2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь – 2017” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир, дүүргийн прокурорын, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд, Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хэлтсийн дарга Б.Наранбаяр тэргүүтэй удирдлагууд төрийн 52 байгууллага, аж ахиун нэгжийн 246, сууц өмчлөлтийн холбооны 11, хороодийн Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нар, хороодийн хөгжлийн зөвлөл, хөршийн хяналтын бүлэг зэрэг 400 гариу хүн оролцож, дүүргийн 2017 оны нэгдүгээр улиралд гэмт хэргээс сэргийлэхэд чиглэж хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм.
Өнөөдрийн зөвлөгөөнд Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сэдвээр итгэл тавьсан бол дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажил болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм.
Мөн Багахангай Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл хийв. Түүний дараа дүүргийн прокурор Ц.Ариунболд, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга Б.Наранбаяр нар салбар бүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлын талаарх тайлан мэдээллийг танилцуулсан юм.
Тус Зөвлөгөөнд оролцогчид дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлыг зохион байгуулахад дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах, гэмт хэргийг бууруулах чиглэлээр батлагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “School police”хөтөлбөр, 2015 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/77 дугаар захирамжаар батлагдсан Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөөг идэвхжүүлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, бууруулахад хамтран ажиллах талаар “ЗӨВЛӨМЖ”-ийг гарган баталлаа Дүүргийн төрийн болон хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа тухай дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй зөвлөгөөнийг нээх үеэр хэллээ.Үүний дараа түүнээс өнөөдрийн зөвлөгөөний талаар тодруулсан юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Налайх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдаж буй өнөөдрийн зөвлөгөөний талаар танилцуулахгүй юу?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөгөөн хийнэ гэсэн заалтыг тусгасан. Үүний дагуу 2017 оны нэгдүгээр улиралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлын тайлан, тоо баримтыг нээлттэй хүргэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах, саналыг авах чиглэлээр өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Гол зорилго гэвэл иргэд, аж ахуйн нэгж байгууллагууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа сурталчлах, мөн тэднээс гарсан саналыг ажил хэрэг болгоход оршиж байна.
-Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байна вэ. Тодорхой тоо хэлэх боломжтой юу. Гэмт хэргийн гаралт юунаас шалтгаалж байна вэ?
-Налайх дүүргийн хувьд гэмт хэргийн гаралт өсөлттэй байгаа. Сүүлийн дөрвөн жилд эрс нэмэгдсэн. Ялангуяа хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эсрэг гэмт хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. ГХУСАЗЗ-өөс, зөвлөлийн гишүүн байгууллагуудаас ажлаа уялдуулан зохион байгуулах, иргэд олон нийтийн оролцоог хангаж, гэмт хэргээс сэргийлэх чиглэлд хамтран ажиллах нэн чухал байна. Зөвлөгөөний ач холбогдол ч үүнд оршиж байна.
-Өсөлттэй байгаа гэмт хэргүүдийг хэрхэн бууруулах вэ?
-Зөвлөгөөнд ГХУСАЗЗ-ийн гишүүн байгууллагууд өөр өөрсдийн хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна. Мөн Налайх дүүрэгт өсөлттэй байгаа, буурахгүй байгаа эдгээр гэмт хэргүүд дээр яаж ажиллах, ямар арга хэмжээ авах талаар санал зөвлөгөөнүүд гарч, иргэд аж ахуйн нэгжүүдэд өгч байна. Иргэдээс гарсан санал дээр тулгуурласан ажлууд ч хийгдэхээр төлөвлөгдлөө. Бид хороод дээр хамтарсан баг, олон нийтийн эргүүл гаргаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байна. Хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж, хууль зүйн дэмжлэг туслалцаа, арга зүйн зөвлөмж зөвлөгөө үзүүлж байна. Хороодын ажилтнууд өнөөдрийн зөвлөгөөнд бүрэн хамрагдаж оролцож байна.
-Налайх дүүргийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Дүүргийн Иргэдийн хурлын дэргэд ГХУСАЗЗ ажилладаг. Зөвлөлд ирэх дөрвөн жилд хийгдэх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эсрэг гэмт хэрэг, хулгайлах төрлийн гэмт хэрэг, мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдтэй тэмцэхэд нэлээд ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөсөн. Хяналтын камеруудыг суурилуулах, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдвэрлэх гэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Ингэснээр гэмт хэрэг ихээр үйлдэгддэг орчин нөхцөл цагдаа, олон нийтийн хяналтад шилжиж гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж байна.
Гэмт хэргийн гаралтыг бууруулах, дүүргийн иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нэн тэргүүний зорилго бий. Үүнийг биелүүлэхийн тулд төлөвлөсөн ажлуудаа шат дараатайгаар зохион байгуулж байна. Эдгээр ажлуудын нэг нь өнөөдрийн зөвлөгөөн юм.