Б.Галсансүх: Өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүнтэй холбоотой ноцтой мэдээллүүд барагдахгүй их байна

Модернист яруу найрагч Б.Галсансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Аяны хүнээс замын сонин сонс гэдэг дээ. Ингэхэд та хаагуур яваад ирэв?
-Миний бие Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч, зохиолч Тангадын Галсан гуайтай хамт Европ дахь Монголчуудын нэгдсэн холбооны урилгаар Европын хэд хэдэн оронд очиж, Монголчуудтайгаа уулзаад ирлээ. Тавдугаар сарын 24-нд Берлин дэх Монголчуудтай,дараа нь Белгид амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзлаа. Үүний дараа Франц улсын Парис хотод байх Монгол Улсын Элчин сайдын яаманд тус улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд уулзаж, ярилцлаа. Мөн Герман улсад байх Монголчуудтайгаа уулзлаа гээд нийт 14 хоногийн хугацаанд Европын орнуудаар явж,  элэг нэгтнүүүдтэйгээ уулзаж, ярилцаж, халуун дулаан уур амьсгал үүсгэж яваад ирлээ дээ.

-Ямар зорилготой уулзалт вэ?
-Ер нь дуучин, хошин шогийнхон гээд л бүгд л гадагшаа явж, тэнд амьдарч байгаа Монголчууддаа зориулж тоглолт хийдэг болж. Гэвч зохиолч, яруу найрагчдын энэ төрлийн уулзалт өмнө нь болж байсангүй. Тэгэхээр Галсан ах бид хоёрын энэхүү уулзалт анх удаагийнх болж байна л даа. Америк дахь Монголын уран зохиолын нийгэмлэг Чикаго хотод байгуулагдсан. Энэ нийгэмлэгээс “Хөх зун” гээд уран уншлагын наадмыг хийгээд хэвшчихлээ л дээ. Харин Европт саяхан Европ дахь Монголчуудын уран зохиолын холбоо гэж байгууллага байгуулагдлаа. Энэ байгууллагын тамга тэмдэг, гэрчилгээг Францад амьдарч байгаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн хүү “Болор цом”-ын эзэн Л.Хасар, яруу найрагч н.Эрдэнэсолонго, зохиолч н.Болор-Эрдэнэ нартаа гардуулж өгсөн юм. Мөн төрөлх Монгол хэл дээрээ уран бүтээлээ туурвидаг зохиолч, найрагч залуустайгаа уулзаж, нэгээхэн цаг хугацааг хамтдаа өнгөрүүллээ. Үүнийг уран зохиолын уулзалт, цэнгүүн гэж нэрлэх юм уу даа. Нэг иймэрхүү ажлаар өвгөн ах бид хоёр Европын орноор явж байгаа ирлээ.

-Европ дахь уран зохиолын цэнгүүн хэр болов. Эх хэлээ санацгааж уу?
– Өө тэгэлгүй яах вэ. Тэд маань эх хэлээ их санасан байна. Хоорондоо л Монголоор ярина. Бусад үед байгаа орныхоо хэлээр ярьж байгаа шүү дээ. Ийм хүмүүс Монгол хэлээрээ шүлэг зохиол сонсож, хөөрөлдөнө гэдэг сайхан байлгүй яах вэ. Биднийг их сайхан хүлээж авч, мартагдахааргүй дурсамжууд үлдээлээ.

-Модернист яруу найрагч Б.Галсансүх гэж хүн одоо юу хийж байна вэ. Шинэ шүлэг найраглал бичиж байна уу. Таны шүлгийг уншихыг хүсэгчдэд хүлээлт үүсгээд байх шиг санагддаг. 
-Одоогоор жижиг, сажиг шүлэг бичээд л байж байна. Гэхдээ шүлэг бичихэд их л таарамжгүй юм цаг үе байна. Гэхдээ бичсээр л байгаа. Шүлгийг мөнгө олох зорилгоор бичдэггүй л дээ. Зүгээр өөрөө сэтгэлийн таашаал аваад, түүнийгээ хүмүүст уншиж өгөөд тэндээсээ кайф авна ч гэдэг юм уу, яруу найрагч гэж ийм л хувийн чанартай зүйл л дээ. Харин сонин хэвлэл гэдэг бол тусдаа ойлголт.
 Олон нийтэд зориулсан, тодорхой хэв хэмжээ, нотлох баримт дээр тулгуурладаг зүйл шүү дээ. Энэ олон телевиз радиогийн хажуугаа цаасан хэвлэл гэдэг бол хэзээ ч хуучрашгүй юм. Миний хувьд шүлэг бичихийн хажуугаар “Ноцтой мэдээ” гэх сонинг эрхлэн гаргадаг. 20 жил болсон байна. Дээрээ ноёнгүй, дэргэдээ албадгүй гэдэг шиг чөлөөт хэвлэлээ эрхлэн гаргаж, ажиллаж байна.
-Таны хувьд өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүнтэй таарамжгүй харилцаатай байгаа харагдсан. Энэ асуудал ер нь юу болсон бэ? 
-Европ явахын өмнө Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хэд хэдэн удаа очиж байцаалт өгсөн. Г.Батбаяр л надтай холбоотой гомдол гаргасан юм байна. Тэр 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг өмөөрч хэдэн үг хэлснээсээ болоод цагдаад дуудагдаад явж байна.
Гэтэл энэ Г.Батбаяр гэдэг хүн чинь өөрөө тийм ч шударга нэгэн биш шүү дээ. Ер нь мөнгөтэй чадалтай хүмүүс чинь сул дороо нэгнээ их дээрэлхдэг юм байна. Миний хувьд чадал муутай хүүхдүүдэд эр бяраа гаргаад байгаа Г.Батбаяр гэгчийг шалгаад судлаад үзсэн л дээ. Тэгсэн маш ноцтой асуудлууд ихээр гарч ирж байна. Ийм алдаа дутагдал ихтэй хүн яагаад хуульч хийж бусдыг өмгөөлөөд явааг ойлгохгүй юм. Надад цугларсан баримтаар энэ хүнийг хуульч хийх чадамжгүй хүн юм байна гэх ойлголтод хүрсэн. Анх миний эрхлэн гаргадаг “Ноцтой мэдээ” сонинд Г.Батбаярын тухай мэдээлэл гарч байлаа. Үүний дараа түүнтэй холбоотой асуудлаар олон хүн надтай холбогдож залилуулсан, мэхлэгдсэн гээд олон төрлийн мэдээ, мэдээлэл өгч байна.
20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбар ажиллаж, бор зүрхээрээ яваа энэ үед Г.Батбаяр гэх хүн гэнэт гараад ирлээ. Би аливаа мэдээллийг нотлох баримт дээр тулгуурлан бичдэг. Харин Г.Батбаяртай холбоотой нотлох баримтууд байхад л тэр хүн намайг гүтгэлээ гээд яриад, гомдоллоод яваад байна. Хэрвээ түүн дээрээ тулвал надад байгаа нотлох баримтуудыг цааргалалгүйгээр дэлгэх болно гэж бодож байгаа.
-Жишээ нь ямар баримт байх уу?
-Надад энэ хүнтэй холбоотой маш олон баримт байна л даа. Танихгүй ч гэсэн бүгд мэддэг гэж үг байдаг биз дээ. Үндэслэлгүйгээр нэг хувийн эмнэлгээс мөнгө нэхэмжилсэн асуудал нь байна. Энэ асуудлыг нь дэлгэж болж байна. Г.Батбаяр гэдэг хүн энэ эмнэлэгтэй холбоотой асуудлынхаа талаар өөрөө сайн мэдэж байгаа. Бас “Тэнгис” кино театр орчимд газрыг өмгөөлж байгаа нэртэй хувьдаа зараад идчихсэн гэх асуудлуудыг надад хүмүүс хэллээ. Хүнийг өмгөөлнө гэж төлбөр авчихаад зугтаад алга болсон, бусдыг үндэслэлгүйгээр гүтгэсэн гээд янз бүрийн асуудлууд гарч ирсээр байна.
Өөрийгөө “Тэрбумтан өмгөөлөгч” гэж зарлаад тэгснээ намайг гүтгэж доромжиллоо гэж мэдэгдэл хийгээд явж байхыг нь харсан. Татварын газраас шагнал авч байгаагаа зарлачихсан мөртлөө хүмүүс намайг гүтгээд байна гэж мэлзэх нь ёс зүй мөн үү. Энэ болгоныг нь эрэн сурвалжилж олж, гаргаж, бичнэ гэж төлөвлөсөн. Ер нь Г.Батбаяр гэх хүнтэй холбоотой ноцтой мэдээллүүд барагдахгүй их юм байна. Зөвлөлтийн их яруу найрагч, Нобелийн шагналт Иосиф Бродский “Эр хүн болгонд эрүүгийн хавтаст хэрэг бий” гэж шүлэглэсэн байдаг юм. Үүн шиг ухаад байвал Г.Батбаяртай холбоотой баримтууд цуглараад л байх шинжтэй. Яасан арвин түүх намтартай хүн бэ тэр өмгөөлөгч Г.Батбаяр гэгч. Баримт цугларах бүрт энэ хүнийг хүн өмгөөлөгч нь битгий хэл хүний өмнөөс хууль яриад сууж байх ёс зүйн чадамжгүй нэгэн юм байна гэдгийг л эцсийн эцэст ойлголоо. Ийм хүн 29 дүгээр сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг доромжилж бах таваа хангахаас ч аргагүй ёс суртахуунтай хүн юм даа гэсэн дүгнэлтэд хүрчихээд сууж байна.
-Танд Г.Батбаяртай холбоотой хувийн өс хонзон байна уу. Яагаад энэ хүнийг ингэтлээ судлан бичээд байна вэ?
-Би энэ хүнийг  Монголчуудын нэгэн адил зурагтаар л барааг нь харсан. Түүнээс энэ хүнийг би танихгүй. Тэгэхээр хувийн өс хонзон гээд байх зүйл байхгүй нь ойлгомжтой байгаа биз. 29 дүгээр сургуулийн захиралтай нийлчихээд “наад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чинь бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гэж хэлснийг нь сонсоод их дургүй хүрсэн. Тэгээд энэ хүүхдүүдийг өмгөөлж, хамгаалья гэж бодсон. Г.Батбаярын хувьд эрх мэдэлтэй хүмүүсийг өмгөөлж хамгаалах дуртай нэгэн юм байна лээ. Эндээс даамжираад Г.Батбаяртай хамааралтай туг.мн гэх сайт дээр  намайг удаа дараа доромжилж бичсэн байсан. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг биз дээ. Тэгээд л би энэ Г.Батбаяр гэгч ямар учиртай хүн бэ, туг.мн гэх сайт нь хэнийх вэ гээд судлаад үзтэл Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын холбоо харилцаа гаргаад ирсэн юм. Энэ бол наад захын жишээ буюу зөвхөн мөсөн уулын орой л юм.
-Та өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүнтэй уулзаж үзсэн үү?
-Уулзаж ярилцаж үзээгүй. Ёстой барааг нь ч олж харж чадаагүй. Нөгөө амьдаар нь харна гэдэг шиг амьдаар нь ч харж үзээгүй зурагтаар л харсан. Хүмүүст ял оноогоод сууж байдаг, улсын яллагч юм уу л гэж бодогдоод байгаа юм.
-Тэгээд тантай ганц ч уулзаж үзээгүй хүн цагдаагийн байгууллагад юу гэж гомдол гаргасан байх уу. Намайг гүтгэж бичлээ гэж үү?
– Эхнийх нь нийслэлийн прокуророор хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болсон хэргийнх нь материалыг би авч, бичсэн. “…Энэ хүн авлигатай тэмцэх газрын байцаагчийг хахуульдана гэж үйлчлүүлэгчээсээ мөнгө аваад зугтсан. Энэ хэргийг нь цагдаа дээр шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Энэ хүн бол залилан хийсэн нь тогтоогдож байна …” гээд л бичсэн. Энэ бол нотлох баримттай зүйл. Хоёр дугаарх асуудал нь болохоор туг.мн гэдэг сайтын Б.Ариунтуул гэх бүсгүйн бичсэн мессежийг үндэслэн “Г.Батбаяр гэгч этгээд гэр бүлээс гадуур явдалтай, ёс зүйгүй нөхөр байна шүү. Өөрөө ёс зүйгүй хүн байж хүнийг өмгөөлж, хамгаалах нь зөв үү” гэдэг талаас нь бичсэн. Тэр Б.Ариунтуул гэдэг хүүхнийх нь бичиж байсан мессежийг би бас цагдаад өгсөн. Энэ ч бас нотлох баримттай байгаа биз. Гэтэл нотлох баримттай асуудлууд дээр л “намайг гүтгэлээ” гээд ичих ч үгүй дайрах чинь муухай. Ядаж ичих нүүрэй баймаар юм. Хүн чинь ичихээр хацар нь улайдаг биз дээ. Улайх хацаргүй болчихсон юм уу хаашаа ч юм тэр Г.Батбаяр, Б.Ариунтуул нар. Тэгээд ч бас болоогүй. Миний хувьд 20 гаруй жил хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө гэр бүл, үр хүүхдээ тэжээж байна.  Гэтэл Г.Батбаяр гэх хүн ямар замаар олоод байгаа нь мэдэгдэхгүй асар их орлогоор хэд хэдэн эхнэр давхар тэжээгээд явж байна шүү дээ. Шинэхэн байгуулагдсан Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын сайтад миний 20-оод жил ажлаад олж хараагүй их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хэд хэдэн удаа орсныг нотлох баримт ч бас байна. Тэгэхээр энэ хоёр хүн нийлээд юу хийгээд явдгийг нь олж илрүүлэх шаардлагатай болчихоод байна. Энэ л миний мэргэжил шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
 
А.Аюуш

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …