“Кассын машин”-ы хэрэг буюу Н.Золжаргалын зуурсан бантан

 

 

-Төмөр замынхны араас Монголбанкныхан гадагшаа зугтсан уу-

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэгэнтээ “Монголбанкийг Засгийн газрын кассын машин боллоо” гэж анхааруулж байсан удаатай. Тэгэхэд эрх барьж байсан АН-ынхан эсэргүүцэж, “Сөрөг хүчнийхэн сөрөх л гэж сөрж байна” гэж няцааж байсан юмдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үнэн тодорч, МАН-ынхны анхааруулж байсан бүхэн ил болж эхэллээ. Гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэдэн зуун тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдлоо. Ийм хэмжээнд хохирол үүссэн шалтгаан нь Н.Золжаргалаар удирдуулсан Монголбанк Засгийн газрын “кассын машин” болж хувирсантай шууд холбоотой байжээ. Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. Арилжааны банкуудаас ялгаатай нь алдагдал хүлээвэл тэр нь төрд, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруун дээр буудаг тийм л тогтолцоотой байгууллага. 1991 онд батлагдсан Банкны тухай хуулиар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үндсэндээ бүрдэж Төв банк ба арилжааны банкууд гэж ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр хадгаламж татах, зээл олгох зэрэг ашгийн төлөөх үйл ажиллагаа нь зөвхөн арилжааны банкны үүрэг болсон гэсэн үг. Гэвч хуулиар тогтоож өгсөн энэ зааг ялгаа, зах зээлийн үндсэн зарчмыг АН эрх барьж эхэлсэн 2012 оноос үндсэнд нь нураажээ. Засгийн газар Төв банктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж, үр дүнд нь Монголбанк кассын машины үүрэг гүйцэтгэж эхэлсэн тухай энд ярья. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Монголбанк ажиллаж, хэт их хэмжээний цаасан мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн хямралын эхлэл болсон байна.
Баримт түшье. Нэмэлт хачиргүй нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Иймд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын явуулсан бодлого зах зээлийн зарчмаас гажсан гэдгийг батлах хэдхэн тоог танилцуулъя. Монгол Улс хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш Төв банк саяхныг хүртэл алдагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2012 оноос л бодит алдагдал хүлээж эхэлсэн юм байна. Төв банкинд заавал байх ёстой валютын нөөц 2012 оноос багасч, өөрийн хөрөнгөд нь ч энэ үеэс л эрсдэл учирч эхэлжээ. 2012 оны наймдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хийсэн дүн мэдээнээс харахад Монголбанкны алдагдал хэвийн хэмжээнээс хэт хэтэрч, хуримтлагдсан алдагдал нь 3 их наяд төгрөг болсон байна. 3 их наяд төгрөг гэдэг Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын тэн хагас нь. Улсаараа зургаан сар амьдрахад хүрэлцэх мөнгө гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний цэвэр алдагдал гуравхан жилийн дотор Төв банкин дээр овоорчээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан валютын нөөц нь энэ хугацаанд 1.3 тэрбум ам.доллар болтлоо огцом буурч, валютын ханш галзуурах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Шалтгаан нь өнөөх л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхтэй юм.
“Үнэ тогтворжуулах” нэрийн дор Засгийн газар, Төвбанк хамтран хувийн хэвшилд ялгавартайгаар зээл олгож эхэлсэн юм. Бизнес эрхлэгчдийн нэг хэсэг нь жилийн 22-23 хувь давчихсан өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авч байхад нөгөө хэсэг нь Төв банкнаас маш бага хүүтэй мөнгө авч бизнесээ цэцэглүүлж байсан аж. Хувийн хэвшилдээ ийн ялгавартай хандахын сацуу даргын, сайдын найз нар л бага хүүтэй зээлийг бусдаасаа урьтаж авч байсан баримт бий. Магадгүй угаасаа тэдэнд л тийм мөнгө өгөх гэж зориудаар Монголбанк зээл олгох хүртлээ зарчмаа зөрчсөн байх талтай. Жишээ татвал зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо хуулийн дагуу баталсан сонгон шалгаруулах журмыг ноцтой зөрчиж, шууд зээл олгосон нь шалгалтаар тогтоогджээ. Тухайлбал, Женко Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үедээ 13 аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл шууд олгосон нь цагаан дээр хараар бичсэн шалгалтын дүн дотор “цохиж” л явна.
Монголбанк сайдын “халаас”-ны компаниудад энэ мэтээр сонгон шалгаруулалтгүй зээл олгохын сацуу зарим компанид валютын ханшийг зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулж байв. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн “Найман шарга” дээрээс нэг ам.долларыг 1000 төгрөгөөр авч байсан гэвэл Н.Золжаргалын сонгосон аж ахуйн нэгжүүд 300 төгрөг татуу үнээр нэг долларыг өөрийн болгож байжээ. Үүнийгээ ханшийн дарамтаас аж ахуйн нэгжүүдээ чөлөөлж байгаа хэлбэр гэж тэр жишим ч үгүй тайлбарлаж байсан юм. Гэтэл энэ нь шударга зарчим байв уу. Зарим нь өндөр үнэтэй доллар, зарим нь хямдхан доллар аваад зах зээл дээр өрсөлдөнө гэдэг яав ч шударга биш. Гэтэл Монголбанк зөвхөн дээрх тайлбартайгаар нефть импортлогч компаниудад нэг тэрбум 579 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэл төгрөгөөр хямд борлуулсан. Үр дүнд нь өөрийнх нь буюу төрийн алдагдал 354.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Нэг цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөг гэвэл 354 цэцэрлэг барих мөнгөөр Монголбанк, тодруулбал Монголын төр алдагдал хүлээсэн байна. Үүнээс гадна Төв банк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад дамлан олгосон нь ил боллоо.
Энэ мэтээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн явцад Монголбанкны хүлээсэн алдагдлын хэмжээ зогссонгүй. Төв банк дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл байгуулах нэрийн дор 7.1 тэрбум ам.долларыг интервенц нэрээр 2013-2015 оны хооронд зах зээлд нийлүүлжээ. Валютын ханшийг тогтворжуулах зорилготой гэх ийм их хэмжээний интервенцийн үр дүнд валютын ханш тогтворжихийн оронд харин ч тонгочиж байлаа. Үүнийг батлах баримт бол 2011 онд дэлхийн хамгийн чанга валютаар нэрлэгдэж байсан монгол төгрөгийн ханш дөрөвхөн жилийн дотор 80.3 хувиар ханш нь сулрав. Интервенц нэрээр зах зээлд нийлүүлсэн 7.1 тэрбум доллар буюу 14 их наяд төгрөг ийнхүү зүгээр л салхинд хийссэн байна.
Улсад энэ мэтээр маш их хэмжээний ноцтой хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргал болон түүний багийнхан өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ийм том бодлогын алдаа хийснийхээ оронд хариуцлага хүлээхийн оронд хангамж, цалингаа үргэлж өсгөж явсан нь ч шалгалтын явцад тодорхой болжээ. 2012-2016 оны хооронд Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлснийгээ ажилчиддаа орон сууцны дэмжлэг, мөнгөн шагнал олгох зэргээр үрж дуусгасан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн юм.
Өөрийгөө шагнаж, урамшуулах, улсдаа их хэмжээний хохирол учруулахаас өөрөөр ажил хийж гавиагүй Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал өнөөдөр хаана байгаа вэ? УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва энэ талаар “Монголбанкинд ноцтой зөрчил илэрсэн байна. Үүнийг ажлын хэсэг гаргаж ирсэнд талархал илэрхийлье. Гаргаж ирсэн мэдээллийг харахад надад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчихоод бид гаднаас бадарчлаад, гаднын компанийн шахалтад ороод явж байна шүү дээ. Н.Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчихээд зугатаагаад явчихдаг. Дөрвөн жилийн дараа ирээд дарга болчихдог байж болохгүй. Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй шүү дээ. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугатаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Ийм хэдэн “хулгайч”, эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү. Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна. Гэмт хэрэгтэн болгон зугатааж чадаж байна” гэж хэлсэн нь зүгээр ч нэг хоосон үг байгаагүй биз. Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ бүх бантанг зуурчихаад хаана байгаа нь мэдэгдэхгүй гадаадад явааг сануулсан хэрэг. Мөн Монголын төрд алба хаших явцдаа мөнгө завшсан, хэдэн тэрбумаар төрөө хохироосон хүмүүс ял үүрэхийн оронд зугтдаг жишиг тогтоод удаж байгааг л тэр хэлсэн байх. Учир нь, төмөр зам барих нэрээр хэдэн арван сая ам.доллар төрөөс гаргуулж, түүгээрээ далан гэж шороо овоолчихсон хэрэгт холбогдсон “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХЗ-ийн ТУЗ-ийн дэд дарга П.Бат-Эрдэнэ нар ч бас гадаадад зугтааж, “Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж явааг бид мэдэх билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …