Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Нарлагийн хэсэгт оршин суух 15 айл өрхөд тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн Засаг даргын орлогч, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын үйлдвэрлэл ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2-р хорооны эдгээр айлуудын амьдарч буй газраас 100-гаад метрийн зайд 3-4 жилийн хугацаанд хууль бусаар нүүрс олборлосноос болж газрын доогуур хөндий үүсч, тэдний амьдарч буй хашааны газар хагарч, ан цав үүсч, улмаар цөмрөлт явагджээ.
Дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг хэлэхдээ “Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн удирдлагууд 2017 оны хоёрдугаар сараас эхэлж дөрөвдүгээр сар хүртэл гар аргаар алт олборлогчидтой уулзаж, нүүрс олборлож байсан 16 амыг хааж булсан. Налайхын уурхайд 1200 гаруй хүн 120-140 ам цооногт нүүрс олборлож байгаа. Засаг даргын 25 тоот захирамж гаргаад, хууль бус гар аргаар нүүрс олборлож байгаа иргэдээ Засгийн газрын 308-р тогтоолын дагуу нөхөрлөлийн гэрээгээр ажиллуулах, албажуулах арга хэмжээ авч ажиллуулж эхэлсэн. Бид газрын зөвшөөрөлтэй, тухайн газар амьдарч байгаад хохирсон айлуудыг суурьшлын бүсүүдэд шилжүүлэх арга хэмжээ авах боломжтой.” гэсэн юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Мэргэжлийн хяналтын газраас нуранга үүссэн шалтгааныг тогтоож, эрсдэлтэй бүсийг тогтоох хэрэгтэй. Бүсийг аюултай, нэн аюултай, эрсдэлтэй гэж ангилж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт, нэн эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн онгорхой байгаа нүхүүдийг булах ажлуудыг бүгд хамтран зохион байгуулах шаардлагатай байна” хэмээн холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Мөн “Эрсдэлтэй бүсүүдийг тогтоосны дараа тэмдэг тэмдэглгэнүүдээ сайн тавих ажлыг нэн яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.