Өнөөдөр Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч н.Байгальмаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ЭМН-ийн дарга Л.Байгал нар оролцлоо.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В, С вирусын халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах юм.
Статистик мэдээллээр өнгөрсөн 2016 онд л гэхэд 5991 хавдрын тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу 50 хувь нь элэгний хавдар байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үндэсний хөтөлбөрийн Налайх дүүрэг дэх нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ: “Энэ жил нийслэлийн ИТХ-аас олон жил засвар хийгээгүй байсан нэгдсэн эмнэлгийн засварт 400 гаруй сая төгрөгний санхүүжилтийг шийдэж өгсөн. Энэ зун дүүргийн эмнэлэг гадна үзэмжээ ч, дээврээ ч янзлах боломжтой. Мөн ЭМЯ-наас 70 сая төгрөгийг хүүхдийн эмнэлгийн дээврийн засварт шийдэж өгсөн. Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч санаачилсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил ид дундаа өрнөж байгаад таатай байна. Мөн Туркийн буцалтгүй тусламжаар нэг өрхийн эмнэлэг Налайхт баригдана. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн тухайд маргаашаас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хипатитийн В, С вирус илрүүлэх оношилгоог эхлүүлж байна. Энэ жилийн хувьд 40-65 насны иргэдийг, дараа жил 40 хүртэлх насны, 65-аас дээш насны иргэдийг хөтөлбөрт хамруулна. Хүн амын 3-ны 2 хувийг хамруулсан үзлэг шинжилгээ урьд өмнө нь Монгол улсад хийгдэж байгаагүй. Тийм учраас бэлтгэл ажил маш их шаардлагатай байсан гэдгийг онцлон хэлье” гэв.
Нээлтийн ажиллагааны үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат дүүргийн Эрүүл мэндийн төвд утлагын аппарат, 1 ортой функцтэй эмнэлгийн ор, хэт ягаан туяаны шарлагын аппарат, вакцины хөргөгч зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.
Дүүргийн төв талбайл улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэг, хавдар судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн нүүдлийн эхо, рентгенээр үзлэг шинжилгээг өнөөдрийн туршид үнэ төлбөргүй хийж, иргэдэд үйлчлэх юм.
Налайх дүүрэг