Улсын хэмжээнд 30 мянган иргэн 240-300 мянган төгрөгөөр цалинждаг

Зураг

Үндэсний Статистикийн Хорооноос  тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг  танилцууллаа.
 
УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСАД  ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ

Тавдугаар сарын үзүүлэлтээр монголчуудын сарын дундаж цалингийн хэмжээг тооцон гаргажээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин  нэгдүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7  мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2  мянган төгрөгөөр өссөн байна. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 566 722 ажиллагсдын дундаж цалин нь 684.8 мянган төгрөг байгаа аж.

44 мянган  хүн 240 мянган төгрөг хүртэлх цалинтай, 30 мянган иргэн 240-300 мянган төгрөгийн цалинтай, 21 100 иргэн 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай, 66700 иргэн 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай гэсэн үзүүлэлт гарчээ. Үүнээс үзэхэд нийт 87 800 иргэн 1.3 сая төгрөгөөс дээш цалин авдаг байна. Хамгийн өндөр цалинг уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсад авдаг аж. Тэдний  сарын дундаж цалин  2 сая 481.2 мянган төгрөг тэнцэж байгаа бол  урлаг, соёл, үзвэр үйлчилгээний  салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөгийн цалинтай гэсэн тооцоо гарсан байна.

 

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨМНӨХ ОНООС 7.7 ХУВИАР  ӨСӨВ
Мөнгөний нийлүүлэлт  өмнөх тавдугаар сард дөрөвдүгээр сараас 532.4 тэрбум төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 290.9 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 136.5 тэрбум төгрөг, валютын харилцах 112.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тавдугаар сарын эцэст 875.4 тэрбум төгрөг болж,  өмнөх сараас 4.9 хувиар, өмнөх оны мөн үеэс  11 хувиар  өссөн байна.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс  1261.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пункт, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан байна.Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1144.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 5.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар  өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өссөн байна.

 
ОРЛОГО БУУРЧ ЗАРЛАГА ӨССӨНӨӨС ТӨСВИЙН АЛДАГДАЛ 412.5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Улсын эдийн засгийн гол үзүүлэлт болох татварын нийт орлого 2302.0 тэрбум төгрөг болжээ. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 464.7 тэрбум буюу 25.3 хувиар өсөхөд онцгой албан татварын орлого 52.8 тэрбум төгрөгөөр буурсан  ч орлогын албан татвар 44.7 хувиар  нэмэгджээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх буюу 79 хувийг татварын орлого, 12.5 хувийг татварын бус орлого, 5.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа юм. Тодруулбал улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3079.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс  4.0 хувиар өсөхөд хөрөнгийн зардал 106.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Гэсэн ч урсгал зардал 132.6 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 91.1 тэрбум төгрөгөөр өссөн аж.

Оны эхний таван сарын байдлаар манай улсад 2666,6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3079,1 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого буурч зарлагын өссөн дүнгээс хамаарч төсвийн алдагдал 412,5 тэрбум төгрөг байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг сануулахад өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Харин жилийн дараа төсвийн алдагдал тал хувиар буурсан байна.Эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг валютын ханш тавдугаар сард ямар байгааг доорх мэдээллээр хүргэе. Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш 2413,6 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407,1 төгрөгөөр суларчээ. Харин Монголбанкнаас нэрлэсэн юанийн ханш 350,38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43,1 төгрөгөөр суларсан байна. Урд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгт ийм статистик үзүүлэлттэй байгаа бол рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн ханш 42,3 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11,7 төгрөгөөр суларсан байна.

ИНФЛЯЦИ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 3.7 ХУВИАР ӨСЛӨӨ
Инфляци тавдугаар сард өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа.

Инфляци тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.7 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцоллоо.  байна.  Түүнчлэн инфляци Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Увс аймагт 0.1-0.2 хувиар буурч, Сүхбаатар, Архангай аймагт өөрчлөлтгүй гарсан бол Улаанбаатар хот болон бусад 15 аймагт 0.2-1.2 хувиар өсчээ.  Харин Орхон аймагт инфляци 1.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Улаанбаатар хотод тавдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 26.2 хувийнх нь үнэ өссөн бол 16.3 хувийнх нь үнэ  буурч, 57.6 хувийнх нь үнэ тогтвортой хэмээх үзүүлэлт гарчээ. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 54 нэр төрлийн  үнэ нэмэгдсэнийг онцолжээ.

Эх сурвалж: montsame.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …