“Эрдэнэс Таван толгой” компани энэ долоо хоногийн эцсээр баруун Цанхийн экспортоо албан ёсоор нээх гэж буй.
Өнгөрөгч хоёрдугаар сард Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг хийж, долоодугаар сард нүүрс олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ жил уг хэсгээс 3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажээ.
Ийнхүү баруун Цанхийн экспортыг албан ёсоор эхлүүлэхдээ гүний гаалийн тогтолцоог анх удаа ашиглах юм байна. Тодруулбал уурхайгаас олборлосон нүүрсээ “Цагаан хад”-ны боомтод буулган, гаалийн бүрдүүлэлт хийн шилжүүлэн ачиж, хилээр гаргадаг байсныг зогсоож уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийж, шууд ачиж хилээр гаргахаар болжээ.
Мөн “Эрдэнэс-Таван толгой” компани нүүрс угаах үйлдвэрийн төсөл боловсруулж, өнгөрөгч зургаадугаар сард Уул уурхайн яам, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр төслөө батлуулсан байна.
Ингээд тендерийг ойрын хугацаанд зарлаж, ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн эхний ээлж 2.5 жилийн хугацаанд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд үндсэндээ 2015 онд нүүрс угаах үйлдвэртэй болох тухай албаныхан мэдээллээ.