Ц.Насантогтох: Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харах хэрэгтэй

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан ажил үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох “Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах “ЦАГААН ХАД” гаалийн хяналтын бүсийг 2006 оноос Гашуун Сухайт боомтоор Таван толгойн нүүрсний уурхайн экспортод зориулж бий болгосноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Засгийн газраас урьдчилан мэдэгдэлгүйгээр , орон нутгийн иргэд, компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр зогсоох шийдвэрийг гэнэт гаргасан нь буруу шийдвэр болсон байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, урган гарах эдийн засгийн үр дагаврыг тооцоолон, шийдвэрээ гаргах ёстой атал Засгийн Газар илт хууль бус, үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргасан. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байна” гэв.

“Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтохоос дараах зүйлийг тодрууллаа.

-Цагаан хад гаалийн хяналтын бүсэд хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ? 

-Энэ гаалийн хяналтын бүсэд  үйл ажиллагаа явуулах 27 аж ахуйн нэгж  зөвшөөрөл авсан байдаг юм. Одоогоор байдлаар 22 аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. Мөн Хайрхан багийн гурван мянган иргэн, зорчигч хөдөлгөөнтэй  зургаа мянган  иргэн, 10 шатахуун түгээх станц, 80 орчим хүнсний дэлгүүр, 200-250 гэр, цайны газар, зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн 21 аймаг болон  нийслэлийн 10 мянган жолооч нар ажиллаж байгаа. Ер  нь бол Засгийн газар тэнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж компаниуд, иргэд оршин суугч нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал бодлыг сонсох, иргэдээ ажилтай орлоготой байлгах, үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад учирч болох хохирол эрсдэлийг тооцоолох, Монгол Улсад үлдэх нэмүү өртөг татвар зэргийг тооцоолох ёстой.

-Та нар Засгийн газарт энэ асуудлаар хандсан уу ?

-Орон нутгийн засаг захиргаа, аймаг сумын зүгээс энэхүү шийдвэр маш буруу гэсэн байр суурьтай байгаа.  Засгийн Газарт саналаа хүргүүлсээр байтал хэний эрх ашигт нийцсэн ийм шийдвэр гаргаж буй нь ойлгомжгүй байна. Ерөнхий сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Гаалийн ерөнхий газрын дарга зэрэг эрх бүхий албан тушаалтнууд 2017 оны хавар тус бүс нутагт газар дээр нь танилцан, зарим асуудлыг шийдвэрлэсний дотор цахилгаанаар хангах асуудлыг шийдвэрлэж зураг төсөл нь бэлтгэгдэж холбоход бэлэн болоод байсан. Гэтэл гэнэт эсрэгээр шийдэх болсонд гайхаж байна. Одоо орон нутгийн иргэдийн гарын үсэгтэй шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ. 

-Одоо нүүрсний тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байна вэ? 

-Одоогийн байдлаар нүүрсний тээвэрлэлт маш хүнд байгаа. Жолооч нар маш олон хоног оочирлож байна.Нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дараалал, олон хоногийн тээвэрлэлтийг Цагаан хадыг хааснаар шийдэхгүй. Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачааллыг төвлөрүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол аваарыг харин ч нэмэгдүүлнэ. Уртын урт/Таван толгойгоос хил хүртэлх/тээвэрт жолооч нар удаан хугацаанд амралтгүй явснаас осол аваар гарах гол нөхцөл бүрддэг. Тээвэрлэлт эрхэлж буй жолооч бусад иргэдийн салшгүй хүн ёсны эрх хөндөгдөж байгааг шийдвэрлэх гарц үлдсэнгүй. Хооллох, унтах, бие засах асуудлыг ч авч үзэх ёстой. Аймгийн төсөвт Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүд болон бусад үйлчилгээний салбараас нилээд орлого төвлөрдөг байсан нь зогсоход хүрнэ. Засгийн газрын шийдвэрт тэнд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хохирол зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огтхон ч дурдаагүй байна. Нүүрсний тээвэрлэлтийн цаг хязгааргүй хүлээлт, урт үүссэн дугаарлалт нь уртын урт тээврээс үүдэн гардаг болохоос Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Харин эсрэгээрээ богино тээврийн тоо өссөнөөр дугаарлалт буурах боломжтой юм. Иймээс Засгийн газар энэ шийдвэрээ эргэн харах хэрэгтэй.

Н.Алт


Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …