“Женко” Х.Баттулга гэж хэн бэ?

Олигархи гэж хэн бэ? Насаараа мал малласан хүн олигархи хоёр юугаараа ялгаатай вэ. Хариулт нь амархан. Малчин хүн жилийн дөрвөн улиралд малаа маллаж, хөдөлмөрийнхөө ашиг шимийг хүртэж, түүгээрээ амьдардаг. Харин олигархиуд төрийг шимж амьдардаг. Олигархиуд малчдыг сайн мэднэ. Яагаад гэвэл тэдний хөдөлмөрийг ч бас шимдэг учраас. Харин малчид олигархийг танихгүй. Олигархийг танихад ч хэцүү. Энэ харь үгийн утгыг ухаж ойлгохгүй малчин байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тэгвэл Монголд хэн олигархи вэ?

Монголын олигархиудыг бид цувралаар танилцуулах болно. Харин одоо бур илүү томрохыг хүсч байгаа нэг олигархийн тухай дор өгүүлнэ. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга юм.

Ганзагын наймаанаас гараагаа эхэлж, унаж босч, шатаж одоогийн өндөрлөгт хүрсэн. Зураач, тамирчин гэсэн мэргэжил, эрхэм алдар түүнд бий. Түүний шазруун эх оронч зан хүмүүст үнэлэгддэг. Гэхдээ тэр бол одоо том олигархи болсон. Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн.

Харин УИХ дээр тэр 17 чингэлэг спиртийн хэргээ цайруулах гэсэн юм шиг архи, тамхины бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсан. Уг санаа нь зөв ч арга нь буруу байсан юм. Хэн нэгний бизнесийг эрх мэдлээ ашиглан хааж чадна шүү гэж дуугарч чадсанаараа тэр өсч яваа маш том олигархи гэдгээ нотолсон.

Гэвч түүний бусад олигархиудтайгаа хийж буй тэмцэл нэг л үр дүнгээ өгөхгүй байна. “Баянгол” зочид буудал, “Мах Импекс” ХК, “Талх чихэр” ХХК, “Женко” ХХК, түүний охин компаниуд гээд олон бизнес түүнд бий. Монголын махны зах зээлийн 17 хувийг дангаараа, бас бидний өглөө бүр амтархан идэх дуртай “Атар” брэндийг тэр эзэмшиж байна. Ц.Нямдоржийн тэр хаус маус бол “Женко”-гийн их хөрөнгөний хажууд амбаар шүү дээ.

Баримт-1

Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан цаг бий. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарсан гэж дуулддаг.

Баримт-2

УИХ 1999 оны долоодугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг хийсэн бөгөөд уг хэлэлцүүлэгт “Мах Импекс” ХХК орсон байв. Гэтэл 1999 оны наймдугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авав. Хувьчилж авахдаа хуйвалдаж, хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан 3 сая ам.доллараар авсан гэх. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй.

Баримт-3

Х.Баттулга БНСУ-ын “Номаринг”-ийн мөнгөнөөс хамгийн их хувь хүртсэн гэгддэг. “Мах-Импекс” компанийнхаа болон “Аранзал”, “Пирамид” гэх мэт компаниудаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан гэж үздэг. “Номаринг” корпорациас түүнийг яаралтай өрөө төлөхийг шаардсаар байсан юм. Харин Х.Баттулгын “Номаринг”-тай холбоотой гэх дуулиан хэрхэн шийдэгдсэн нь одоо болтол тодорхойгүй.

Баримт-4

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол түүний архитай хийх “дайн” тийм ч шударга байгаагүй нь нотлогдлоо. Ардчилсан нам доторх бүлэглэлүүдийн сөргөлдөөн гаарсан үед тэрээр “Алтан гадас” фракцын гол санхүүжүүлэгчдийн нэг АПУ-гийн Г.Батхүүтэй мөчөөрхөж архины эсрэг бодлого явуулжээ. Мөн түүний нэр дэвшин ялалт байгуулсан Баянхонгорт “МSС”-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нэр дэвших магадлал өндөр байв. Л.Элдэв-Очир “МSС” группийн охин компани “Спирт бал бурам” ХХК-ийг хариуцаж ажилладаг аж. Гэвч энэ бүхний цаана түүний хамгийн том сонирхол нуугдаж байв. Энэ бол “Вlаск Моrgan Inc”. Тус компани нь Монголын архины импортын зах зээлийг үндсэндээ хянадаг бөгөөд “Нeineken”, “Gгеу Goose”, “Cuervo”, “1800 Tequila” , “SKYY”, “Campari”, “Bacardi”, “Bombay”,” Sapphire”, “Cinzano”, “Bollinger”, “martini” зэрэг согтууруулах ундаа, дарс оруулж ирэн Монголын зах зээлд нийлүүлдэг байна. “Вlаск Моrgan Inc”-ийн Монгол дахь хамтрагч “The Black Моrgan Group”-ээс “Женко” групп 100 хувийн хувьцаа эзэмшиж эхлэхэд буюу 2009 оны нэгдүгээр сарын нэгэнд тус компани байгуулагдаж байжээ. Нэг ёсондоо “Вlаск Моrgan Inc” нь “Женко” группийн охин компани гэсэн үг юм. “Женко”-гийн бас нэг үнэн төрх олонд ил болох нь тэр.

Баримт-5

Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Хятадуудтай нууцаар гэрээ байгуулсан нь тодорхой болсон ч “энэ бол нууц гэрээ биш” хэмээн мэлзэж буй. Гэхдээ Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг. Гэвч энэ асуудлаар хэн ч хариуцлага хүлээлгүй тэгс гээд замхарч байх шиг байна. Энэ бол “Женко”-гийн үндсэн арга барил. Тэр бүхнийг далдаас удирддаг. Яг л мафийн загалмайлсан эцэг шиг.

Женко гэдэг нэр бол Италийн хамгийн том мафийн бүлэглэлийн нэр гэдгийг энд хэлэх нь бараг илүүц биз. Төрийн эрх мэдэл ард түмний сайн сайхан амьдрал, итгэл үнэмшил дээр тогтдог атал бизнесийн бүлэглэлүүдийн орон зайн тулаан болж хувирлаа. Ширэнгэн ойд ч ийм тулаан үргэлж явагддаг. Харин заримдаа аварга могой, гадны үлэмж биетүүдийн хоол болох тохиолдол бишгүй. Энэ бол өнөөдөр Монголд нүүрлээд буй хамгийн том аюул юм. Үүнийг зөвхөн Монголын төр, хүчирхэг удирдагч л зохицуулж чадна. Харин Монголын төр дэндүү сул дорой байна. Хүчирхэг удирдагчийг Монголын төр, ард түмэн үгүйлж байна.

Г.Нэргүй

Эх сурвалж: ” Улаанбаатар таймс” /2012 оны 5 дугаар сар/

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …