УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “60 тэрбум”-ийн бичлэгийг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа гэдгийг баталж, одоогийн МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. МАН дотор нэгэнтээ хариуцлага тооцох механизм ажлаад эхэллээ гэж хэлж болохоор байна.
НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өчигдөр өргөн барьсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа мэдээлэл цацагдаж эхлээд байна. Одоогоор хэн хэн энэ бичигт гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 31 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан гэнэ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. Хэрвээ 38-д хүрвэл УИХ дахь АН-ын гишүүдээс дэмжлэг авах шаардлагагүйгээр дангаараа Засгийн газраа огцруулах нөхцөл бүрдэх юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ирэх даваа гарагт Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа гэв.