Улаанбаатар хот маань өвлийн 3 сард Утаанбаатар болдог байсан бол одоо зуны саруудад ч утаанаас салахгүй нөхцөл байдалтай боллоо. Өнөө өглөө хоолой хорсгосон түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхсэн байдалтай байна. Онцгой байдлын Ерөнхий газрын мэдээлснээр Сэлэнгэ аймагт 8, Төв аймагт 5, Булган аймагт 2 газар ойн түмэр гарч хэзээнээс хойноосоо салхилдаг Улаанбаатар хотыг түймрийн утаа бүрхжээ.
Монголчууд сошл-аар дамжуулан өөр хoорондоо нэгдэж хандив цуглуулж, бүр түймрийг унтраахаар иргэд зохион байгуулалтанд орж хөдөлж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй олон түмний энэ үйл бол мэдээж сайн хэрэг.
Гэвч бид “гүндүүгүй монгол” араншингаар хэд хэдэн зүйлийг мартжээ.
Юуны өмнө түймэр хаанаас үүсэв. Энэ жил Монгол улсын ихэнх газруудаар хуурайшилт ихтэй, ган нүүрлэсэн байдалтай байгаа.
Улаанбаатар хотын аль хэсэгт хэдэн ч цагт ч авто машины түгжрээ үүсэхгүй хэмжээнд хүрсэн наадмын дараах энэ өдрүүдэд унаатай машинтай нь машинаа хөлөглөж, унаагүй нь нэг нь бусдын унаа тэргэнд дайгдаж, бултаараа амарч зугаалахаар хөдөө орон нутгийг зорьжээ. Ёстой л нөгөө “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” гэдэг шиг орон нутаг руу бүгд шахуу тэмүүлцгээдэг. Эх байгалийн үзсгэлэнт газруудаар зорчин, сошлаар зургаа оруулах зугаалагчдын хэд нь байгальд хогоо хаяхгүй уутлаад явах, түлсэн гал, түүдгийнхээ үнс нурмыг бүрэн унтраах ухамсартай байгаа бол…
Амарч үдлэсэн газраа хогоо цацаад үлдээх, овоолоод орхих, түлсэн галаа тэр хэвээр нь үлдээх байдлаа та бид “гүндүүгүй монгол” зан гэж өөрийгөө хуурч аргацаах.
Мөн байгалийн цогцолбор газруудад тавих орон нутгийн хяналт энэ тал дээр эрс үгүйлэгдэж байна. Хуулиар бол тухайн орон нутгийн ИТХ шийдвэр гарган орон нутгийнхаа хэмжээнд мөрдөх татвар хураамж авч болдог.
Үүнтэй холбоотой хэд хэдэн санал дэвшүүлье. Орон нутгийн удирдлагууд боломжтойг нь авч хэрэгжүүлнэ биз. Саяхан сэтгүүлч миний бие олны жишгээр Элсэн тасархай, Хархорин, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур зэрэг газруудаар аялаад ирлээ. Эдгээр газрууд хэдийнэ дотоодын аялал жуулчлалын бүс гэж хэлж болох түвшинд хүрчээ. Гэвч энд хогийн цэг, бие засах газар, хяналт илт үгүйлэгдэж байна.
Зам харгуй хөгжиж, хар замаар давхиад очиж болох эдгээр газруудыг дотоодын аялагчид том жижиг гэлтгүй өөрсдийн машина унаагаараа хэдийнэ зорих болжээ. Орон нутгийн зүгээс нуурын эрэг даган хаяа дэрлэн буудалласан аялагчдын майхан, машин бүрээс тодорхой хэмжээний хураамж авч, тэрхүү хураамжаараа 200-300 метр тутамд бие засах газар барих, хогийн цэгүүдийг ойрхон байршуулах, цугларсан хогийг нь тээвэрлэх, ил задгай хог хайхгүй, бие засахгүй байх, гал түлсэн тохиолдолд заавал унтраах тухай сануулга, мөн торгууль ноогдуулах тухай анхааруулга самбарууд байрлуулах, энэ бүхнийг хариуцсан хяналтын ажилтанг мотоцикл унаагаар ханган цалинжуулан ажиллуулах зэргээр орон нутгийн шинжтэй зохион байгуулалтын ажлуудыг хийж болмоор санагдана.
Нэгэнт амрахаар хаа холоос тэр газрыг зорьж очсон улс хэдэн төгрөгийн хураамж төлөөд, орон нутгийн захиргаанаас тавьсан шаардлагын дагуу аятай амрахад юун татгалзах билээ.
Ингэд чадвал байгаль орчинд ил задгай бие засах, хог хаях, гал түймэр тавих асуудал эрс багасна гэж хэлэх гээд байгаа юм.
Дараагийн асуудал бол бид асуудал өрнөнгүүт сандарч тэвдээд, хандивын аян өрнүүлдэг байдал. дээр хэлсэнчлэн оо хээрийн түмэр гарсан газруудруу очин түмэр унтраах аянд нэгдэх, хандив өргөх нь эх оронч сэтгэлийн илэрхийлэл мөн хэдий ч энэ асуудлыг зохицуул гэж бид төр засгийг байгуулсан шүү дээ. Зүй нь бол төр засаг ажлаа хий, түмэр унтраах асуудалд салбарын сайд анхаар гэж иргэд та бид шаардлага тавих нь чухал болохоос ой хээрийн гал түймрийн тухай “А” ч мэдлэггүй иргэд сэтгэлийн хөөрлөөр голомтын бүсэд очоод эрсдэх аюул бийг анзаарах сөхөөтэй хүн байна уу. Энэ нөгөө л “Гүндүүгүй монгол” араншингийн илрэл бизээ.
Төр засаг том хэмжээний ойн түймрийг унтраахад зориулан тодорхой арга хэмжээ авч ажиллах ёстой. Үүний тулд зориулалтын гал унтраах онгоц авах, техник хэрэгсэл, хүн хүчээ хувиарлах нь төрийн үүрэг. Харин иргэд та бид төрийн албан хаагчдыг шахаж шаардаж ажлыг нь хийлгэх нь чухал.
Ц.Мөнх