П.Дамдин:Улс төрийн товчоо огцроход би түүхийн хогон дээр хаягдсан

Ю.Цэдэнбал, П.Дамдингийн 50 насны ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнав

Паавангийн Дамдин гуай “Би муу бичдэг, хүний бичсэнийг өөлөхдөө сайн” хэмээн анхааруулсаар яриагаа эхэлсэн юм. П.Дамдин гуай 1960 онд 29 насандаа БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайдаар анх томилогдсоноос хойш Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв Хорооны Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Улс төрийн Товчооны орлогч, жинхэнэ гишүүний албыг 30 жил тасралтгүй хашсан нэгэн. Одоо ч энэ эрхэм хүн улс орондоо санаа зовж явдаг. “Бид яаж байлаа, одоо ийм байна” гэж бухимдах нь цөөнгүй гэнэ. Өвгөн хүзүүндээ аппараттай явна. 1997 онд хүндээр өвдөж, урд хөршийн эмнэлэгт хоёр сар сэхээнд хэвтсэн удаатай. Нэг хэсэг амьсгалах, ууж идэхэд ч бэрхшээлтэй байсан бол одоо юм бичихэд амаргүй байдаг ажээ. Түүнийг үхэх сэхэхийн дэнсэн дээр байхад үйлдвэрүүд хаалгаа барьчихсан хэрнээ ажилчид, салбарынхан нь “Үхэж болохгүй шүү” хэмээн захиж, чадлаараа тусламж илгээж байжээ.

П.Дамдин Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Ханхөхий уулын Цагаан толгой гэдэг газарт 1931 онд төржээ. Гэргий Раднаабазарын Энхтуяа хүүхдийн эмчээр ажиллаж байсан. 1994 оныг хүртэл Анагаах ухааны дээд сургуульд багшилж, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан эмэгтэй. Эднийх хүү, охин хоёртой. Ууган хүү Баяраа нь Москвад Ф.Дзержинскийн нэрэмжит Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Охин Цэнгэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

П.Дамдин гуай бас 1973 онд нисэх онгоцны осолд орсон ч амьд үлдсэн ус уух хувьтай хүмүүсийн нэг. “Улс орны амьдрал, өнөөгийн байдал ярина. Хувийн юмнууд хэрэггүй” гэж өвгөн надад сануулсан юм. Гэсэн ч бидний яриа яаж ийгээд үргэлжилж, би асууж, өвгөн хариулсаар байлаа.


-1990 онд улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэдэг мэдээ олон нийтийн хувьд нийгмийн шилжилтийн эхний дохио өгсөн. Огцоръё гэдэг шийдвэрийг Ж.Батмөнх дарга гаргасан гэцгээдэг. Улс төрийн товчооны бусад гишүүд энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?

-Уг нь Улс төрийн товчоог сонгодог газар нь хэн билээ. Их хурал хуралддаггүй юм аа гэхэд намын Төв хорооны бүгд хурлаар товчоог шийдэх ёстой. Гэтэл өлсгөлөн, цаг үеийн байдлаас болоод, Улс төрийн товчоо огцрох шийдвэрийг өөрөө гаргасан. Гэхдээ бид санал нэгтэйгээр огцоръё гэсэн.

-Эсэргүүцэх хүн гараагүй юу?

-Тэр үеийн нэг онцлог юу гээч. Намын төв хорооны Улс төрийн товчоог толгойлж байгаа хүн ерөнхий нарийн бичгийн дарга. Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрийг товчооны гишүүд хэн ч гэсэн хүлээж авна шүү дээ. Харин яах вэ гэж ярих ёстой. Хүн болгон өөр өөр юм боддог байсан байх. Манай Ж.Батмөнх биднийг дуудаж оруулаад “Огцоръё” гэсэн. Бид бүгдээрээ огцоръё гэдэг саналтайгаар шийдвэр гаргасан юм. 1990 оны гуравдугаар сарын 9-нд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Ноднин “Ардчилал” сонинд “Ардчилсан хувьсгалыг хэн ч өмчилдөггүй юм” бил үү дээ, том өгүүлэл гарсан. Тэр дунд УТТ-гоор огцрох асуудал ярьж байх үед П.Дамдин, Л.Лантуу, Б.Дэжид нар “Энэ хөдөлгөөнийг шууд даръя гэж санал хэлж байсан” гэж бичсэн байна лээ. Тийм санал бид гаргаа ч үгүй. Энэ бол гүжирдлэг. “Чи бид хоёрыг үхчихсэн л гэж бодож байх шиг байна” гэж Л.Лантуу бид хоёр ярьж байсан юм. Б.Дэжид гуай нас барчихсан шүү дээ. Ноднин “Бидний нэр хүндийг гутаасан. Бид ч яах вэ өнхрөөд өгнө. Үр хүүхэд хэцүү шүү дээ” гээд Сэргийлэхийн дарга Р.Чингис гэж нөхөрт бичсэн. Өөрөө ч хариу өгөөгүй, уншаа ч үгүй байх. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бололтой. Нэг ахмад хариу ирүүлж байгаа юм. “Энд хүнийг гүтгэсэн тодорхой баримт байхгүй байна. Тийм учраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэсгүй байна” гэж хариулсан. Бид хоёр өмгөөлөгч олоод, өнгөрсөн долоо хоногт өргөдлөө өгсөн. “За хүү минь, үүний учрыг олж өгөөрэй” гэсэн. Онгоцоор жиших юм бол хоёр сая 500 мянган зорчигчтой, бид долоо экипаж нь байж л дээ. Хүнээ суулгачихаад социализм байгуулахаар нисч явсан улс чинь ардчиллынхан гараад ирэхэд амиа бодоод долоон шүхэртэй бид үсэрч, амьд гарсан. Хүн ам нь өсч үржээд гурван сая болчихоод байна. Онгоц улам доошоо нисээд л байгаа. Тийм биз. Ингээд үзэхээр би ямар гайгаар Ж.Батмөнхийн дор байж, энийг хийв ээ. Хэрэв Ю.Цэдэнбал дарга маань залуу байсан үе байсан бол доо гэж заримдаа боддог юм.

-1989 онд Румынд Чаушескуг эхнэртэй нь буудчихсан. Тэр бичлэгийг УТТ-ныхон хамт үзсэн нь буулт хийхэд нөлөөлсөн байж магадгүй гэсэн яриа сонссон. Бодит байдал дээр энэ бүхэн нөлөөлсөн үү?

-Би боддог байсан. Ю.Цэдэнбал дарга шиг ухаантай, жинхэнэ улсын удирдагч шиг хүн байсан бол бид тэгж бууж өгөхгүй, учраа олж болох байсан гэж. Яагаад гээч 1989 оноос эхлээд бужигнаан боллоо. Ухуулах хуудас наалаа гээд Аюулаас хамгаалахынхан дор дор нь мэдээлдэг байсан. Товчоо байн байн улс орны байдал ярина. Би тэгэхэд улс орны байдлын тухай даргатай аминчилж ярья гээд 1990 оны эхээр өрөөнд нь орлоо. “Улс орны байдал хүнд болж байна. Ер нь дарга аа, та энэ залуучуудтай уулзаач. Эдний эцэг, эх тантай хамт багшилж байсан таны л үеийн улсууд байна шүү дээ. Эцэг эхийг нь дуудаж уулзаач. Нэг орой гэртээ аваачдаг ч юм уу. Сайхан хоол идээд, нөхөд минь яах вэ гээд ярилцаж болдоггүй юм уу. Түүнээс гадна энэ залуусыг ажилд тавимаар байна. Ухаандаа та С.Зоригийг УТТ-ны орлогч гишүүн бөгөөд, Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавьчих. Бусдыг нь сайдаар тавьчих. Над мэтийг халаад хаячих. Та нарын тавьж байгаа шаардлага зүйтэй. Бид дутагдалтай ажиллаж байна. Та нар энийг засна шүү гээд энэ залуучуудыг ажилтай зууралдуулаад өгч болдоггүй юм уу. Гурав дахь санал нь УТТ-г хоёр хэсэг болгочих гэсэн. Тэр үед залуусын шаарддаг юм жинсэн өмд, магнитофон байхгүй гэдэг байлаа. УТТ-ны нэг хэсгийг аж ахуйн хэсэг болгож, Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном толгойлог. Би орлогч нь болъё. Энэ залуусын шаардаад байгаа юмыг нь хангаад өгье. Хос жинсэн өмд, хоёр магнитофон хүзүүнээс нь зүүгээд, амаар нь дүүрэн бохь чихээд өгье л дөө. Тэгэхэд энэ залуус чинь ойлгоно шүү дээ. Иймэрхүү аж ахуйн ажил хийгээд, улс төрийн хэсэг нь болохоор Ц.Намсрайгаар толгойлуулаад энэ залуустай уулзаж яриг гэсэн. Ж.Батмөнх дарга том эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, сайхан хүн л дээ. Намайг бодоход уур уцаар багатай. Уг нь П.Дамдин чиний энэ санал зүйтэй байна, харж үзье, бодъё, хэдүүлээ ярья гэдэг ч юм уу эсвэл “Чи битгий дэмий юм яриад бай” гэх мэтээр хариулж болно шүү дээ. “Өөр юм байна уу” гэхээр нь байхгүй гэсэн. Тэгээд дуусаа. Байдал улам хэцүү боллоо. 1990 оны нэгдүгээр сард шиг санаж байна. Бас л Ж.Батмөнх дарга дээр орлоо. “Дарга аа, хэдүүн танд санал хэлсэн шүү дээ. Энийгээ л дахиж яримаар байна” гэсэн. Манай Ж.Батмөнх хүний яриаг их л сайн сонсдог хүн. Хариу байхгүй нь урам гутмаар. Хөөрхий, Ю.Цэдэнбал дарга маань бол ороод ярихаар мундаг нарийн хүлээж авна шүү дээ. Ингээд хоёр удаа яриад үндсэндээ “Энэ нөхөртэй яриад нэмэргүй юм байна даа” гэж бодсон. Гурван сард байна уу даа, УТТ-ны өргөтгөсөн хурал хийсэн юм. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар, Намын төв хорооны хэлтсийн эрхлэгч нарыг оролцуулсан. Улсууд санал гаргаад байна. Би босоод саналаа хэллээ. “За, нөхөд минь байдал хүнд байна. Үүнээс гарах арга зам байна гэж үзээд би Ж.Батмөнх дарга дээр хоёр удаа орж ярьсан. Ийм санал тавьсан. Ингэвэл улс орны байдал өөр болохоор байна шүү дээ” гэсэн. Би Ж.Батмөнх даргыг ингэж уурлаж байхыг үзээгүй. Тайван хүн шүү дээ. Тэгсэн чинь мань хүн босон харайгаад, нүднийхээ шилийг авч хаяад “Чи дандаа хүнд үүрэг өгч байдаг. Өөрөө юм хийдэггүй” гэж намайг хурал дээр загналаа. Би хэллээ. “Дарга аа, би танд хэлэхгүй хэнд хэлэх юм. Гудманд хашгираад гүйж явах юм уу” гэсэн. Тэгээд удаагүй биднийг дуудаад “За нөхөд минь, огцорцгооё” гэсэн.

-Хамтдаа бичлэг үзээгүй юү?

-Тэр чинь телевизээр гарч байсан юм. Тэрийг юу гэж товчоо бүхэлдээ үзэх вэ. Яг тэр үед социалист улсуудын удирдлагууд хүнд байдалд орчихсон. Чаушескуг авгайтай нь буудаад алчихсан. Би боддог юм. “Аягүй бол эд Даариймаа бид хоёрыг буудаад алчих байх. Эртхэн шиг бууж өгье” гэж бодсон байх.

-УТТ огцроход олон нийт том өөрчлөлт болох нь гэдгийг ойлгосон. Харин та социалист систем болохоо байлаа гэдгийг мэдэрч байсан уу?

-Үгүй ээ, социализм болохоо байлаа гэж хэн нь ч бодоогүй. Бид социализмыг байгуулна. Дутагдал байна, засна, сайжруулна л гэж явсан. Манай зарим улс тэгдэг юм. Би дээр үед мэдэж байсан. Социализм болохгүй болчихсон юм аа гэцгээдэг. Би л тэгж бодоогүй. Дутагдал байсан уу гэвэл байсан. Эдийн засгийн хөгжлөөрөө хоцорч байсан байхгүй юу даа, манай лагерь бүхэлдээ. Дэлхий социалист, капиталист гээд хоёр хуваагдчихсан. Тийм учраас бидэнд мөнгө төгрөг муу. Валют, доллар олдохгүй шүү дээ. Ийм үед одоогийнх шиг “Мөнгө өгөөч“ гэж гуйвал асуудалд орно. “Чи юу гэж лагерийн нэр хүндийг, Монгол Улсын нэр хүндийг унагааж, Японоос мөнгө гуйдаг байна аа” гэнэ шүү дээ. Хүн болгон социализмынхаа, улсынхаа нэрийг бодно. Социализмын дутагдлыг яаж засч болохыг бидний дэргэдэх Хятад улс харуулж байна. Удирдагч гэдэг үүгээрээ ялгаатай.

-Та улс орны удирдлаганд байсан хүн. Тэтгэвэрт гарахаараа тэгнэ ингэнэ гээд ирээдүйгээ төлөвлөж байсан уу?

-Тийм юм байгаагүй. Намаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө хамаг бүхнээ зориулж байсан болохоос биш би тэтгэвэрт гараад яах билээ гэж бодож байгаагүй. Одоо бол дээр байгаа хүмүүс улсыг бодохгүй, хувиа бодож байна шүү дээ. Тэр үед социализм байгуулж байсан бид ганц ТҮЦ ч үгүй үлдсэн. Манай орон сайхан, зөв замаар явж байна. Тийм учраас бид өөрсдөдөө болон үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй байсан. Тэр үед хэн ч манай улс ийм болчихно гэж бодоогүй. Түүх шүүх л байх даа. Шүүхдээ үнэн мөнийг тогтооно. Манай нам бол Монголын ард түмний жолоодогч, манлайлагч, удирдагч гэж Үндсэн хуульдаа заасан. Манай намын гол зорилго бол ард түмнээ сайн сайхан амьдруулах л байсан. Манай улс нүүдлийн мал аж ахуйн орон байсан. Үндсэндээ 1960 оныг хүртэл ийм л байлаа шүү дээ. Манай улсыг өөрчлөх хөгжүүлэх асуудал үндсэндээ 1990 оноос өмнөх 25 жилд л хийгдсэн. Социалист орнууд бий боллоо. Бүхэл бүтэн лагерь бий боллоо. Улсаа хөгжүүлье гэдэг зорилго тавиад 1961 онд хуралдсан МАХН-ын XIV их хурлаас Монгол орныг эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгоно гэсэн зорилго тавиад л үүний төлөө тав таван жилийн төлөвлөгөө хийж, ажилласан. Улс орныг хөгжүүлэх ерөнхий схем, прогноз 20 жилээр хийгээд, МАХН-ын Төв хороогоороо ярилцаад, үүнийгээ тав таван жилээр нь хуваагаад тэр дагуу явсан.

-УТТ огцорлоо, та юутай үлдсэн бэ?

-Би тэгэхэд түүхийн хогон дээр л хаягдсан. Өөр юутай үлдэх юм бэ. Шүүхэд шилжсэн шүү дээ. Гайхмаар байгаа биз. Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид гээд 12 хүнийг манай нам шийдвэр гаргаад шүүхэд шилжүүлсэн. Намын түүхэнд удирдлаганд байсан хүмүүсээ бүрэлдэхүүнээр нь шүүхэд шилжүүлсэн анхны тохиолдол байв. Сүүлийн жилүүдэд л биднийг ахмад гэж харж үздэг болсон. Хөөрхий, Ю.Цэдэнбал даргыг хүний нутагт үндсэндээ цөлөөд, бурхан болголоо. Бид энд гурван жил шүүхэд дуудагдлаа. Хэдхэн сарын өмнө нам, улсын удирдагч гээд сайшааж, магтуулж явсан улсыг гудамжаар явахад хүн болгон хараад “Өнөө тойрон хүрээлэгч чинь энэ явж байна” гэдэг. Ухаандаа ингэдэг байхгүй юу. Хоёр байцаагч ээлжилж байцаадаг. Байцааж байгаа хүмүүс их сонин. Байцаагч залуухан эмэгтэй “За, Дамдин гуай, нөгөөдөр 11 цагт ирсэн байгаарай” гэнэ. Нөгөөдөр болтол одоо юунаас эхлэх бол, яах бол гэж юм бодно. Нойр, хоол муутай л байна шүү дээ. 11 цагт очоод үүдэнд нь сууна. Өнөө хүүхэн чинь орж гараад л найзууд нь ирсэн бололтой хөхрөлдөөд л. Инээгээд, тамхи татаад байхыг бодоход хувийн л юм ярьдаг байлгүй. Ингэсээр байтал 13 цаг болоод үдийн цайндаа явна. “Өө, Дамдин гуай та ирчихээ юү” гэнэ. “Та намайг 11 цагт ир гэсэн, би цагтаа ирээд сууж байна” гэхээр “Өө, таныг биш би андуурсан байна лээ шүү” гэх жишээтэй. Энэ мэтээр байцаасаар байгаад шүүхэд шилжүүлсэн. Намайг нэгдүгээрт улсын хөрөнгийг сүйтгэсэн, хоёрдугаарт, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хоёр зүйлээр буруутгасан юм. Бидний идсэн уусан гэх хэргийг шалгахын тулд гуч гаруй нягтлан бодогч дайчилсан. Арван жилийн дотор улсаас авсан цалин мөнгө, орон сууц, лабораториос авч хэрэглэсэн идэж уух юм гээд бүгдийг шалгасан. Хоёр, гурав хоноод л дуудна. Өөрөөр хэлбэл, гурван жил амьдаар нь тамлаж байгаа юм. Нэг удаа дуудаад “П.Дамдин гуай, таны хэргийг шалгаж дууссан, та улсын хөрөнгөнөөс 188 төгрөг идсэн байна” гэлээ. “Юу байна, хүү минь” гэсэн чинь “Таныг дарга болоход байрыг чинь зассан байна. Байрыг зассан төсвөөс 188 төгрөг хэтрүүлжээ. Та энэ мөнгийг банкинд тушаагаад, баримтыг нь авчирч өг” гэсэн. Гүйж очоод тушаачихсан. “Одоо дууссан уу” гэсэн чинь “Та улсыг хохиролгүй болгочихлоо” гэсэн. Хоёр дахь нь улс төрийн асуудал. УТТ-ны тогтоолд гишүүд гарын үсэг зурдаг байсан. Намайг орлогч болсноос хойш УТТ-ны хоёр гишүүн Т.Рагчаа гуай, Д.Гомбожав гуай хоёр тэтгэвэрт гарсан байдаг. Тэр үед нам засгийн удирдах улс тэтгэвэрт гарахад тусгай тэтгэвэр тогтоодог тогтоолтой байсан. Сарын тэтгэвэр нь 1100 төгрөг. Тухайн үед нийтийн тэтгэвэр 500-600 төгрөг байсан байх. “Та УТТ-ны гишүүний хувьд тэр хоёрын тусгай тэтгэвэр тогтооход гарын үсэг зурсан, үнэн үү” гэсэн. “Үнэн” гэсэн. “Энэ чинь албан тушаалаа урвуулсан хэрэг. Үүнийг чинь шүүхэд шилжүүлнэ” гэсэн. Шүүхэд дуудлаа. Ийм ийм учиртай гээд тайлбарлана. Гарын үсэг зурсан товчооны гишүүд яригдаад байсан 200-гаад мянган төгрөгийг нь хуваагаад төлж болох л байсан. Гэтэл шийтгэхээр зүтгэсэн. Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулсан хэргээр 10 жилийн ял заагаад, шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх шударга шийдвэр гаргаж, “Энэ бол хэрэг биш, Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу улсыг удирдаж байсан хүмүүс ийм эрхтэй. Хуулийн дагуу хийгдсэн байна. Албан тушаалаа урвуулсан хэрэг биш” гэж үзээд, хэрэг хаагдсан.

-Ингэхэд танд хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоосон бэ?

-Нийтийн журмаар тогтоолгосон. Тэр үед тусгай тэтгэвэр байхгүй болсон юм. Гэр бүлээ тэжээж чадахгүй шахам л байсан.

-Ю.Цэдэнбал дарга таныг дэвшүүлсэн юм байна лээ. Та бас Увсынх. Тэр үед гадаадад сургууль төгсч ирсэн боломжийн залуу хүн гэж таныг сонгосон нь мэдээж. Гэхдээ нутгийн хүчин зүйл илүү дотносох шалтгаан болсон уу?

-Мэдээж хэрэг судалж байхдаа аль аймгийн, хэн гэдгийг мэдсэн байх. Гэхдээ Ю.Цэдэнбал дарга тийм хүчин зүйлийг харгалздаг өчүүхэн амьтан биш шүү дээ. Тэр бол түүхэн том зүтгэлтэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …