Баян-Өлгий аймаг Х.Баделхан гишүүний “Вант Улс” болжээ

-Ураг төрлийн хүмүүс нь болох “НИК”-ийн түгээгч нар өдгөө тус аймгийн төрийн албыг эзэгнэж аймгийн хэлтэст мэргэжилтэн, агентлагийн дарга гээд гайгүй гэсэн албан тушаалд эзэн суужээ-

Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрчээ. Тус аймгийн Засаг дарга А.Гылымхан нутгийнхаа зон олныг ялгаварлан гадуурхаж, хагалан бутаргах үйл ажиллагааг хийж буй учраас түүнийг зогсоож, хариуцлага хүлээлгэх цаг нь болсон гэдгийг тус аймгийн иргэд шаардаж байгаа тухай мэдээллийг иргэн Тажибек өөрийн цахим хуудастаа байршуулсан. Бидэнд олдсон мэдээлэл болон баруун бүсийн намын удирдах ажилтны зөвлөгөөн дээр тус аймгийн иргэд юу ярьсан тухай баримттайгаар хүргэж байна.

Тус аймгийн иргэд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэсний улмаас одоогийн аймгийн удирдлагууд бүхий л эрх мэдлийг гартаа авах болсон. Гэтэл энэхүү итгэлийг хөсөрдүүлсэн А.Гылымхан дарга УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран төрийн албыг төрлийн алба болгож ямар ч шалгуур шаардлага хангахгүй ах дүү хамаатан садан ураг төрлийн хүмүүсээ төрийн албаар дүүргэжээ.

Тухайлбал, ураг төрлийн хүмүүс нь болох “НИК”-ийн түгээгч нар өдгөе тус аймгийн төрийн албыг эзэгнэж аймгийн хэлтэст мэргэжилтэн, агентлагийн дарга гээд гайгүй гэсэн албан тушаалд эзэн суужээ. Угтаа бол түгээгч хийж байсан эдгээр хүмүүс өмнө төрийн албанд огт ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй, боловсрол муутай ийм хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн нь нутгийн зон олных нь дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.

А.ГЫЛЫМХАН Х.БАДЕЛХАНЫ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЮУ?

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр заларсан Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж эдгээр хууль бус томилгоо хийгдэж буйд хэргийн гол учир оршиж буй юм. Тэгвэл Засаг дарга А.Гылымхан ЭРХЭМ ГИШҮҮНИЙ охин дүү болох А.Заурег аймгийнхаа Боловсролын газрын даргаар томилж байх жишээтэй. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар ЭРХЭМ ГИШҮҮН бас л эхнэрийнхээ төрсөн дүү Маншукийг томилжээ. Түүнчлэн төрийн албанд огт мэргэшээгүй дээрх хатагтай тун удахгүй аймгийнхаа Эрүүл мэндийн газрын даргаар томилогдохоор зэхэж буй аж.

Ямартай ч УИХ-ын гишүүн Х.Баделхан өөрийн төрсөн болон эхнэрийнхээ дүүг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж төрийн албанд мэргэшээгүй хүмүүсийг томилуулсан нь түүний ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Бодит байдал иймийн улмаас тус аймгийн 300-гаас хол давсан иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Мөнхбат нарт албан тоот илгээж дээрх нэр бүхий хоёр хүнд хариуцлага тооцохыг шаардсан бичиг илгээхээр болсон байна.

Уг тус аймгийн иргэд энэ духай мэдээллийг МАН-ын нөлөө бүхий эрхмүүдэд бичгээр хүргүүлдэг ч энэ нь эзэндээ хүрдэггүй байна. Аргаа барсан иргэд энэ хууль бус томилгоо болон нутаг омгоор нь ялгаварлан гадуурхаж буй зохисгүй үйлдлийг өөрийн цахим хуудаст аа тавьж олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн ч бас л тусыг эс олжээ.

Өнгөрсөн сарын 19-нд Ховд аймагт болсон баруун бүсийн таван аймгийн намын зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг оролцох үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын дэд дарга Д.Сара дараах зүйлийг ярьсан байна Тэрбээр “манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан тушаалыг хуваан авч байна. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Баделхан төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь хэрээс хэтэрч байна” хэмээн дээр дурдсан зүйлийг ярьжээ.

Мөн тэрбээр аймгийн Тамгын дарга төрийн албанд огт ажиллаж байгаагүй банканд теллер хийж байсан залууг тус албан тушаал томилохоор зэхэж байсан ч ТАЗ-өөс сонго шалгаруулалтыг шалтгаангүйгээр хойшлуулжээ. Уг нь Тамгын газрын даргад төрийн албанд удаан жил ажиллаж мэргэшсэн, төрийн албаны шалгуурыг хангасан хүн ажиллах ёстой атаг төрийн албаны ямар ч чадамжгүй банкны теллер залуу ийм том албан тушаалд очихоор зэхэж байсан нь хачирхалтай.

Түүнчлэн тус намын төлөө үнэнчээр зүтгэсэн маш олон хүн албан тушаалгүй байгаа. Учир нь эдгээр хүмүүс УИХ-ын гишүүн Х.Баделханы омог болоод садангийн хүмүүс биш учраас ийн алба-тушаалгүй болоход хүрчээ гэж хардахад хүргэж байна.

НАМЫНХАА ДАРГАД ЧӨДӨР БОЛСОН ЭРХМҮҮДЭД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

 

Уг нь удахгүй ганцхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байгаа. Иймийн учраас намууд нэр дэвшигчдэдээ нэрмээс болохгүйн үүднээс хууль бус үйлдлийг хазаарлан зогсоож нэр цэвэр байхыг анхааруулсаар байгаа. Гэтэл Баян-Өлгийн аймгийн Засаг дарга А.Гылымхан болон УИХ-ын гишүүн Х.Баделхан нар үүнийг үл огоорч нутгийн иргэдээ нутаг омгоор нь ялгаварлан гадуурхсан зохисгүй үйлдэлд нэр холбогдсон нь намын даргынх нь сонгуулийн ажилд муугаар нөлөөлнө гэж бодоогүй нь харамсалтай.

Яг үнэндээ өнөөдөр нийслэлд болон бусад аймаг орон нутгуудад төрийн албаны томилгоо хийж байгаа ч дээрх шиг ах дүү амраг садан болон ураг төрлийн хүмүүсээ томилсон томилгоо бараг байхгүй. Харин ч намдаа үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг ажилд авсан гэх л дуулиан гарч байсан. Мэдээж намынхаа боловсролтой хүмүүсийг аль ч нам нь ажилд авах нь зүйн хэрэг. Учир нь эдгээр хүмүүсийн ач тусаар өдгөө тус нам өнөөдрийн их өндөрлөгт хүрсэн учраас намынхаа боловсролтой гэсэн залуусыг төрийн албанд мэргэшүүлж байгаа нь энэ.

Тухайлбал МАН-ынхан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дараах зүйлийг тусгасан. “Төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлнэ” хэмээсэн.

Түүнээс МАН-ын төлөө хуруу гараа ч хөдөлгөөгүй байж эрх мэдэл албан тушаалтай ахынхаа буянаар шууд л ногоон гэрлээр аль нэг газрын дарга болон очиж байгаа нь зохисгүй үйлдэл. Ямартай ч Баян-Өлгийчүүд МАН-д УИХ болон орон нутгийн сонгуульд өндөр итгэл үзүүлсэн ч эрх мэдэлтнүүд иймэрхүү бэлэг барьсан нь харамсалтай.

Угтаа бол аймгийн Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын энэхүү үйлдэл ньтөрийн албаны шалгуур болон зарчмыг алдагдуулж энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг АН-ынханд алдах нөхцөл байдал үүсэж мэднэ. Учир нь тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тиймээс дээрх хоёр эрхмийн хууль бус томилгоо дээр дөрөөлөн тус намын нөхөд үүнийг сул тал болгон ашиглах нь гарцаагүй учраас А.Гылымхан дарга намын даргадаа чөдөр бололгүй хууль бус олон томилгоогоо эргэн харах хэрэгтэй болов уу.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад хөдөө орон нутгаас намын генсек болон ЗГХЭГ-ын дарга нарыг хариуцлага тооц гэсэн албан бичгээр булаад байвал тэд баяр хөөртэй хүлээж авахгүй нь ойлгомжтой. Тиймээс тус аймагт болж буй уг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд болон намын удирдлагууд нь нь анхааралдаа авч ул суурьтай шийдвэр гаргахгүй бол Баян-Өлгийчүүд үндэс угсаа, нутаг омгоороо талцахад хүрэх нь байна шүү.

Дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн Х.Баделханы “Жол” нэртэй замын компани хэрхэн яаж тендерт оролцдог, мөн тус аймагт эрчим хүчний тендерийг хэн гэгч этгээд ногоон гэрлээр авдаг тухай мэдээллийг хүргэнэ.

Үргэлжлэл бий…

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …