Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд Нийслэлийн төрийн өмчит улсын цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг цахимаар сонгон шалгаруулах элсэлт явагдсан. Мөн 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг албан ёсоор зохион байгуулсан.
Хүүхэд нь сугалаанд ялсан нь баярлаж, ялагдсан нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй хоцров. Ялангуяа Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, энэ асуудал намрын намарт эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. Ялангуяа хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах нь их сургуульд элсэхээс ч хэцүү байдаг. Энэ жил цэцэрлэгт анх удаа явах хоёр настнуудын дунд онлайн сугалаа явуулж, түүврийн аргаар хүүхдүүдээ сонгосон. Урьд өмнө нь өнжин хонон дугаарлаж, цэцэрлэ-гт хүүхдээ өгдөг байсныг бодвол энэ жил онлайнаар бүртгүүлж азтай нь сугалаанд хожих арай дэвшилтэт арга ашигласан ч, азгүй хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдлээ.
Ингээд цэцэрлэгт орохоор сугалаанд бүртгүүлсэн хүүхдүүдийн 50 хувь цэцэрлэггүй үлдсэн байна. Хэдийгээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-аас баталсан ч үр дүн муутай байгаа. Монгол Улсын хэмжээнд нийтдээ мянга гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин нийслэлийн хэмжээнд 430 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 250 орчим нь улсынх. Үлдсэн нь хувийнх юм байна.
2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны өдрийн 24.00 цаг хүртэл явагдаж дууссан. Харин албаны мэдээнд “Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм” байна.
Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдэж байна. Сугалаанд ялагдсан хүүхдүүд минь яана даа. Бяцхан үрс цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөх нь дээ.
Н.Алт