Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 9. Ангараг гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр.
Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.