Сирийн армид химийн цэргийн анги салбар гэж байгаа. Хими хамгаалалтын салаа, суман, батальон, хороо лав бий. Энэ арми Зөвлөлтийн цэргийн хуучин байгуулалтаар өнөөг хүртэл яваа учраас тэгж тааж болно.
Дамаскийн дорнод хэсэг химийн атакт өртсөн “2013.08.21”-нд үдийн алдад Сирийн БХЯ руу нэгэн сандруу нөхөр утасдаж, мэдрэл алдуулах хий агаарт цацагдсаныг тайлбарлан өгөхийг шаарджээ. Тэрээр хими хамгаалалтын ангиас залгасан мэргэжлийн офицер байсан ба утасны энэ яриаг америкийн тагнуулын алба замаас нь барьж авч сонссон юм байна. Тэрхүү яриа дараахан нь Башар аль-Асадын дэглэм Дамаскт өөрийн ард түмэн дээрээ химийн зэвсэг туршсан гэх зэмлэлийн үндэс болжээ. Cable сайтын мэдээлснээр, тэр офицер, БХЯ-ны дунд болсон ярианаас хэдэн хэд хэдэн ээдрээтэй асуудал ургаад ирж.
Тэрээр тэглээ ингэлээ гэж яамандаа илтгэсэн нь үүргээ гүйцэтгэчихсэн цэргийн хүний илтгэл байж болох, эсвэл дэглэмийн томхон гар орсон тусгай ажиллагааг тэр офицер асууж тодруулсан байж болох. Cable сайтад өгсөн ярилцлагадаа америкийн тагнуулын албаны түшмэл хэн хариуцлага хүлээхийг бүү мэд, юу болсон нь тодорхойгүй байна гэснийг бодохул сирийн арми яг тэгчихлээ гэдэгт бүрэн итгэхгүй байгаа ч юм шиг.
Сүүлдээ олон салаалсан таамгууд гарч ирлээ. Сирийн арми дахь хэн нэгэн генерал өс санаад эртнээс бэлтгэсэн ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэв гэв. Эсвэл Асадын Засгийн газар буруу тооцоолоод, алдаад тэгчихэв гэв. Хэн тэгснийг бүү мэд болж хувирав. Гэхдээ л тэнэг балмад явдал болох нь болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрөв. Орон нутгийн эмч нарын ярилцлага, видеокадрууд бэлээхэн хэлээд өгөв. Сирийн дэглэм аяндаа буруутнаар тодорлоо. АНУ-ын Засгийн газрын бүх гишүүн Асад буруутай гэсэн боловч шууд нотлох баримт нотлогоо байхгүй тул хий л хараагаад байх нь тэр. Ингээд алтан стандарт гэдгээрээ энэ хэргийг нотлохоор хэдэн өдрийг алдав. Тэр стандарт гэдэгт нь ул мөр, цус, үс, бусад загвар болох зүйлс ордог аж. Бас ч үгүй бүгд нууцлалтай. Энэ хэргийг НҮБ-ын шинжээчид гүйцэтгэх ёстой. Сүүлдээ НҮБ-ын баг ч бараг хэрэггүй, нотлох баримт хангалттай байна гэсэн мэдэгдэл Цагаан ордноос цухалзав.
Гэтэл Дорнод Дамаск ороод ирсэн олон хүн, НҮБ-ынхан хүртэл хачин асуулт тавьж эхэллээ. Яг химийн зэвсэг хэрэглэсэн юм уу гэх асуулт. Химийн зэвсгийн мэргэжилтнүүд хэдэн өдрийн турш Дамаскийн Гут районоос авсан видео бичлэг, гэрэл зургийг мөлжив. Судалж судалж ухаан алдуулж мэдрэл гэмтээх зарин маягийн хий цацсан байж магадгүй гэх дүгнэлт гараад ирлээ. Бас дэлбэрч амжаагүй сум юм уу, пуужингийн толгой олдож эл дүгнэлт нотлогдох тийшээ эргэв.
Хэн түүнийг тэгж байлдаанд хэрэглэв гэдэг дээр дэлхийн хамтын нийгэмлэгт томхон маргаан дэгдлээ. Сирийн иргэний дайнд мэдээж гаднаас түүнийг буудаагүй, дотоодоосоо л гэмтнийг хайхаас аргагүй. Асад болон түүнийг хамгаалагч Иран, Орос хоёр сөрөг хүчин рүү нь заалаа. Гэтэл телефоны ярилцлага яалт ч үгүй Сирийн Засгийн газрыг заагаад байдаг. Ард түмэн дээрээ химийн зэвсэг хэрэглэсэн цэргийн гэмт хэрэгтэн Асадыг цээрлүүлэх шаардлага өрнө, дорногүй цууриатлаа. Дорно гэдгийг би Арабын орнуудаар хэлж буй хэрэг. Ийм гэмт хэрэг цээрлэлгүй өнгөрч болохгүй нь мэдээж!
Гэтэл Москвагаас жинтэй хариу үг цууриатлаа. Асадад нааж буй зэмлэлийг Ерөнхийлөгч Владимир Путин амнаас гаршгүй тэнэг яриа гэв.
-Сирийн арми давшилтад орж байгаа тухай ярьж байхад Засгийн газар нь химийн зэвсэг хэрэглэлээ гэх нь амнаас гаршгүй тэнэг яриа.
-Сирийн Засгийн газрын цэрэг давшиж байна. Зарим бүс нутагт тэд босогчдыг бүсэлчихлээ. Ийм нөхцөлд гаднаас цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг байнга уриалан дууддаг хөзрөө дэлгэж байна. Энэ бол зүйрлэн хэлшгүй тэнэг явдал.
-НҮБ-ын байцаагчдын тэр нотлогоог АНУ бидэнд үзүүлэл дээ. Тэдэнд тийм нотлох баримт байгаа юм байна. Тэр нь нууц юм байна. Түүнийг хэнд ч танилцуулахгүй гэж байна. Хэн ч түүнийг шүүмжилж болохгүй гэнэ. Энэ бол түнш, олон улсын оролцогчдыг үл хүндэтгэсэн хэрэг бус уу?
Барак Обамаг Нобелын Энх тайвны шагналтан болохыг Путин цааш нь сануулаад Сиритэй дайтахыг яарахгүй байхыг уриалав.
-АНУ нэг бус удаа зэвсэгт мөргөлдөөний санаачлагч боллоо.
-Ингэлээ гээд ганц ч асуудал шийдвэрлэж чадсан уу: Афганистан, Ирак, Ливан?
-Тэнд нь амгалан тайван байдал ч алга, бүр ямар ч ардчилал алга.
-Манай түншүүдийн хүсээд байгаа наад захын иргэний энх тайван, тэгш байдал тэнд алга.
-Сирийн асуудлыг 2013 оны 9 дүгээр сарын 5, 6-нд Санкт-Петербургт G20 бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэе л дээ!
Путиныг залгаад Гадаад хэргийн сайд Сергей Лавров: үнэмшилтэй ямар ч баримт нотлогоо алга хэмээн Вашингтоны хаягаар мэдэгдэв. Путиныг энэ алдарт уриалгаа дэвшүүлж байх хойгуур Асадыг буруушаах баримтууд өрнөдөд уван цуван гарч ирсээр л байв.
Мөн радикал исламистууд ч хэрэглэсэн байхаас буцахгүй гэх сэжиг таамаг цухалзав. Францын парламентын депутат Николь Дюпон-Энян ийм байр суурьтай нэгэн аж. Францын Засгийн газар Сирийн талаар шийдвэр гаргах бол исламист радикалуудыг буруушаасан шийдвэр хамтад нь гаргаасай хэмээн тэрээр уриалав.
“Саудын Арабт үйлдвэрлэв” гэх шошго бүхий баллон, хамгаалалтын бээлий босогчдын хонгилоос олдлоо гэж мэдээ тарсны дараа сирийн арми энэ хэргийг исламист бүлгүүдэд эргэлтгүй тохжээ. Химийн зэвсгийн хэрэгт лалын бүлгүүд оролцсон байх тун магадлалтай хэмээн нэлээд тооны судлаач аналист, улс төрчид үзэж байгаа юм байна.
Францын эх сурвалжийн мэдээлснээр, Николь Дюпон-Энян мэтийн хүмүүст оросын хиймэл дагуулаас авсан зураг байгаа гэнэ. Тэр зургаар бол химийн зэвсэг бүхий сумыг Сирийн эрх чөлөөт армийн хяналтад байсан бүсээс харвасан болж таарлаа. Харин энэ зургаа Орос дэлхий нийтэд дэлгэхгүй, зөвхөн НҮБ-д л танилцуулсан, тэр нь хоёр сум харваж байсан зураг, гэтэл НҮБ-ын шинжээчид цохилт өгсөн газрын 7 ул мөр байна гээд байгаа нь эргэлзээ төрүүлмээр. Хоёрхон сумаар тийм их хохирол учруулчихна гэдэг нь ч эргэлзээтэй.
Нэгэнт л исламист отрядууд химийн зэвсэг хэрэглэсэн нь хөдлөшгүй тогтоогдсон юм бол Сирийн тал НҮБ-ын шинжээчдийг тэр газар руу очуулахгүй 5 хоног тэднийг уях хэрэг юу байсан юм бэ гэх асуулт бас босч ирж байна. Исламистууд ийм атак сэдлээ хэрэгжүүллээ, тэгээд бүх бурууг Засгийн газарт нь тохоод америкийн интервенцийг даллан дуудсан гэх нь логикийн хувьд авцалдаа муутай. Учир нь:
1)Тэд өрнийнхнийг оролцоод аль гэж огтоос хүсээгүй, илэрхийлээгүй. Хэрэв өрнийнхөн оролцоод бүр ялаад эхэлбэл исламистууд эгнээгээ тэлэх, хань хамсаатнаа эслүүлэх, хар хэргээ үргэлжлүүлэх боломжгүй болно. Жабхат ан-Нусра-гийн хэрэг байхгүй болно.
2)Хэрэв исламистууд тийм операц хэрэгжүүлсэн бол очиж очиж энгийн иргэд дээр, тэгэх тусмаа өөрсдийнхөө шашин нэгт суннит оршин суугчид дээр бус, дэглэмийг хамгаалан тулалдаж буй цэргүүд дээр, үзэж чаддагүй тэр алавит шашинтнууд дээрээ хэрэглэхгүй яасан юм бол? Алавит тосгоны олон зуун иргэнийг ганц амьсгаагаар хядчихдаг сирийн исламистууд юу ч бодолгүй тэр химийн зэвсгээ харвачихмаарcaн.
Францын Le Journal du Dimanche сонин өөр нэг, тэс ондоо баримт дэлгэж байна. Юу гэвэл 25 жилийн турш Сири өөрийн химийн зэвсэг бүтээх программ гэгчээ хэрэгжүүлж иржээ. Сирийн эсрэг байлдааны ажиллагаа гарцаагүй хийгдэнэ, тэр нь ч зөв байх болно гэдгийг үндэслэлтэй болгох гэж францын тагнуулын албаны нууц мэдээллээс тус сонин эшлэжээ. Гадаад аюулгүй байдлаас ерөнхий газар (DGSE), Цэргийн тагнуулын газар (DRM) хамтран америкийн түнштэйгээ зөвшилцөн дараахи дүгнэлтийг хийсэн байна.
1)Дамаскийн дүүрэг хотод химийн атак 2013.08.21-нд хийсэн нь гарцаагүй. Түүнийг Засгийн газрын цэрэг үйлдсэн;
2) Сирийн эрх баригчид хүн амаа айлгахын тулд сануулга болгож химийн зэвсэг хэрэглэсэн;
3) Энэ атакийг зөвлөлтийн “Град” хэмээх тийрэлтэт зэвсгийн системээр үйлдсэн;
4) Дараа нь ул мөрөө баллахын тулд хэргээр их буугаар ширүүн галласан.
Францын тусгай албаны мэдээллээр, Сирийн химийн зэвсгийг нөөц нь дэлхийд томдоо ордог, 1000 гаруй тонн бэлэн зэвсэгтэй, Асадын дэглэм түүнийгээ устгах ямар ч төлөвлөгөөгүй, химийн зэвсэгтэй болоход нь Орос эхлэн туслалцаа үзүүлсэн, дараа нь дотоодын хүч нөөцдөө тулгуурлан тасралтгүй үйлдвэрлэсэн, одоо Сирийн нутаг дэвсгэрээр бүхэлдээ химийн зэвсгийн үйлдвэрийн объектууд тархан байрласан байдалтай байгаа аж.
Түймрийг бензинээр унтраадаггүй юм гэх санаагаар оросын зарим судлаач анхааруулга өгөөд байгаа нь оргүй зүйл биш нь францын энэ мэдээллээс тодорхой харагдав уу хэмээн би үзэж байна. Агаараас цохилт өгөөд чухал гэж үзсэн объектуудыг устгачихдаг, химийн зэвсгийн асар их, том дэлбэрэлт болоод нийт бүс нутагт агаар салхиар тархдаг, төсөөлөшгүй! Ойрхи Дорнодын бүх улс үндэстэн нэг насаараа хорт утааны баг зүүгээд явах нээ? Хэлэх үг үнэндээ алга!
Тэгвэл Сирийн талыг баттай баримтлагч Ираны тайлбарыг сонсоё. Миний таньдаг хүн шиг байгаа юм. Хэвлэлд “Ираны ГХЯ-ны төлөөлөгч” гэж дурдаад байна. Тегеранд намайг уулзаж байхад ЛБНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд доктор Сеид Аббас Арагчи гэж танилцуулж байсан л даа. Тэрээр Сирийн талаар мэдэгдэл хийжээ.
-Хэрэв Сири рүү Америк халдвал тэр нь бүх бүс нутгийн мөргөлдөөнд хүргэнэ.
-Бид өрнийнхөнд хандаж анхааруулж байна. Сири рүү цэргийн хүч хэрэглэхээсээ татгалзаач ээ гэж.
-Үр дагавар нь үнэхээр ноцтой шүү. Сириэр хязгаарлагдах юм биш. Энэ хүндрэл чинь бүх бүс нутгийг хамрана гэжээ
Асадыг буруутгах хөдлөшгүй нотлогоо байна хэмээн Жон Керри мэдэгдсэний яг дараахан нь Тегеранаас ийм мэдэгдэл хийжээ. Химийн зэвсэг хэрэглэснийг Арагчи буруушаасан. Гэхдээ хэн нэгэн нөхөр ямар нэгэн нөхцөлд тэгсэн байна гээд АНУ, түүний холбоотнууд Сирид цохилт өгөх аян шалтаг болгож байгаа бол тэр чинь буруу хэмээн Арагчи хэлж байна. Түүнийхээр бол химийн атакийг террорист бүлгүүд хийсэн аж.
Дамаск хотын ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн эсэх дээр Жон Керри тов тодорхой, өөртөө итгэлтэй дүгнэлтээ гэнэт гаргаж ирэв. Тэр нь:
-Атакийн явцад 1429 хүн, түүний дотор 426 хүүхэд алагджээ.
-Химийн зэвсгээр зэвсэглэсэн сирийн армийн бие бүрэлдэхүүн гурав хоногийн өмнөөс тэр атакад бэлтгэжээ.
-Химийн атак хэрэглэжээ гэх мэдээлэл тарахаас цаг 30 минутын өмнө Засгийн газрын цэрэг байрлалаа эзэлж, их буугаа сумлаж байсан нь хиймэл дагуулын зурагнаас тодорхой байна.
-Мэдрэл алдуулах химийн хоронд хүмүүс хордсон шинж тэмдэг 100 видео бичлэгээс тодорхой харагдлаа.
-Химийн зэвсэгтээ ихээхэн санаа зовж, НҮБ-ын байцаагчдын өмнө шившгээ хутгах нь хэмээн өндөр албаны нэг нөхөр Дамаскт ярьж байсныг нь замаас нь сонслоо.
-Бүх баримт нотлогоо Вашингтонд байна. НҮБ-ын байцаагчид зарчмын шинэ баримт нотлогоо дахиж олж чадахгүй гэв.
Их ба бүс нутгийн гүрнүүдийн маргаан дунд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскийн гаргаж ирсэн тайлбар нэн сонирхолтой ба ноцтой. Тэрээр химийн атакийг хариуцлагыг шууд Орос руу тохсон байх юм.
Сири химийн зэвсгийн нөөцтэй байгаад Орос буруутай, СССР-ийн тусламжтайгаар Сири химийн зэвсгийн сантай болсон, тэгэхээр тэр зэвсэгт Орос л хяналтаа тогтоох ёстой гэж үзэж байна гэв. Гэхдээ Польш Сирийн эсрэг цэргийн операцад оролцохгүй, Ерөнхий сайд Дональд Тускийн хэлснээр, энэ улс дахь гэмт хэргийг зэвсэгт халдлага үйлдээд зогсоочихно гэж бодохгүй байгаа.
Есдүгээр сарын 1-нд Reuters агентлаг өөр нэг мэдээ уламжлав. Сири дэх химийн атакийн явцад зарин хэрэглэсэн болохыг нягтлан тогтоов хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ. “Сүүлийн 24 цагийн хамгийн чухал мэдээ” гэж нэрлэж байгаад энэ үгээ хэлжээ. Зурагтын NBC сувгаар тэрээр ярихдаа, шинжилгээний дүнд зарины ул мөр илрэв, одоо Башар Асадыг цээрлүүлэхэд саадгүй боллоо, конгресс шийдвэрээ гаргахад болохгүй гэх газаргүй гэв. Залгаад Францын Гадаад хэргийн сайд Мануэль Вал үг хэлэв.
Тэрээр АНУ-ын шийдвэрийг хүлээж байна, Франц ганцаараа эзэн мэдэж шийдвэр гаргахгүй гэв. Залгаад олон улсын хүний эрхийн байгууллага мэдэгдэл гаргаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Олон улсын эрүүгийн шүүхэд хандан Сирид зэвсэг нийлүүлэхэд хориг тавих, Сирид хүний эрх зөрчиж байгааг шалгуулахаар тийш нь олон улсын ажиглагчдыг илгээхийг уриалав.
Энд олон өнцгөөс гаргаж ирсэн тайлбар, үндэслэл, мэдэгдлээс эшлэлээ. Хэн нь ч яг буруутан болох нь тодорхойгүй байсаар дараагийн сценар руу орох боллоо.
Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)