байгаа 14000 нэрээс өөр нэр тааж олж ир гэж муйхарлаж, жагсаалтыг нь үзье гэхэд “үгүй” гэж байсан. Тэгэхэд АН-ынхан Н.Энхбаярт долигонож, “Монгол таймс” сониныг хэвлүүлэхгүй байхад туслаж, харин ЕТГ-ын дарга байсан нөхөр биднийг Гаалийн Баатарт худалдчихаад, биднийг мөнгө авсан гэж гүтгэж байсан даа. Гэвч муу юм хэзээ нэгэн цагт илэрдэг л юм. Тэдэнд сайн болоогүй л дээ… Харахад жаргалтай л яваа мэт! Би ч зовлон жаргалаа хүнд үзүүлэх дургүй л дээ.
Сонин хаагдаад байтал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэлийн төлөөлөгчөр ажиллах санал ирсэн, ялагдлын гашууныг мэдэрсэн тэр сонгуулийн дараа тэгэхэд хэдийгээр бид 45 хуудас материалаар хайр найргүй бөмбөгдсөн ч Ц.Нямдорж хууль зүйн сайд байхдаа дараагийн “Улстөрийн сонин”-ы гэрчилгээг хуулиа бариад гаргаж өгч байсан. Тэгэхэд Н.Энхбаярын гар хөл манай “Улстөрийн сонин”-г шүүхэд өгөхөд энэ шүүгч биднийг буруутгаж яллаж байсан. Ханандаа Н.Энхбаярын хөргийг залчихаад, “… нэхэмжлэгч этгээдийн нийгэмд эзлэх байр суурийг харгалзан” гэж биднийг яллаж байсан. Биднийг шударга ёсны төлөө тэмцэж байхад Энхбаярт тал засаж яллаж байсан хүн өнөөдөр бас ханандаа Элбэгдоржийн зургийг хадчихаад ахиад биднийг яллаж байна. Улстөрчдийн гар дамжсан ийм хэдэн шүүгчийг бид мэднэ ээ, гавъяат, албан тушаал хоёрыг харамгүй хүртэж, сайхан дэвшиж байгаа юм байна.
Эрт цагт яг ийм явдал болж, хилсээр шийтгүүлсэн өвгөн шүүхийн танхимаас гарахдаа “Хүүхээ жилийн нэг гаргаж, жалгын нэг тавиарай” гэсэн гэдэг. Тэгээд жилийн нэг, жалгын нэг болж эцэстээ гуйж очиход хүлээж аваагүй л гэдэг. Эмэгтэй хүн атлаа ийм цэвдэг байгаагаа үнэнч, бас хожоотой гэж бодож байгаа байх даа… Айраг нь дандаа дүүрэн, аяга нь дандаа бүтэн сайхан амьдрах болтугай! Хүний гомдол хэцүү…
Ингэж ерөөх учир нь Г.Уянгын хэвлий дэхь 9 долоо хоногтой ураг стресс, ачааллаас нь болоод гэнэт амьгүй болчихоод сандарч хагалгаанд ороод, цус нь тогтохгүй их сульдсанаас намын даргыг олж тогтоох УДШ-ийн шүүх хуралд нь очиж чадаагүй юм л даа. Уянга тэр тухайгаа шүд зууж компьютерт бичүүлээд, эмнэлгийн магадлагаа бичиг хавсаргаад шүүх хурлын өглөө (4 сарын 26) УДШ-д хүргүүлсэн юм. Болиулж өгөөч гэсэн биш, хойшлуулж өгөөч, өөрөө оролцъё гэсэн юм шүү дээ. Түүнээс ямар гэм зэм хийчихсэн биш, зугтаах ч шалтгаан байхгүй. Уг нь хүнд дэлгээд байх ч юм биш, бид л бурхны өгөөмөр хишгийг тогтоож чадаснгүй, гэхдээ бид ийм юмаар хүн хуурдаг, тэр луйварчид шиг нь амьтад биш шүү дээ! Тэгээд нүүр нь харагдахгүй байгаа дээр булай даалгавраа гүйцээчихье гэж бодож л дээ! Ахиж энэ тухай бичихгүй ээ, гэхдээ саначихъя! Чеченьчүүд “Бүү яар, бүү март” гэж сургадаг юм.
Уг нь Уянгад тэр нэг намыг авбал ч аваг цаашаа, ямар амь биш заяа ч биш! Өөрөө л нэр төртэй байвал барж гэж бодож байсан, өгчих өө гэсэн. Олон хүн тэгж зөвлөж л байсан. Уянга л хууль ном ярьдаг гөжүүд юм болохоороо ном ёсоор нь авбал ав, хамтраад их хурал зарлаад сонгуулийн үр дүнг хэлэлцээд хариуцлагаа яриад, авна гэвэл өгнө л гэж байсан. УИХ-д суудал авч чадаагүй юм чинь. Бас ч гэж жишиг, хариуцлага юм л даа. Эрхбиш нам болохоор бас аваад явахад мөнгө санхүү хэрэгтэй л юм билээ, бидэнд ямар идсэн уусан мөнгө байх биш, шударга байсны шанд амиа л тэжээж яваа гэр бүл. Гэвч түмний буянд гар дүрээгүйдээ сэтгэл тэнүүн, бардам алхдаг. Хэн, хэн нь ажилгүй хүргэж ядаж л байна даг. Ном редакторлаж, зөвлөгөө өгч, бичиг сачгийн ажил ямархан орлоготой билээ, тэгээд л явж байгаа бидэнд ачаа л юм л даа.
Саяхан Баянбилэгтэй хамт луйвар хийдэг Чандмань-Эрдэнэ гэгч Уянгатай уулзаад “Хамтарч мөнгө хийе” гэж ятгаад амаа алдгадуулаад буцсан байсан. Ерөөсөө тэд мөнгө л боддог, угаасаа намаа яаж мөнгө болгох вэ? гэдгээс өөр санаагүй улс байсан юм билээ. Намын жагсаалт зарж мөнгө олно гэж бодоод энэ нөхөр дарга Баянбилэг гэгчтэй хадаг барьж ирээд Уянгыг намын дарга болооч гэж ирсэн юм билээ. Баянбилэг нь эрхзүйн мэргэжилтэй аюулын тохитой залуу л харагдсан гэсэн, би ч нүүр тулж уулзаж байсангүй л дээ. Харин эрэн сурвалжилж байгаа тухай хуудсанд хэвлэсэн томруулсан зургаас л зүс таних төдий. Ерийн луйварчдад итгэж байдаг, гэнэн л байхгүй юу. Луйварчид ийм царайтайг яаж мэдэх вэ?
“Нэгдмэл монгол” нэртэй нам байгуулах хүсэлт өгөөд оны өмнөхөн УДШ хүлээж аваагүй юм, тэгэх ч байсан. Тэр үе таараад “Адилхан залуу улс эх орноо гэсэн сэтгэлтэй юм” гээд намыг авч их хурлаа хийхээр бэлтгэж байтал хэрэг бишдэж өнөө Баянбилэгийг нь цагдаагаас “эрэн сурвалжилж байсан, залилан хийсэн” гээд ачаад явчихдаг юм.
Намын их хурал амжилттай болсонд баахан “үүсгэн байгуулагч” нэртэй нөхөд гараад ирсэн. Тэр бүр ардаа зуун саяар тоологдох луйврын хэрэгтэй байв. Тэгээд л бүх юм эхэлсэн. Сонгуулийн хууль өөрчлөгдөж жагсаалт байхгүй болов. Жагсаалт байхгүй болохоор хэн мөнгө төлөх билээ. Ёстой тэнгэр харсан хэрэг. Уянга ганцаараа бие даагаад дэвших санаатай байсан ч нэгэнт намтай болохоор бас олонд нэртэй олон хүнийг намаасаа дэвшүүлж, өөрөө ч эрсдэл хийж өрсөлдсөн. Тэгээд ялсан гишүүнгүй ч авсан саналын тоогоор гуравт бичигдсэн нам болов. Үүнээс өмнө “Өвсөнд боовч үхэр шиншихгүй, өөхөнд боовч нохой шиншихгүй” байсан. Баянзүрх дүүрийг МАХН-ын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдсэн, Чингэлтэй томоохон үүртэй болсон, том хот суурингуудад иргэд идэвх санаачлагаараа үүр байгуулж нэгдсэн. Налайх дүүргийн нам орон нутгийн сонгуульд гуравт орсон тул бид гарцаагүй гуравдагч учраас их итгэлтэй боллоо гэж байсан, энэ олон хүний итгэлийг бодоод өгөх авахаа ном ёсоор хийе гэсэн хэрэг л дээ.
Гэтэл тэнгэрийг ивээснийг тэд муугаар (өөрсөддөө сайнаар) харах болов. Ийм нэр хүндтэй намыг “зарвал” бас ашигтай биз дээ, тэгээд ямарваа сонгууль дөхөхөөр л намаа авна гэдэг болов доо. Намаас нэр хүндтэй олон хүн дэвшүүлсэн, тэднийг цуглуулж ярилцая гэхээр татгалзаад, бага хурлаа хуралдуулж байна гэж бага хурлын гишүүн биш баахан хүмүүс цуглуулж дуудаад бүр яршиг болж гүйцсэн. Тэгээд бага хурал хуралдаад намын даргыг солих боллоо гэсэн бичиг УДШ-д өгөөд өнгөрсөн оны 11 сарын сүүлээр шүүх хурал нь болсон юм, тэгэхэд Амарсайхан гэдэг шүүгч хурал даргалаад, шийдвэр нь “Уянга намын дарга мөн” гэж гарсан. Тэгтэл сая шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөд ахиж хуралдаад УДШ өмнөхийнхөө эсрэг шийдвэр гаргахдаа увайгүй адгийн заль хэрэглэж байгаад намын даргыг солилоо гэж яаран зарлачихдаг юм. За тэр нам ч түүгээрээ болог. Хүмүүс л хайран, гэвч намын нэрээр биш үзэл санаагаар нэгдсэн хүмүүс байна, хамтдаа учраа олох нь олох л байлгүй.
Өнгөрсөн сонгуулийн дараа яагаад ч юм Баянбилэг шоронгоос суллагдсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлчихээд миний мөнгийг намаас аваарай гээд зугтчихсан нөхөр. Яагаад тэр нөхөр гараад ирдэг билээ гэж бодсон ч үгүй, сайхан сэтгэлээр “Ашгүй дээ” гэж байтал өмнө дурдсанчлан хэрэг мундарч эхэлсэн л дээ. ТТЭНН-ийн намаас Ерөнхийлөгчтэй холбоотой хэвлэлийн хурал хийх болгонд л нийлж цугласан хүмүүс гарч ирээд, манай нам гэж хурал үймүүлээд байх болов. Тэр болгонд “news.mn” сайт Баянбилэгийг чухам “од” болгож ярилцлага, нийтлэл, өгүүлэл арай л дурсамж, хөргийг нь нийтлэхгүй үлээдэг боллоо. Сүүлийн шүүх хурал болдог өдөр яг энэ үйлдэл давтагдав. Энэ ч бүр УИХ-ын сонгуулиас өмнө эхэлсэн уламжлалт хамтын ажиллагаа л даа.
Яахав ингэж нурших учир нь одоо энэ хүмүүсээс болгоомжтой бай гэж л анхааруулах гэснийх. Сонгууль болох гээд өнөө их мөнгөний лайгаа дарах гэж үхэн зүтгэж байгаа биз! Гутмаар нь үүнд Ерөнхийлөгч, УДШ хүртэл оролцоод байдаг нь. Юманд бас эрэмбэ бий, залилангийн хэрэгтэн намын дарга болох гээд үймүүлж байхад Монгол Улсын хууль, хяналтын тогтолцоо тэр чигээрээ нүдээ аниад суугаад байгааг хараад гайхаад баршгүй. Эрхбиш төрийн нүд чих, гар гав нь биз дээ?
Бас харамсаад байгаа нь Уянга АТГ-т нэхэмжлэл гаргаад Элбэгдоржийн “Браухаус”-ын байрыг авсан асуудлыг шалгуулахад прокуророос хэрэг үүсгэхээс татгалзсан. Тэгэхэд давж гомдол гаргая гэхээр нь төрийн хуйв хүнийг татаж босгохдоо сайн ч явахад нь аргамжвал дүүжлүүрийн олс болчихдог юм, явж буй хүнийг яах нь вэ? гээд болиулчихсан юм. Би энэ хүүхэнд тус болохоосоо гай болох нь их хүн л дээ… Яахав муу даргыгаа л гэж бодож явлаа, би Ерөнхийлөгч гэдэггүй, дарга л гэдэг нь дотночилж байгаа л санаатай. Одоо ч дээ…
Тээр жил Энхбаяртай үзэлцдэг байхдаа нэг удаа “Хэрэв Таныг баригдаад явахад тулбал бид л очиж өмгөөлөх байх даа” гэж бичиж байсан яг л номоороо болсон, хожим хөөрхий бас биднийг өмгөөлөх мэдэгдэл өөрөө зохиож хүнд шоолуулсан гэж дуулсаан. Түүн шиг хорвоо (хүний амьдрал) бөөрөнхий юм болохоор үзэгдэл урвах нь бөмбөг эргэх төдий, хэзээ нэгэн цагт хамгаалах ч болов уу гэж боддог л байлаа. Уянгад ч “Чи хүн бүртэй хаан байхад нь дайтаад, харц болохоор нь өмөөрдөг шүү” гэж зөгнөх сануулахын хооронд хэлж л байсан.
Ер нь их олон бичсэн хүн зөнтэй, тэр нь биелдэг болчихдог юм шиг билээ, олон хүнээс тэгж ажигласан. Биелэх ч юу байх вэ? Хувь төөрөг заавал урьдчилж сануулдаг юм, түүнийг анзаарахад зөн совин хэрэгтэй байдаг юм, тэр нь бид мэтээр л дамждаг бололтой юм. Тиймээс хүний юмыг уншихдаа найруулга, зүйрлэл, ёжлолоос илүү зөнг нь мэдрэхийг гол болгодог, зөн суусан хүнийг л би хувьдаа бичдэг хүн байна аа гэж тоодог юм. Нэгэн өгүүллээс тархинд шүүгдэж үлдсэн нэг өгүүлбэр биежих нь гайхамшигтай. Ер нь урьдын төөргөөр нэг учрах хүн ахиж учирдаг нь, эрт учирсан хүн хожим учирдаг нь жам юм л даа… Яг өнөөдөр надад учирсан зовлон жаргал бөмбөгний нөгөө бөөрөнд байдаг надтай учирсан хүнд давтагддаг ёсон бий учраас болбол хүнд муу санахгүйг хичээвч санаснаар болохгүй юм даа!
А.Баатархуяг

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …