Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт өнгөрсөн амралтын өдөр автомашин, мотоцикльтой мөргөлдсөн осол гарчээ.
Тодруулбал тус сумын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар шороон замд УАЗ-469 маркийн Л жолоочтой автомашин нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлджээ. Ослын улмаас мотоциклийн жолооч 24 настай Б-н амь нас хохирсон байна.
Дулааны улиралд унадаг дугуй, мопед, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл ихээр бүртгэгддэг. Хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөнөөр унаж, хэрэглэж байна. Гэвч иргэд мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байдаг.
Иймд унадаг дугуй, мопед, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгсэл, хамгаалах малгайг бүрэн өмсөж хэрэглэн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.