Мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийссан гэв

Зураг

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа Төрийн ордонд хийлээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын гуравдугаар сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулсан юм. Үндэсний хорооны даргаар ХЗДХ-ийн сайд, орлогч даргаар Эрүүл мэндийн дэд сайд, гишүүдэд нь БОАЖ-ын дэд сайд, БСШУС-ын дэд сайд, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ-ын удирдлагууд болон  ГХЯ-ны Консулын газрын захирал, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга, ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга, Малын эмийн салбар зөвлөлийн дарга, Сэтгэцийн эмгэг, наркологийн төвийн захирал зэрэг албаныхан багтдаг юм.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн арван жилд /2006-2016 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196 дугаар  зүйлд заасан /мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх/  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан бөгөөд дээрх бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан, уг гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэх болжээ.

Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих ажлыг чангатгах,  эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах,  алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх,  дээрх бодисын  хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг өөрчилж, боловсронгуй болгох зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан юм.

Уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ түүнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, уг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон этгээдийг сайн дурын болон албадан эмчлэх  нэгдсэн тогтолцоо бий болж, төрийн бодлого цогц байдлаар, уялдаа холбоотой хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны хуралдаанаас зөвлөмж гаргалаа.

 

 

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …